Франция Раиса: Алдартай хүмүүс нөхөрлөлөө хадгалж үлдэх хэцүү байдаг юм

Франция Раиса 1988 оны долдугаар сарын 26-нд Америкт мэндэлжээ. Тэрбээр бага наснаасаа кино, зар сурталчилгаанд тоглож таван настайгаасаа бүжиг, каратэ, уран гулгалтаар хичээллэсэн байна. “The Secret Life of the American Teenager”, “Teen Mom” зэрэг шоу нэвтрүүлгийн од түүний Complex.com сайтад өгсөн ярилцлагыг хүргэе.

-Урлагийн хүн болох шийдвэрээ Та хэдэн настайдаа гаргав?
-Би ахлах сургуульдаа хөгжөөн дэмжигч багийн ахлагч байлаа. Гэхдээ удаагүй л дээ. Миний бие өвдөж, тэмцээнд оролцож чадахаа больсон. Ээж минь намайг өвчтэй гээд бэлтгэлд ч явуулаагүй. Гэтэл намайг өвчнөө эдгээгээд багтаа эргэж очих гэтэл манай багийн шинэ ахлагч над уруу залгаж “Чамайг багаас хассан” гэдэг юм байна. Тэр үед би уйтгарлаж гунилгүйгээр урагш тэмүүлсэн. Учир нь би тэдэнд хэн болохоо харуулахыг хүссэн юм. Санасандаа ч хүрч “Thirteen” киноны гол дүрийг бүтээсэн. Энэ кинонд тоглосноос хойш “Энэ бол миний байх ёстой салбар яах аргагүй мөн. Би яг одоо л эхлэх хэрэгтэй” гэж, өөртөө хэлсэн. Одоо би 24-тэй. Өнөөдрийн өндөрлөгт хүрэх гэж, өөрийн орон зайг баттай болгохын тулд шаргуу хөдөлмөрлөж ирлээ.

-Өсвөр насны од болоход амьдралд чинь олон зүйл өөрчлөгдсөн байх?
-Олон зүйл өөрчлөгдсөн. Олон хүн наанаа инээсэн ч цаанаа намайг муулж байсан. Олонд танигдаж, өөрөөс нь илүү явахад хүмүүс дургүй байдаг. Тэр олон хүнээс хэн нь чамд үнэн сэтгэлээсээ хандаж, хэн нь чамайг ангал уруу түлхэх гээд байгааг ялгаж мэдэх хэцүү. Гэхдээ миний эргэн тойронд намайг хайрладаг олон хүн бий. Тэдний минь намайг хайрлаж буйг мэдрэх нь хамгийн гайхалтай. Ер нь алдартай хүмүүст нөхөрлөлөө хадгалж үлдэх хэцүү байдаг юм.

-Селена Гомез та хоёр анх хэрхэн танилцсан юм бэ?
-Би түүнтэй анх хэрхэн танилцаж байснаа мартчихжээ. Бид хэзээнээс ч юм их дотно найзууд болсон. Анхандаа бид хоорондоо найз залуусынхаа нэрийг ч хэлдэггүй ярилцдаг байлаа. Улмаар нэг л мэдэхэд бие биеэсээ юугаа ч нуухааргүй сайн найзууд болцгоосон. Тэр их цайлган сэтгэлтэй. Бидний үерхэл цаашид ч энэ хэвээрээ үргэжилнэ гэдэгт итгэдэг.

- “The Secret Life of the American Teenager” шоу нэвтрүүлэг чиний амьдралын нэг хэсэг. Гэрээ дуусах үед ямар санагдаж байв?

-Бурхан минь их хүнд цаг хугацаа байсан. Би тэдэндээ маш их хайртай. 19 насандаа анх нэвтрүүлгийнхэнтэйгээ уулзаж байлаа. Бид одоог хүртэл холбоотой. Тэд намайг үргэлж дэмждэг. Би ч тэднийгээ үргэлж дурсан санадаг. -Энэ жилийнхээ төлөвлөгөөнөөс хуваалцаач? -Үнэндээ би маш их догдолж байна. Шинэ карьераа хэрхэн эхлүүлэх талаар бодож сууна. Надад олон санал ирсэн. Гэхдээ одоо би нас нэмж, өсвөр насны од байхаа больсон. Тиймээс энэ зун өсвөр насны охин биш бүсгүй хүний дүрийг бүтээхээр ажиллаж байгаа. Шинэ дүр төрх маань үзэгчдэд таалагдах байх.

Г.НЯМСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих