Оюутолгой гадаргын усаар гараа угааж, Төрийн албан хаагчид чулуугаар бизнес эрхлэв
Сенсааци 1: Самбар өмчилсөн МАН
МАН-ынханы сурталчилгааны самбарын бизнесийн талаар “Өнөөдөр” сонин мэдээлсэн байна.
Нийслэлийн өмнөх Засаг дарга МАН-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дарга байсныг бүгд мэднэ. Харин энэ давуу байдал нь гайгүй олз ашигтай бизнес болтлоо өргөжсөн сурталчилгааны самбарын зах зээлд МАН-ынхан жин дарах хөшүүрэг болсон байжээ. Улаанбаатар хотод сурталчилгааны самбар байрлуулах, эзэмших эрхийг олгодог бүрэн эрхт хүн бол өмнө нь зөвхөн хотын Ерөнхий менежер байв.
Тэгвэл Ерөнхий менежер асан Ч.Бат 2011 оны арванхоёрдугаар сарын 21-нд зарим байрлалд сурталчилгааны самбар байрлуулах зөвшөөрөл олгож, төлбөрийн зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг хүчингүй болгох тухай А184 тоот тушаал гаргахдаа МАН-д 20-иод байршилд самбар эзэмших зөвшөөрлийг хоёр жилийн хугацаатай олгожээ.
Тэдгээрийн заримаас дурдвал, Тусгаар тогтнолын ордны урд 16х8 метр, 100 айлын гүүрний баруун талд 9х4 метр, Баянбүрдийн аюулгүйн тойргийн зүүн урд 16х8 метр талбай бүхий самбар гэх мэтээр жагсаажээ.
Сенсааци 2: Оюутолгой гадаргын усаар “гар”-аа угаахаар шийджээ
Өмнийн цэнхэр говьд өөрийн юм шиг эзэн суусан Оюутолгойн ноёрхол хэрээс хэтэрч байгаа талаар “Нийгмийн толь” сонин мэдээлсэн байна. Олборлолтоо хийх нэрийдлээр гүнийн усыг хайр найргүй ашиглаж дуусгаад одоо гадаргын ус руу улайран оржээ.
Гадаргын усыг өнгөрсөн долоо хоногоос хэрэглэж эхэлсэн гэнэ. Үүнийгээ нутгийн иргэд болон бусад газруудад мэдэгдэхгүй гэсэндээ түргэн авч ашиглаж буй усны ундаргаа дарах оролдлогыг хийж эхлүүлсэн аж.
Оюутолгой компани нэг секундэд 870 литр ус ашиглах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулж байсныг иргэд мартаагүй. Гэтэл цаасан дээрх гэрээг салхинд хийсгэж, цаг хожих гэсэн Оюутолгойнхон ундны усыг ховх сорж эхэлсэн бололтой.
Оюутолгойн олборлолт энэ хэвээрээ үргэлжилвэл гурван жилийн дараа өмнийн цэнхэр говьд цөлжилт нүүрлэж хүн, мал нь ундны усгүй хатах аюултай гэгдэж байсан сануулга биелэлээ “олов”. Гүний усны нөөц дуусч, гадаргын ус хэрэглэж эхэлсэн гэх мэдээллийн мөрөөр Оюутолгой компаниас тодруулахад “Наадах чинь үндэслэлгүй мэдээлэл. Гүний үйлдвэрлэл ч эхлээгүй байхад худлаа мэдээлэл байна” гэлээ.
Сенсааци 3: Нэгдсэн эмнэлгийн хашаанаас мөнгөн ус илэрчээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын III багийн нутаг дэвсгэрт байрлах “Ундарга” компанийн өргөтгөлийн хоёрдугаар станцын гүнийн худгийн орчмоос хоёр кг 315 гр мөнгөн ус өнгөрсөн долоо хоногт олдсон. Тэгвэл энэ сарын 4-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаан доторхи хог хаягдлын цэгт мөнгөн ус байна гэсэн мэдээлэл онцгой байдлынханд иржээ.
Мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газар, МХГ, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн химийн бүлэг, МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторын шинжээчдийн бүрэлдэхүүн тухайн газрын цагдаагийн хамгаалалтад авч үзлэг хийхэд дээрх мэдээлэл үнэн болох нь тогтоогджээ.
Тиймээс Аврах тусгай ангийн химийн бүлэг цаг алдалгүй дээрх хордсон газарт цэвэрлэгээ хийж, хогийг нь ачсан байна. Үүний дараа орчны хөрснөөс дээж авч МХЕГ-ын лаборторид шинжлүүлэхэд мөнгөн усны агууламж зөшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байсан учраас саармагжуулалт хийсэн байна.
Сенсааци 4: Төрийн албан хаагч ченж хийж байгаад сануулга авав
Төрийн албан хаагч ченж хийж байгаад сануулга авсан талаар “Нийслэл таймс” сонин мэдээлсэн байна. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ИТХ- ын нарийн бичгийн даргаар ажилладаг С.Хонгорзулд сумын болон аймгийн ИТХ- ын дарга сануулга өгсөн байна.
Учир нь тэрбээр төрийн албан хаагч мөртлөө ченж хийж байжээ. Дэлгэрцогт сумын Цахиурт багийн нутагт нэр нь үл мэдэгдэх чулууг иргэд олноор түүдэг болсоор удаж байгаа гэдэг.
Энэ чулууг худалдан авдаг ченжүүдийн нэг нь сумын ИТХ- ын нарийн бичгийн дарга С.Хонгорзул гэдгийг иргэд, хэлдэг аж.
Сумын удирдлага иргэдийн хууль бусаар чулуу түүдэг явдлыг зогсоох гэдэг боловч “Төрийн албан хаагч нь өөрөө чулуу худалдан авч, дамладаг байхад иргэд бид яагаад чулуу түүж орлоготой болж болдоггүй юм” хэмээдэг байж.
Тиймээс хууль хяналт үүргээ гүйцэтгэн түүний энэ үйлдлийг таслан зогсоож төрийн албан хаагчийн нэр төр, ёс зүйгээ сахин ажиллахыг түүнд сануулсан байна.
Сенсааци 5: Тираннозавр батаар ирэх сарын 7-нд Монголын мэдэлд шилжинэ
Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгох болсон талаар олон сонинууд онцлон мэдээлжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хууль бусаар Монгол Улсын хил даван гарсан үлэг гүрвэл батаарын тухай хэлэлцсэн юм.
Тодруулбал, Хууль бусаар хил давуулан гаргасан Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор байгуулах “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг дэмжсэн юм.
Уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгохоор тогтлоо. Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад энэ оны тавдугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байгаа аж.
Сенсааци 6. Ц.Энхцэнгэл хүн зодсон уу
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийг Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга Д.Оросоог зодож гэмтээсэн гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдах болсон. Энэ талаар “Улс төрийн тойм” сонин тодруулга авсан байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр Ардын намын гишүүд метро барих төслийг сайжруулах хэрэгтэй гэснийг Д.Оросоо дэмжсэн нь ийнхүү маргаан үүсэх шалтгаан болсон гэх.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээс тодруулахад “Тийм юм болоогүй. Би хүн зоддог хүн биш. Бас зодуулдаг ч хүн биш. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа шүү дээ” хэмээн үгүйсгэжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: