МИАТ-ийг А.Гансүх, “АПУ”-гийн Г.Батхүү, Х.Баттулга нарын гарт өгч болох уу

shinechleliin_zg-middleМонголын иргэний агаарын тээвэр хэмээх том айл цалин пүнлүү өндөртэйгөө гайхаж, гайхуулж байдаг ч өнөөдрийг хүртэл алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд өөрийн гэх хөл дүүжлэх унаа байхгүй л байна. Гаднаас түрээсийн дөрвөн онгоц эзэмшдэг энэ айлыг төр яагаад дэмжихгүй байна вэ гэдэг нь сүүлийн үед сонирхол татсан асуудал болжээ. Өөрөөр хэлбэл МИАТ-ийнх гэдэг айл айлын адуунаас морь юүлж унадаг нэгэн болж таарч байгаа юм. Гэтэл МИАТ өөрөө төрийн өмчит компани. Гэтэл яагаад төр… гэдэг асуудал улам л хурцдаж байна.

Хамгийн гол нь МИАТ өнөөдөр олон улсын хэмжээнд бизнес эрхэлж байгаа монгол дахь байгууллагын жагсаалтыг тэргүүлэх эгнээнд явж буй. Иймдээ л амь зогоож, Монгол Улсын иргэний агаарын тээврийг олон улсын хэмжээнд саадгүй явуулж байгаа хэрэг. Харин ойрын эх сурвалжийн хэлэх нь төрөөс энэ их айлыг харж үздэггүй, гараа сунгахгүй байгаа нь цаанаа ихээхэн учиртай аж. Шуудхан хэлэхэд улстөр, эдийн засаг бизнесийн хамтарсан бүлэглэл МИАТ-ийг хэргээр харж үзэхгүй байсаар туйлдуулах хүсэлтэй аж. Харин туйлдуулж мөлхүүлснийхээ дараа хувьчилж авах сонирхол нуугдаж байгааг хэлсэн юм. Сүүлийн үед МИАТ-ийг хувьчлах тухай санаатай санаагүй мэдээлэл эрх баригчдын хөрөнгө оруулдаг мэдээллийн хэрэгслээр гарах болсон нь үүнийг давхар нотлох мэт. Монголын Иргэний агаарын тээврийн салбарт олон өрсөлдөгчтэй энэ айл зах зээлийнхээ 40 гаруй хувийг гадаад, дотоодын авиа компаниудад алдсан гэдэг. Одоогийн байдлаар Сөүл, Бээжингийн олон улсын нислэгээрээ амь залгуулж байгаа нь ч үүнийг нотлох нэг томоохон баримт мөн.

Орон нутгийн бүх нислэгийн эрхийг нь эрх мэдэлтнүүдийн гар хөл болдог авиа компаниудад өгчихсөн гээд дурдаад байвал баримт олон бий. Олон улсын агаарын тээвэрт Монгол Улсын нэрийг гаргаж яваа МИАТ-д төрөөс мөнгөөр угжихгүй юм гэхэд жижиг авиа компаниудад зарим эрхийг нь булааж авч өгөөд байгаа нь эрх баригчдын ямар санаархал нуугдаж байгааг төвөггүйхэн хэлж өгөх байх. Иргэний агаарын тээврийн бизнесийг өнөөдөр МИАТ-тай зэрэгцэн “Монголиан Эйрлайнес групп”, “Изинис эйрвэйз”, “Аэро Монголиа” компани эрхэлж байна. Эдний хувьд тэгтлээ ашигтай ажиллаж чаддаггүй ч эрх баригчид, бизнесийн бүлэглэлийн дэмжлэгтэйгээр амь зогоож байгаа гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Тухайлбал, “Аэро Монголиа” компани “Фоккер 100” онгоцоо, “Изинис Эйрвэйз” компани “Боинг 737-700” онгоцоо хагас жил ч нисгэж чадалгүй буцаачихсан. Харин энэ тухай салбарын сайд А.Гансүх хэлэхдээ “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд 2016 болон 2020 он гэсэн хоёр үе шаттай ажил хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар Монгол Улс өөрийн гэсэн онгоцгүй байгаа учраас энэ байдлыг өөрчилж 2016 он гэхэд гурван онгоц худалдан авна” хэмээсэн. Тэр ч бүү хэл А.Гансүх “МИАТ ашиггүй ажиллаж байгаагийн гол шалтгаан нь шатахуунтай холбоотой. МИАТ-ын зардлын 43 хувийг шатахуун эзэлдэг.

ОХУ-аас оруулж ирдэг. Онгоцны шатахууныг тероризмд ашиглах эрсдэлтэй тул стратегийн түлшинд ордог. Бид шатахууныхаа зардлыг багасгахын тулд Хятад, Солонгосоос авах талаар ярьж байна. Гэхдээ Замын-Үүдэд шилжүүлэн ачих технологи барихаас нааш үүнийг шийдвэрлэх боломжгүй. Хямд үнээр шатахуун авах хоёрдогч эх үүсвэр хайж байна” хэмээсэн. Тодотгож хэлэх юм А.Гансүх сайд агаарын тээвэр хийхэд эрсдэлтэй шатахуун оруулж ирэх санаархалтай байсан ч энэ нь олны анхаарлаас гарч чадаагүй учраас чимээ намжаасан билээ. МИАТ тойрсон энэ бүх асуудлын цаана бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол байгаа эсэхэд эргэлзэх хэрэггүй боллоо. Хөндлөнгийн эх сурвалжийн хэлснээр бол МИАТ-д санаархагч нь Зам тээврийн сайд А.Гансүх, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, “АПУ”-гийн Г.Батхүү нарын гэсэн бүлэглэл байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Магадгүй юм, Х.Баттулга, А.Гансүх нар 2008 оноос зам тээврийн салбарыг ээлжилэн удирдаж байгаа төдийгүй тус салбарт ажиллаж байгаа бүх менежментийг өөрсдийн гарт хийсэн.

Нөгөө талаар МИАТ-ийг хувьчлаад авах хэмжээний хөрөнгө гаргаж чадна. Чаддаггүй юм гэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг авч чадах хүмүүс. Энэ салбарыг олон жил удирдаж ирсэн хүмүүсийн хувьд ч тэр, сайн мууг нь мэднэ. Сайн мууг нь мэдэхээсээ илүүтэй энэ салбарыг гартаа хийчих юм бол бизнесийнхээ хүрээг өргөжүүлнэ гэсэн санаархал ч нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй. Тодотгох юм бол Монголын Иргэний агаарын тээврийн бүх нислэгийг гартаа хийх алсын бодлого ч агуулж байж болох юм. “АПУ”-гийн Г.Батхүү ч төрөөс дэмжүүлж чадна, өөрөө ч санхүүгийн чадамжтай нэгэн гэдгийг надаар хэлүүлэх юун. Хамгийн гол нь Монголын Иргэний агаарын тээврийн салбарыг улстөрөөр дэмжүүлсэн бизнесийн бүлэглэлд өгч болох уу, үгүй юу гэдэг асуудал зүй ёсоор ургана. Нөгөө талд онгоцны түлшийг дур мэдэх солих гэж байсан салбарын сайдын гарт хийж болох уу, үгүй юу гээд олон зүйл яригдах байх. Хэрвээ энэхүү хөндлөнгийн эх сурвалжийн хэлсэн нь үнэн бол зөв буруугийн тухай юуны өмнө ярилцах байх. Нөгөө талд олон мянган хүний амийг тээж явдаг энэ салбарыг төрөөс гаргах эсэх тухай ч яригдах байх.


С.Баяр

URL:

Сэтгэгдэл бичих