Узбекистанд эмэгтэйчүүдийн умайн гуурсыг нууцаар боодог байжээ
Узбекистанд ерөнхийлөгч Ислам Каримовын зарлигаар эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь зөвшөөрөл авалгүй умайн гуурсыг нь боож, савын нь авч байсан тухай тус улсын хүний эрхийг хамгаалагчид Их Британийн “The Sunday Times” сонинд мэдэгджээ.
Тэдний баталж буйгаар дээрхи хөтөлбөр 1999 онд эхэлсэн ч ард түмний эсэргүүцлийн улмаас 2003 оноос зогссон байлаа. Каримовыг Ерөнхийлөгч байх хугацаанд нэг эмэгтэй тутмын төрөлтийн дундаж коэффинциент 4.4-өөс 2.5 хүүхэд болтол буурсан аж.
Гэсэн ч энэ нь тус улсын төр засагт хангалтгүй санагдаж, 2010 оны хоёрдугаар сараас эхлэн энэхүү хөтөлбөрийг дахин сэргээхээр болжээ. Энэ талаар “InoPressa” агентлаг мэдээлсэн байна. 2007 онд энэхүү ажиллагааг албан хүчээр хийдэг гэсэн нотолгоог НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороо баримтдаа хавсаргаж нийтэлжээ.
Узбекистаны засаг захиргааны үзэж буйгаар тус улсад төрөлт хэт их нэмэгдсэн гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийн умайн гуурсыг боох, савыг авах замаар жирэмслэлтээс хамгаалдаг болсон аж.
Британийн “The Sunday Times” сонины мэдээлснээр Узбекийн эмэгтэйчүүдийн эмч бүр сард дор хаяж хоёр эмэгтэйн савыг боох буюу авах ёстой. Үүнийгээ гүйцэтгэж чадаагүй эмч нарыг торгох болон хатуу тушаалыг гүйцэтгэхийн тулд эмч нар кесарева хагалгаа хийх үеэр эмэгтэйгээс ямар ч зөвшөөрөл авалгүйгээр умайн гуурсыг боодог.
Түүнчлэн зарим эмэгтэйг хуурч байгаад мэс засал хийн савыг нь авах тохиолдол ч байдаг жишээлбэл, өвчтөнүүдэд киста илэрсэн, яаралгүй авахгүй бол амь насанд аюултай гэж айлгаж байгаад савыг нь авдаг байна.
Хүний эрхийг хамгаалагчдын тооцоолсноор яг ийм маягаар 2010 оны хоёрдугаар сараас хойш 5000 эмэгтэй саваа авхуулах буюу умайн гуурсаа боолгожээ. Харин Узбекистаны засаг захиргааны өвчтөнүүдийн зөвшөөрөлгүйгээр савыг нь авдаг тухай хүний эрхийг хамгаалагчдын хэлснийг үгүйсгэж байна.
Москва дахь Узбекситаны Элчин сайдын яамны төлөөлөгч Британийн хэвлэлд “эдгээр эмэгтэй бүгд өөрсдөө зөвшөөрсөн” хэмээн мэдэгджээ. Энэхүү ноцтой баримт дэлгэгдсэний дараа ихэнх Узбек эмэгтэй өөрийнхөө болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодож, гэртээ төрхийг хүсдэг болсон талаар хүний эрхийг хамгаалагчид ярьсан байна.
Ерөнхийлөгч Каримовын охин энэхүү ядуу орны эмэгтэйчүүдийн аж амьдралыг сайжруулахын тулд бүхий л хүчээ дайчилж ажилладаг гэнэ. Ерөнхийлөгчийн бага охин Лола нь ЮНЕСКО-гийн элч, хүүхдийн төлөө сайн үйлсийн сангийн тэргүүнээр ажилладаг байна.
Харин түүний эгч Гюльнара Харвардын их сургуулийн урлаг судлалын факультетийг төгссөн ч Испанид элчин сайдаар томилогдсон болохоор нутаг нэгт бүсгүйчүүдийнхээ амьдралд нөлөөлж чаддаггүй юм.
Ер нь тус улс олон хүүхэдтэй эхэд тэтгэмж төлөх төсөв санхүүгүй, мөн хүүхдийн эмнэлэг дутагдалтай, эх, хүүхдийн эндэгдэл өндөр учраас эмэгтэйчүүдиин савыг өөрийх нь хүсэлтээр боох арга хэмжээ авч эхэлжээ.
Тэгвэл Узбекистаны төрийн бус дүн шинжилгээний газрын шинжээчдийн олж тогтоосноор тус улсад 1999-2003 онд эмэгтэйчүүд үнэхээр сайн дурын үндсэн дээр умайн гуурсаа боолгодог байсан гэнэ. Харин хэвлэл мэдээллүүдээр хүчтэй шүүмжилсэний эцэст энэ ажиллагааг түр зогсоожээ.
Тэгсэн ч тус улсад төрөлт хурдацтай буураагүй тул хөтөлбөрийг дахин сэргээхээр сэргээхээр болсон байна. Эмэгтэйчүүд умайн гуурсаа боолгохдоо ихэвчлэн нөхөр хадмууддаа мэдэгдэхгүйг хичээдэг гэнэ.
Эмч нар умайн гуурс боох ажилгааг харьцангүй аюулгүй арга гэж үздэг ч хөгжиж буй орнуудад ийм мэс заслаас болж 100 мянган эмэгтэй тутамд 10 нь нас бардаг байна. Гэтэл Узбекистаны эмч нар ЭМЯ-ныхаа заавраар биелүүлэхийн тулд мэс заслын хор нөлөө, үр дагаварын талаар огт мэдээлдэггүй байна.
Түүнчлэн Узбекистаны засаг захиргаа бэлгэвчний ашигтай талыг ард иргэддээ ойлгуулахаас ичдэг бололтой. Үүний оронд жирэмслэлтээс хамгаалах ийм аюултай аргыг хэрэглэх нь илүү хялбар байдаг аж.
Дайн энхийг тайлбарлан танилах хүрээлэнгийн (IWPR) сэтгүүлчид 2005 онд судалгаа хийж, тус улсын Андижан мужид залуу эмэгтэйчүүдийн савыг касерева хагалгаа хийх үеэр авсныг илрүүлсэн байна.
Ингэхдээ ихэнх өвчтөн саваа авхуулсныг мэдээгүй олон жил явжээ. Узбекистаны ЭМЯ-ны мэдээлснээр тус улсын хүн ам жилд 500 мянгаар нэмэгддэг гэнэ. Гэхдээ шинжээчид статистикийн уг судалгаанд итгэдэггүй аж.
Тэдний үзэж буйгаар тус улс худал мэдээлэл өгснөө илрүүлэхгүйн тулд хүн амын нэгдсэн тооллого явуулдаггүй байна. Хамгийн сүүлд тус улс 1989 онд хүн амаа тоолсон юм.
Эх сурвалж: “Хөх толбо”
URL: