Дахин санал хураалтын төсөв хангалтгүй байна
УИХ-ын сонгуулийн үеэр маргаан дагуулаад байсан 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулахад бэлэн болжээ.
Энэ тойрогт АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний суудлын төлөө дахин өрсөлдөхөөр болсон билээ. 2012 оны сонгуулиар АН-ын нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 26.9 хувь, МАН-ын нэр дэвшигч Д.Сумъяабазар 25.1 хувийн санал авч гурав, дөрөвт эрэмбэлэгдсэн тул дахин сонгууль явуулахаар болсон юм. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогчдын 28 хувийн санал авч байж УИХ-ын гишүүн болох ёстой. Энэ сарын 14-нд буюу ирэх ням гаригт 07.00-20.00 цагийн хооронд дахин санал хураалт болох бөгөөд өнгөрсөн пүрэв гаригт туршилтын санал хураалт явуулсан байна. Санал тоолох автомат машинууд хэвийн ажиллаж байсан бөгөөд 1600 орчим хүн оролцжээ. Дахин санал хураалтад СЕХ-ноос 59 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ мөнгө нь хүрэлцэхгүй бөайгаа аж.
УИХ-ын 26-р тойргийн хорооны дарга М.Баасандорж, “Энэ удаагийн дахин санал хураалт их удаж байж явагдаж байна. Тиймээс бараг л сонгуулийг шинээр зохион байгуулна гэсэн үг. Иймээс хөрөнгө мөнгө их зарцуулагдана. Сонгууль шударга болно гэж найдаж байна. Бид СЕХ-нд 260 сая төгрөгийн төсөв гаргаж өгөхийг хүссэн ч бүтсэнгүй. Төсөлвлөж өгсөн 59 сая төгрөг хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс дахин хүсэлт тавина. Санал хураахад нийт 156 санал тоолох автомат машин ажиллана. Өрсөлдөж буй хоёр намаас нэр дэвшигчидтэй холбоотой гомдол ирж байгаа. Санал худалдаж авах зорилгоор мөнгө болон бусад зүйлсээр нөлөөлж байна гэсэн. Энэ бүхнийг Нийслэлийн тагнуулын газар болон тус дүүргийн нэг, хоёрдугаар цагдаагийн хэлтсээр шалгуулж байна” гэв.
Ч.Ариунболд
МОНЦАМЭ
URL: