Миний Монгол Р.Чойном
Олон хилийн залгаатай
Орчин үеийн бөмбөрцөгийн
Улс төрийн зураг дээрх
Овор даруухан зүстэй
Онгон улаан хилтэй
Онцгой нэгэн дүрийг
Газарзүйн багш нар
Модон саваагаар тойруулан зааж
“ МОНГОЛ “ гэж товчхон хариулдаг.
Австралид ч гэсэн, Америкт ч гэсэн
Африкт ч гэсэн, Европт гэсэн
Азийн Монголтой ингэж танилцдаг.
Харин :
Дулмигхан тэр үгийг нь сонссон төдийгөөр
Дунд сургуулийн хүүхэд ч ханаа гэж үү.
“ Тивүүдийн газарзүйн сурах “ – д бичсэн өгүүлбэрээр
Тэр багш нар нь ч хангагдаа гэж үү.
Морин туурайгаар эх түүхийг тамгалсан
Монголын тухай тэгвэл би дуулж өгье.
Уужим энэ орны үүдийг нээж
Унаган шүлэгчийн нь хувиар хууч хөөрье !
Гандаж, мандаж, цэнгэж, зовж явсан
Газар газрын цэцэд мэргэд дундаас
Ямар ч хүн нь шүлгээр ярьдаг энэ орны
Яруу найрагч байх гэдэг амаргүй хэрэгээ.
Цэнхэр хадагны мяндсан ширхэг тоолон
Цэцэн ерөөлийн үгс нь асгаранхан гардаг
Уужим цээжтэй ахас буурлынхаа дэргэд
Уран үгээр тоогдоно гэдэг бэрхээ.
Гэхдээ :
“ Эрхийг сурахаар бэрхийг сур “ гэсэн
Эцэг өвгөдийнхөө хүндэт сургааль дагаж
Эх болсон буурал Монголынхоо тухай
Энэ дэлхийд дуулах иргэн нь би байна !
Алтан говь, ногоон тал, цэнхэр хангай нь
Алагланхан тэнийсэн нарлаг тэнгэрийн орондоо
Эртний туульсын билгүүн цагаан хөлгөөрөө
Эзэн ард нь маргаашаа угтан довтлоосой.
Тариа үйлдвэрийн бэлэг тэмдэг нь ургаастай
Таван хошуу одыг зулай дээрээ өргөөстэй
Тайван энх төрийн сүлдээ өвөрлөсөн
Тавиун чөлөөт нийгэм журмын орны иргэн.
Монгол хэлэндээ Жангар, Гэсэрийг хуучилсан
Морин хуурандаа Жонон харыг хуурдсан
Зуун зуунтай гүндүү нь үгүй ханилсан
Зузаан бор Монгол Ард гэгч би байна.
Би –
Туулын усыг урсаа нь үгүй байхад
Тужийн нарсыг ургаа нь үгүй байхад
Алтай ханыг даваа – гүвээ байхад
Алтан говийг далай тэнгис байхад
Сайн морийг салаа туурайтай байхад
Сарлаг хайнагийг сарьдаг Химаалайд байхад
Хонь ямаадыг уулын гөрөөс байхад
Хонгор тэмээдийг Тангудын оронд байхад
Задын чулууг биежээ нь үгүй байхад
Зайран тэнгэрийг мэндлээ нь үгүй байхад
Урьдын урд усан галавын тэртээд
Эртийн эрт элир балрын тэртээд
Удган ээжийнхээ уйлан дуулах онгодоор
Улаан галыг үүлэн дээрээс залж
Урцан гэрээ Монгол овогтны голомтыг
Унхиалуулан асаасан буурал овогтон
Би –
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гөрөөс зурж
Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр
Анхны нумын хөвчийг алдалж татсан эр
Би –
Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг
Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж
Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа
Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг.
Би –
Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж
Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж
Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар
Цагийн саалтанд уярсан чөлөөт талын нүүдэлчин.
Би –
Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад
Охин нойтон үрсээ хормой доороо нууж
Одоо – хожмын түүхэнд Монгол угсааг үлдээх гэж
Одтой тэнгэрийг орчтол тэмүүлж тэмцсэн ижий.
Би –
Хүннү – Шаньюгийн үеэс хүч тэнхээтэй явлаа гэж
Хүний нутгийн шажны хүлээс гинжинд баглуулж
Хүүрнэн уйлах домогтоо эрх чөлөөг дээдэлж
Хүйтэн чулуун шоронд зогсоо нөгчсөн аав !
Би –
Хангайн дөрвөн мөрөн хага хөлдсөн өвлөөр
Ханагар уудам орноо харийн дайснаас чөлөөлж
Харанхуй хуучин нийгэмийг гэгээн үеэр солих гэж
Харц ардын хувьсгалд тангаргаа өргөсөн ах.
Би –
Будант тэр онуудад шинэ соёлыг түгээх гэж
Буун дуу намдаагүй шил талыг туулж
Ирээдүйн жаргалын төлөө амь биеэ зориулсан
Ид залуу цагтаа цэнгэж амжаагүй эгч.
Би –
Орос ахын байгуулсан “ Арван сарын хувьсгалын “
Очноос бамбар асаан, Ази тивийг гийгүүлсэн
Орчлон дэлхийн түүхэнд хөрөнгөтөн нийгмийг алхахдаа
Олон шалгалт туулсан Бүгд Найрамдах Монгол !
Бүгд Найрамдах Монголынхоо бүрэн алдрыг өргөлцье гэж
Бүхий энэхэн биеэрээ шүлгийн моринд дөрөөлж
Урт найргийн дөрөөнд уурга сунган мордъё
Урд холын зам минь уужим саруул болтугай.
Нүдэн балай хааныг хувьсгалт намаар сөгтгөж
Нүүдэлч задгай үндэстнийг шинэ нийгмээр нэгтгэж
НYБ – н ширээнд хатгасан хөх халзан туг шигээ
Нүүр бардам өндийсөн хөвчин Монгол овогтны
Мянга мянган жилээр “ Миний “ гэж хэлцсэн
Мяралзсан зэрэглээг хэрчиж морин туурайгаар хэмжсэн
Алхаж хэн ч эзлээгүй алтан босгот өргөө
Атар баян орон Азийн цээжинд байдаг юм.
Бэлчээр тэлж налайсан энэ орныг туулахад
Бидэрт хонгор хулангийн онгин туурай сэтрэм
Билгүүн цагаан хунгийн онгон жигүүр таарам.
Бичиж ханашгүй шүлгийн унаган жороо алдрам.
Зуу зуун нүүдлийн Халх, Харчин алхаа бий
Зуур зуурын даваа хангай говь нь алаглаж бий
Зураг тоймонд автаагүй түмэн горхины нь хөвөөнд
Зузаан түүхэнд багтаагүй буман домгийн мөр бий.
Хартай Тайсун хаан, хатан Алтайг занчсан
“Харганын зоо” хэмээх сэрүүн сайхан дэнж
Хаан Чингисийн тамгыг, харц Цавдан чулуудсан
Хар усны ёроол, Хэрлэн мөрний хөвөө
Одтой төрсөн Мандухай дуулж явсан Алтай
Олон жилийн самууныг дуурсгаж дарсан хангай
Орхон гүний хөндий дэх “ Эртний ихсийн газар “
Онон мөрний хөвөөн дэх эх Өэлүнгийн нутаг
Тусгаар Монголын төлөө Амарсанаа, Чингүнжавын
Туурт мориор гэтэлсэн бор – Цонжын говь
Тугийн түмэн гилбэрт нь шувуу тээглэм дайсантай
Тулж ялж явсан Зүүн гар, Кашгарын цөл.
Яруу найрагч Равжаа ”Yлэмжийн чанар“ – аа аялсаар
“Янзган зоотой шарга” – аараа Yзэмчин хошууг зорихдоо
Явдал саадгүй туулсан Дайн – Даваагийн тал
Явган зэрэглээ наадсан Молцог, Мэнэнгийн элс.
Хангайн шувуу буцахдаа ханилсан ханиа санаж
Халхаар сайн эр Торой хагасарч гэгэлзэж явсан
Гал хар чулуутай газрын холын толгод
Ганга нуурын усанд зайрмаг татсан шөнүүд.
Yйзэн засгийн морьдыг үүрийн жингээр элдсэн
Yзээ нь үгүй нутаг мэдээ нь үгүй ус.
Yлэг гүрвэлийн өндөгийг хөргөл үгүй хадгалсан
Yлгэрийн үеийг элээсэн хөх Монголын нутаг.
Хорьдугаар зууны өрнө зүгийн соёлд
Хормой дэвсэн дагаж өөрийн жингээ алдаагүй
Холын будант эртнээс Монгол хэлээр нэршиж
Хөрвүүлж орчуулж болшгүй мөнхөрч үлдсэн газрууд.
Хар – Шаарын хязгаар, Хасан – Туурын цөл
Хатан – Сэврэй уул, Сэгс Цагаан Богд
Хараа Ерөөгийн хөндий, Халх, Нөмрөгийн гол
Хангай, Булнайн нуруу, Хар – Азаргын зоо
Алгуй Улаан цав, Алмасын улаан уул
Атас Чингис хайрхан, Арвайхээрийн тал
Ариг ус, Асмалжин сүүж, Аж Богд
Алтан булаг, Мөнгөн дөш, Гуулин тал
Захуй зарам, Элст мянган, “Гурван хүүхэд”
Загдал зөөхий, Эрчимийн нуруу, Гуна гунж
Завхан – Чигэстэй, Хөх төмөртэй, Хар ямаатай
Захаар намагтай, цагаан чулуутай, Ар Бургалтай
Нарийн Хөхийн говь, Тагна Соёны нуруу
Нарс Шинэстийн даваа, Тамчийн шар тал
Наранбулаг, Баян зүлэгтэй, Балж Улз
Нагал – Навчтай, Гүн – Галуутай, Барх Хурх
Хүйн долоон худаг, хүйтэн зургаан булаг
Хүн нэрлэдэггүй ус, тэмээ буйлдаггүй хөтөл
Хүрэн цармын өвөлжөө, Хөндлөн гармын хаваржаа
Хүүшийн хоолойн зуслан, Хүрдэт – Мааньтын намаржаа
Монгол хүн бүхний дасаж суусан хөндийнүүд
Морин сайвар явдлаар даруулж оёсон хөтлүүд
Молцог цагаахан ишгээ тоглуулж өссөн бууцнууд
Мойл хархан нүдтийн тойглож дассан хонинууд.
Ан үзэмж тэгширсэн “Торгон шаргын нуруу”
Ангал байц жигдэрсэн “Толбо хүний нуруу”
Адууны өвөг идээшсэн “Тахийн шар нуруу”
Анчин мэргэний зүрх аргамжаатай үлддэг газрууд
Хайнагийн бухны мундаа шиг дүүхийж тогтсон тайгууд
Хаттай хэтний ган шиг дүнхийж тогтсон шилүүд
Ороо хангалын дэл шиг од самнасан хангай
Орсон буурын бөх шиг онь холбосон хайрхан.
Хонины бөөр шиг болтол чулуу бүхний нь элээж
Хоргой торгон хөрсий нь үйлийн хайч шиг эсгэж
Хонуут өнжүүт замдаа хотол амьдралыг умдааж
Холын далайг зорьсон жороо цэнхэр мөрнүүд
Ижийн самрах сүү шиг хөөсрөн нүргэх хүрхрээнүүд
Их найрын сөн шиг хөлгүй баян нуурууд
Ид шидийн эм шиг хүйтэн халуун рашаанууд
Ингэн тэмээний нүд шиг хөдөө цөлийн шанднууд.
“Дидэг – Сахалтын” бургаасанд шивнэж үлдсэн домгууд
Диван галавын мөрийг шингээж үлдсэн говиуд
Дэрс хулс, хужиртай, дэндэл сондуул, тойрмууд
Дээдэс өвгөөс учиртай дэлгэр их орон мину.
Тоньюкукийн хөшөөний Уйгараар сийлсэн бичээсний
Танамал ган цүүцийг урж нийлсэн гуранз шиг
Даруу гүдэсхэн болоод эршүүд хатуу хөрсөнд нь
Даанч бага л насныхаа эхний мөрийг гаргаж
Сүүн шүдээ ургатал хөрвөөж мөлхсөн шороо
Сүн далай шиг төвшинд нь хүлгээ дөрөөлсөн газар
Сүнжидмаагийн аалинд нь сүрхий дассан нутаг
Сүмтэй Бударын чулуунд нь шүлгээ хэлхсэн хязгаар.
Аавын ямар ч хүүгийн алдаж оносон довууд
Амрагийн ямар ч болзоонд адгаж яарсан нугууд
Алс мянганд зурайсан амьдрал сургуулийн замууд
Ард Монгол Улсын минь алтан өлгий энэ байна !
Дууч Гомерийн мөнхөлсөн, эртний Эллад орноос
Дутуу нь үгүй замыг элээж туулж үлдэхдээ
Дуулим энэ нутаг дээр хүний шинэ нийгмийг
Дуудаж зөгнөж ирснийг арван есөн зуун мэднэ.
Шинэ төрмөлийн адгууснаас ам тангарагаа тусгаарлаж
Шийдэм бороохой барьж, Кайнозейн галавыг доргиосон
Дээд хүн төрөлтний дэвшиж ирсэн түүхийг
Дэлгэр их Азид хүүрнэж үлдсэн үндэстэн.
Өвч дархан нутагтаа эзний ёсоор байх уу
Өвдөг бохирон сөгдөж боолын ёсоор суух уу
Булт олны заяаг бурханд даатгаад өнгөрөх үү
Буу барин босож буурай нийгмийг халах уу гэдэг
Гарцаагүй тулсан асуултыг Монгол хүн хариулсан юм
Гал мэсийн шалгалтыг ардын нам давсан юм
Ган бат сахилга дор ганц хүн шиг нэгдэж
Газар нутгаа хамгаалж шинэ үеийг байгуулсан юм.
Хорвоо дэлхийн энгэр дээр таван эрдэнээр сийлсэн
Хосгүй алдрын одон шиг тансаг баян нутагтаа
Хоньчин малчин ардын улс – гэр төвхнүүлэхийг
Хорин нэгэн онд илдийн ирээр шийдсэн.
Цэл залуу жанжны маань цэвэр гоолиг дүр
Цэргийн тангаргаа өргөсөн малчин ардын сүр !
Азийн содон хувьсгалын алтан үсэгтэй ботид
Аугаа баатар хөвгүүдийн ариун цусаар бичигдсэн юм.
Ухаа хонгорын дэл дээрээс хувьсгалыг бүтээсэн жанжин
Улс орноо төлөөлсөн хурц содон хоолойгоор
Уужим дэлхий дахинд – “Бүгд Найрамдах Монгол!” гэж
Уламжит тусгаар тогтнолоо бүрэн эрхээр зарласан юм !
Хаан Богдыг залсан шиг жууз тэргээр авчраагүй
Хангинах болд сэлмийн хатыг зааж авчирсан
Харц ардын маань жаргал хамтын эрх чөлөө
Хаалга бүхнийг нээж хүн бүхэнтэй золгоход
Хойморт тавьсан хуураа буурал аав минь хөглөж
Хорвоод туулсан зовлонгоо нэгэн хялгасанд нь дэглэж
Хойч үеийнхний жаргалыг нөгөө хялгасанд нь тэгшилж
Хосолж татсан чавхдсанд нь бүхэл симфони тоглосон юм.
Гучин хоёр бүстэй шаргал хулсан лимбэний
Гуниг баясал хоршсон зургаан нүхийг тоолон
Yүрээр жиргэх шувууны өдөн жигүүрийн хэмээр
Yхэшгүй мөнхийн аясыг адуучин ах минь үлээсэн юм.
Намрын гурван сардаа навчин титмээ дэрлэж
Наран хаан зүүрмэглэх гал халуун өдрүүдэд
Нарийн суран зэлэн дээр унаганы зүүдэлсэн зүүдээр
Найрын сөн бялхаж наян дугараа мэлтийхэд
Эдийн дээж хадагны эвхээс юугий нь задалж
Эрийн дээд настанд ерөөл магтаал айлтгаж
Эртийн эртээс цэцтэй монгол шүлгийн бадгууд
Эвлүүлж шахсан эгнээгээр аадар бороо шиг асгарнам.
Онгон догшин байгальтай нүд цавчилгүй тулалдаж
Он оны атираа нүүрэн дээр нь зурайлдсан
Элсэн говийн манхан шиг хал үзсэн буурал
Элээж ирсэн насныхаа харсан дуулсан бүхнийг
Даавуу дээлэн дороо гүн ухаанаар цэцэлж
Дааган зээрдийн хатираар гүйдэл тэгшилэн цэгцэлж
Ус нутгийн олондоо шүлэглэж үлдээдэг заншлаар
Уужим Монгол орон яруу найргаар ярьдаг юм.
Ард түмний бүтээсэн долоон гайхамшигийн нэг
Африкийн пирамидыг өрсөн ам дөрвөлжин гантиг
Aйзам хэмжээ тэгшилсэн монгол шүлгийн бадгууд
Алдарт Вавилон хотын агаарт тарьсан цэцэрлэг шиг
Мөндрийн цагаан үүл өөд мөр зэрэгцэн ургасан
Мөчир салаа бүхэн нь мөрөөслийн жимсээр цэгцтэй
Мөнх ногоон төгөлд нь мөлхөө өвс ургамгүй
Мөнөө цагийн сонгодогт манийг төрүүлсэн цэцтэй.
Энэхүү сонгодог шүлгээр хүүхэд нь хэлд ордог
Эхийн хайрын тухай хүүхнүүд дуугаа дуулдаг
Эх орноо хамгаалахаар хөвүүд нь тангаргаа өргөдөг
Эмгэд – өвгөд гэрээслэлээ энхрий үрстээ үлдээдэг.
Удаах үеийнхээ манцуй дээр ууган буурал нь ерөөдөг
Удамт хурдан хүлгийнхээ жолоог өргөн цоллодог
Угсраа дөрвөн оноон дээр уухай түрлэг өргөдөг
Улам нэмэх аваргын уламжит гуншинг дууддаг.
Хорол тоонот нүүдэлчний морин дээр ирсэн заншлаар
Холбоо цэц хэлдэггүй Монгол хүн байдаггүй юм.
Хоёр загалын хатираа шиг явдал зүс нь нийлсэн
Хосгүй сайхан шүлэг нь дуурсаагүй газар байдаггүй юм.
Хүсэл хяслыг уралдуулж хүйтэрч халуусаж эргэсээр
Хүрдэт түүхээ бичсэн Монголын дөрвөн улиралд
Хүн байгаль хоёрын ургийн үзүүр холбосон
Хүйн алтан судас шиг Монгол шүлэг мөнхөрсөн юм.
Хөвчийн цэнхэр уулс алтан хоргой нөмөр
Хөдөө цайдам талд мөнгөн хяруу цавцайж
Хөх халзан оонын хөндий хүхээ хүнгэнэхэд
Хөөсрөн дэврэх айраг яруу найргаар шуугина.
Нуураа орхин зэллэсэн нугас галууны цуваа
Нууцхан амрагаа санасан цэргийн дуунд илрэхэд
Нутгийн борхон алдрай нь хадлан тариаланд түүртэвч
Нуруулдаж дүнхийх өвснөөс нь халуун нэрмэл ханхална.
Уулын сонгинын аагинд гөрөөсний мэлмий тарж
Улаагана жимсний шүүс ууган цасыг шунхдаж
Тос даасан боргоцойгоор аварга хушнууд шиврэхэд
Торгон шаргал навчсаар намрын уянга гэгэлзнэм.
Зах нутгаас ирж сургуулийн хаалга татах
Зандан модны мөчир шиг чийрэг борхон багачуудын
Захидал үнсэлт хоёрт дөжрөө нь үгүй зүрхэнд
Залуу сайхан цагийн алтан шүлэг буцална.
Дуншиж өвдөх тэнгэрийн сүүмгэр цагаан мандлаас
Дуугүй унах цасны сүйх мөнгөн ширхэгт
Дулаалж буусан айлын жаргал ханхлах утаанд
Дун цагаан өвлийн ууган шүлэг жигдэрнэ.
Морины хондлой цантах үүрийн улаан жаварт
Модны орой гинших үйрмэг цасан шуургат
Буурын шавалт царцаж бугын зуулт хөлдөм
Будан хүүрэг татсан идэр есийн шүлэг бий.
Төгрөг бараан нуурын төвийж хөлдөх мандалд
Төмөр дөрөөгөө хайрч өглөө цанхлах эмгэнд
Төрсөн үрээ бүүвэйлж шөнөөр чичрэх ижийд
Төв Азийн өвлийг Монголоор дуулах aйзам бий
Марал гурван цасыг тотгон дээрээ залсан
Малчны дулаахан өргөөнд цагаан сараа ёсолж
Идээ цагаалга амсаж ууц таллах өглөө
Ижий бууралдаа золгох энх мэндийн шүлэг бий.
Хөөрхөн хурганы дуугаар хөр цасан уярч
Хөндий тал зэрэглээтэж хөх униар татаад
Дэлхий байгаль нозоорох дэлгэр хаврын сардаа
Дэлбээлж мишээх яргуйнд нь янаг амрагийн найраг бий.
Охин хөхөө донгодох будан татсан өглөө
Ойн цагдаагийн охин түлээнд явахдаа шивэгнэсэн
Орчин үеийн шүлэгчийн зүүдлээ ч үгүй үгсээр
Онголж тахисан зүрхэнд монгол хавар багтдаг
Нарны гурав дахь бөмбөрцгийг мэлхийн замаар тойрдог
Нандин хаврууд дотроос миний нутгийн хавар
Хатуу ширүүн говийн арван галавыг сэртэл
Хатуу зөөлөн уянгаар ингэн тэмээ буйлдаг.
Буйлан хайлах дууны нь есөн түрлэгийг өргөж
Буурал халзан галуу зэл татсаар ирэхэд
Бугын эвэрт чинэрэх орчлонгийн залуу шимээр
Буцалж оргих цуснаа зуны шүлэг чинэрнэ.
Нарны шижир цацрагийг газрын гүн уруу сүвэлье гэж
Навчин алгаа тоссон зуны түмэн бодис
Дахин сэргэлтийн урчуудын бүтээгээ нь үгүй хөргийг
Далайн төвшнөөс дээш мянган алдад шаглана.
Уран ээжийн зүүгээр утас ороосон хатгамал шиг
Угалз хуараар алагласан ум зандан хангайдаа
Усны хоёр ангир шиг ижилдэж яваа хосын
Уруул уруулын улааханд уянгын шүлэг тунарна.
Намар, өвөл, хаврын гурван улиралд бичих
Найраг шүлгийнхээ балыг зуны цэцэгсээр шимж
Насан залуу цагийнхаа цэнгэлд хөлчүүрч яваа
Найз л дотно нөхдийн минь инээдэм дуурссан улирал.
Улирал улирал дундаа ус бүхэн хөгжимдөж
Ургамал цэцэгс дундаа эрвээхэй бүхэн эргэлдэж
“ Шугуй бүхэн шуугидаг, шувуу бүхэн шулганадаг”
Судар номд бичээ нь үгүй амьд найргийн улирал.
Мөөгөн цагаан малгайтай, миний охин Хулан
Мөнгөн далавчит эрвээхэйг элдэж гүйдэг улирал
Мөндөр цагаан бөмбөг, од шиг зурах ширээнээ
Өндөр борхон дүү минь, өд шиг дүүлдэг сарууд
Эрхэс тэнгэрийг хавах мөнгөн сум шиг туфль дээр
Эрдэнэчимэгээ бүсгүй, онгон согоо шиг гунхдаг
Энх амар үдшүүдийн цэнхэр торгон гэгээн доор
Эзлүүлж шахсан бадгууд минь парад гишгэдэг зун .
Жир амьдралыг халааж жинхэнэ охийг нь тунгаах
Жил хэмээх тогоог насны гал дээр тулсан
Жигд дөрвөн тотго шиг энэ дөрвөн улиралд
Жиргэж дэрвэж явах гэж монгол шүлэгч төрдөг юм.
Хүсэл хяслыг уралдуулж хүйтэрч халуурч эргэсээр
Хүрдэт түүхээ бичдэг Монголын дөрвөн улиралд
Хүн байгаль хоёрын ургийн үзүүр холбосон
Хүйн алтан судас болж монгол шүлэг мөнхөрдөг юм.
“Уяхан замбуутивийн наран” доор цэцэглэж
Уур цагаан гэрийнхээ унин доор цэцэлж
“Шинийн хоёрны сарыг шил дээр очоод шингэтэл”
Шилж шимтсэн янагтаа шивнэж нэгэн айлтгасан
“Манантай хөндийг туулдаг
Мажигийн саарал алхаа” шиг
Магнайн хөхлөө цацалсан шүлэг сайвар үгсээр
“Мантайн тохойн шил дээр
буугаа үүрээд бугаа намнахдаа” аялсан.
Магтан гэгэлзэх эгшгээр амрагийн дуунууд нь төрдөг
Цэлгэр их Азийн гоцлон дуулагч үндэстний
Цэцийг гүйцэж цэцлэх яруу найрагчийн алдрыг
Хөнгөн хөгжмийн дууны хөвсөргөн үгээр олдоггүй
Хөөсрөн бялхах айраг шиг монгол шүлгээр хүртдэг
Дуулим талаас тодорсон жирийн ард Лувсангийн
Дуулуулж уйлуулж явсан морин хуурын эгшиг
Дугаржавын хоолойтой, Цэрэндоржийн лимбэний
Дур булаам зохицсон “До мажорын” хоршил
Амгалангийн жаахан бүсгүй Дашдэлэгийн ёочингоос
Арван зургаатын хэмээр давхцаж гарсан аяс
Анх удаагаа Монголд гэгэлгэн твист сэдэж
“Амраг Гоолингоо” – гоо дуулсан Ичинхорлоогийн үес
Говийн тэмээн дээр татсан Мөрдоржийн баянхуур
Гомбын Сэр – Одыг догдлуулсан дуучин Төмөрийн “Дөмөн”
Гончигсумлаагийн симфони, Дамдинсүрэнгийн дуурь
Гоёхон явсан Цогзолмаагийн уяхан явсан хоолой
Шуманы “Бодол” – оор
гэгэлзсэн Жамъянгийн морин хуур
Шубертийн нотоор дэвэлзсэн Цэрэндолгорын хуучир
“Yлгэрийн холбоог” бөмбөрүүлсэн Мядагбадамын шанз
“Yзэгслэн гоог” зангируулсан замчин Шаравын лимбэ
Гавьяат Чулууны хийл шиг Дорждэрэмийн хоолой
Галуу ганганах намар шиг Түмэндэмбэрэлийн дуунууд
Бүхэл найрлыг намдаасан Пүрэвдоржийн хүрхрэлт
Бүжгийн хүрээлэнг доргиосон Жаргалсайханы хүнгэнэлт
Хөдөөгийн агаар ханхлуулсан Норовбанзадын дуулалт
Хөөрхий “Чио – Чио сан” – ыг авчирсан Найдалмаагийн уйлалт
Хөвчин энэ Монголын хөгжиж дэгжин яваа
Хөгжимчин дуучин бүхний алдраа зөгнөх замналд
Амьд яруу найргаар алхам бүхнийг нь хангах
Аугаа содон итгэлийг шүлэгч бид хүлээсэн юм.
Алтан дэлхийн түмэнд ахуй Монголоо дуулах
Ард түмнийхээ сэтгэлийг шүлэгч бид төлөөлсөн юм.
Олон зууныг царайчилсан отог омгийн нүүдэлчнээс
Одоогийн шинэ нэгдлийн овог нэрийг нэрлүүлж
Онгон хээрийн зэрэглээн дунд ордон харш ярайлгасан
Оч шиг халуун зүтгэлтэй малчин ардын минь дуулах
Уургын улааны замаар уурын тэрэг жолоодож
Уулс үүлсийн онийг мөнгөн онгоцоор сүвлэж
Улаанбаатарын мэндийг хязгаар нутагт хүргэж
Ууган гавьяагаар дуурссан жолооч бүхний дуулах
Yүлсийн нүүдэг замд гантиг уртаар хөндөлдөж
Yйлдвэр завод жагсаасан барилгачин бүхний дуулах
Yрэл сувдан хөлсөөр газрын гүн уруу замчилж
Yнэт эрдэнэсийн давхарганд уурхайч хүний дуулах
Ууган ахмад Чадраабалын усан дээр нээсэн замаар
Уухилах ган хөлөг дээр удаах үе нь дуулах
Умар өмнийг холбосон уянгын нот шиг замаар
Улс хоорондын вагонд Уранчимгээгийн дуулах
Аглаг уулсын шилд хөрс шинжээчийн дуулах
Атрын бараан талбарт тракторч эрийн дуулах
Аварга суурь машины дэргэд ажилчин хүүгийн дуулах
Анхны шавиа үдэж багш бүсгүйн дуулах
Тооцоо хэмжээт найрагт толгой холбож багтамгүй
Томруун их хөдөлмөрийн тоо алдрам мэргэжилд
Бүрэн эзэн нь болж нийгэм журмыг гардсан
Бүгд Найрамдах Улсын маань иргэн бүхний дуулах
Цагийг эзэлсэн дууны үгийг байлдан дагуулахаар
Цаасан цагаан талбарт үзгэн зэвсгээр тулалдаж
Энэ зууны шүлэглэлд эрэлхэг гавьяа байгуулсан
Эрхэм цэц хөвгүүдээ эх орон нь мартахгүй !
Аяс нийцүү үгсээрээ уул талыг баясгаж
Ард бүхний сэтгэлд унаган дүрээ үлдээсэн
Алдарт ерөөлч Сандаг, Гэлэгбалсан нарыг
Алтан гургалдай гэмээ нь гүйцэн донгодоо гэж үү.
Гүрэн улс донсолсон гүжир хатуу онуудад
Гүйдэл жороо шүлгээрээ удаах үеэ дагуулсан
Гүнзгий тунгалаг ухаантай Ядамсүрэнгийн тухай
Гүндүүгүй Монгол сэхээтэн Буяннэмэхийн тухай
“Учиртай гурав” – ын цомнолоо чихрийн цааснаа бичсэн
Уран үгсийн байлдагч Нацагдоржийн тухай
Удаах үеийг нь дааж “Бэр цэцгээ” ургуулсан
Улаан тэрмэн дээлтэй Ренчин өвөөгийн тухай
Харь холын нутгаас “Буурал ээжээ” дуулсан
Хатгин овгийн шүлэгч Дамдинсүрэн гуайн тухай
Хан Хэнтийн найрагч Цэдэнжав гуайн тухай
Хагас зууны түүх дэлхий дахинд ярьж байна.
Дайны үеэр дуурссан залуу Чимидийн шүлгүүд
Даруу зөөлөн аяст Лхамсүрэн гуайн найраг
Давхиа дундаа жороолсон Явуухулангийн уянга
Даваа олныг давсан Нямдоржийн бадгууд
Хорьдугаар зууны жараад онуудын үес
Хотын сөөсгөр охидтой жаргал зовлон хуваалцаж
Хоньчин малчны хамт жавар салхи сөрөлцөж
Ховдын өндөр даваанд жолоочийн кабинд суулцаж
Цэнгэлийн алтан дарсанд хөөс сагатал уншиж
Цэнхэр шилэн жүнзний хөвөө сэтэртэл тулгаж
Цэцэн мэргэний одонд хориод насаа цацсан
Цэвэр хөнгөн сэтгэлтэй хонгор найзуудын шүлэгт
Шаравын Сүрэнжав, Шагдарсүрэн, Нямаа
Шагдарын Дулмаа, Пүрэвсүрэн, Бадраа …
Цайлган зүрхэн дунд минь мөнх дүрсээ сийлсэн
Цаг үеийн чацуутнууд мөр мөрөөр ярайнам.
Өнөө бидэнд эгэлхэн, маргааш түүхэнд ховорхон
Өнгө өнгийн аястай малчны энэ хүүхдүүд
Өөр өөрийн алдраар үе цагаа эзэмдэж
Өнөр дэлхийн түмэнд Монголын тухай дуулсан юм.
Цагаан хэрмээр гинжилсэн “Тэнгэр уулыг” хайж
Цастан тундраар эмжүүлсэн Сибирь орныг мөрлөж
“Ишиг хөл” нуураас Хайлаар мөрнийг тултал
Идэр бөхийн цээж шиг ханхайж тэлсэн нутаг
Ванчинбалын бийрээр Инжинашийн хэлхсэн
Баатарлаг туульсын халаанд ээлжээ аван гарч
Байгуулах их хөдөлмөрийн шинэ эринийг дуулах
Байнгын хүндэт харуулд шинэ шүлэгч зогсож байна.
Зуу зуун шүлэгчийн магтаж цэцэлж ирсэн
Зуур зуурын түүхэндээ мандаж гандаж үзсэн
Зураг сайхан байгальтай борог даруу Монголын
Зузаан намтраас хуучлах нь түүхч бүхний зөв өө.
Ургаа бие тэнхээтэй ч уулыг хараахан өргөхгүй
Ухаан бодол тэнхээтэй ч урьдын түүхийг өөрчлөхгүй
Улирахыг, угтахыг, өнөөдрийг тус тусад нь
Ул суурьтай тунгаах учир шалтгаан гэж бий.
Наран шингэх далайд мориныхоо туурыг угаасан
Найман зууны өмнөх Монгол өвөг яахав.
“Цагийн юм цагтаа” цалгиад халгиад өнгөрч
Цаас чулуу хоёр дээр гүнзгий мөрөө үлдээсэн юм.
Хатуу догшин өвгөөсөө тэс өөр замд бид
Хамтын хөгжлийн үнэнээ тэмцлийн цусаар баталж
Хар цагаан хоёрыг ард түмнээрээ ялгуулж
Хаш цагаан барилгуудаар үеийнхээ түүхийг бичсэн юм.
“Отгон тэнгэрийн” зулай дээр төрийн далбаагаа хатгаж
“Орхон түшээ гүн”- г тарианы сувгаар хөтөлж
Ой хөвчийн модыг орон хотдоо жагсааж
Овор хатуу цөлийг худгийн өрмөөр цоолж
“Хөдөлмөрийн гавьяаныхаа улаан тугийн одон” болсон
Хөдөө аж ахуйн тосгон ардын нэгдлийн төвүүдээр
Хөвчин их орныхоо алдрыг өргөн шагнасан
Хөрслөг хатуу булчинтай залуу түмний минь гар
“Эрхт тэнгэр эздийн” үлдээж чадаагүй дурсгалыг
Энэ Монголын шороонд үүрдийн болгон цогцлуулж
Эрчим хүчээр суниах үй түмэн хот юугаар
Эл хуль талын зүүд нойрыг сэрээсэн юм.
Шүлэг дуу төдийгөөр шүтээн мөрөөсөж авчраагүй
Хүлэг морин дээрээ хүч үзэлцэж авчирсан
Ардын энэ хувьсгалын алтаар цэгнэшгүй үнийг
Арван нэгдүгээр оны партизан ах нар гэрчилнэ.
Мөнхийн энэ хувьсгалыг энхийн замд нь оруулах гэж
Мөн ч олон бэрхшээлийг энэ үе минь тоолсон юм.
Дэлхийн олон хувьсгалын дэвтэрлэж үлдээсэн ботид
Дэвшүүлэх хувь нэмрээрээ өвөрмөц замыг туулсан юм.
Бурхныг халаад бид ганц хүнийг шүтэж үзсэн
Будлиу тулгам алдаанаас цус ханхлахыг ч үнэртсэн
Бушуу түргэн хөгжих гэж яараад даарч ч үзсэн
Бурууг зөвөөр нөхөж нийгэм журмыг байгуулсан.
Монгол гэдэг ийм орон байсан юм.!
Морьтон эрчүүл нь
Зодгон доор өсөж
Зогсоогоороо нөгчдөг
Зоримог эх орон байсан юм.
Монгол гэж ийм орон байсан юм !
Саран гоо
Саальчин хүүхнүүд нь
Салхинд боролсон
Сайхан эх орон байсан юм
Монгол гэж ийм орон байсан юм !
Тэнгэр нь цэнхэр
Тэгш тал нь цэлгэр
Тэнд суугчид нь цэмцгэр
Тив дэлхийд хосгүй эх орон байгаа юм !
Монгол гэдэг ийм орон байгаа юм.
Уул нь өндөр
Ус нь тунгалаг
Ургамал нь өнгөлөг
Уужим эх орон байгаа юм !
Монгол гэж ийм орон байх юм.!
Тансаг цагаан өргөөндөө
Таван тивийнхнийг
Тараг айргаар зочилсон
Тайван энхийн орон байх юм !
Монгол гэдэг ийм орон байх юм !
Хүний хийсэнд дадаж
Хүний хийгээгүйг сэдэж
Хүй энэ орчлонтойгоо
Хүж барилцсан орон байх юм.
Монгол гэж
Байсан ч орон
байгаа ч орон
байх ч орон !
Байлгах ч гэж
Байгуулсан юм
бахдуулсан юм бид !
Байх байхдаа
Баргийн юм биш
Баатрууд билээ л !
Баатар гэж мэдэх үү ?
“Олон өнгийн ялгаатай
Олон хилийн залгаатай
Орчин үеийн бөмбөрцөгийн
Улс төрийн зураг дээрх
Овор даруухан зүстэй
Онгон улаан хилтэй
Онцгой нэгэн дүрсэн дотор
Мянган үеийг дархалж
Ташуураа бариад босохдоо бүтэн нийгэм алхдаг
Танай монгол ер нь ямаршуу хүмүүс вэ ?” гэвэл
Таван тивийн чуулдаг үзмэр, тэмцээн, хурал дээр
Танилцацгаа, Миний Монголын үр садтай !
Орчин үеийн хувцасны онцгой маяг шалгаруулах
Олон улсын комиссыг амьсгал татан гайхтал
Оёдлын ураар аархаж үнэт үсээр туйлсан
Оноот монгол дээлтэй ойн согоо шиг бүсгүй
Сарны мөнгөн туяа шиг тэгшхэн чийрэг хөлдөө
Савхины дээдээр хийсэн дэгжин гутал жийж
Сайхан хар гэзгээ мөрөн гол шиг суналзуулж
Сансрын ганцхан цолмон шиг гялалзаж явааг хар !
Сайхан тэр бүсгүй чинь миний Монгол орны
Саран гоо гэгдсэн уран цагаан бүсгүй
Саяар тоолох сүргийнхээ сааль сүүг бялхуулж
Сав ертөнцийн түүхэнд Монголыг төрүүлсэн ижий !
Алтан бамбар дүрэлзсэн “Олимп” наадмын талбарт
Алга ташилт нижигнэсэн чөлөөт бөхийн дэвжээнд
Арван зүгээс шалгарсан алдарт эрцүүлтэй тулж
Арслан зааны тэнхээгээр ааглаж байгаа бөх чинь
“Даншиг” наадмын оноонд хоёр зуун жил цоллуулсан
Далай Даян Дархан, Хүдэр, Дугар аваргуудын
Дараах үеийг эзэмдэх хүндтэй гавьяа хүлээсэн
Даруу түвшин Монголын давшиж яваа залуус !
“Эр бор харцага нь жигүүрэндээ хүчтэй” гэдэг
Эртний цэцэн түмний жирийн энэ хөвүүд
Энх наадмын талбарт төрийн тугаа өргөж
- “Энэ миний Монгол” гэж дэлхийд харуулсан бөхчүүд !
Ертөнцийн заяаг шийдэх Нэгдсэн Yндэстний Байгууллагын
Ерөнхий Ассамблейн хурал дээр таслах эрхтэй өндийж
Даян дэлхийн амгаланг дархлан хамгаалж байгаа
Даруухан тэр дипломат – миний Монголын иргэн !
Цахиур чулуу хагарам нүсэр хатуу онуудад
Цаг төрийн шуургатай нүд цавчилгүй тулж
Ахуй улсынхаа нэр ард түмнийхээ хүндийг
Аваад гардаг байсан монгол төрийн зүтгэлтэн
Ядуурал дарлал хоёрын гашуун бүхнийг хүлээж
Ялалт ололт хоёрын гавьяа бүхнийг хүртэж
Эрх чөлөө, тусгаар тогтнол, тэгш байдлын
Эрхэм үнийг ухаарсан малчны хүү энэ байна !
Морин туураар эх түүхийг тамгалсан
Монголыг үзье гэвэл ийм орон байдаг юм !
Морьтон ардын хувьсгалаар шинэ түүхэнд тодорсон
Монгол түмэн гэвэл ийм хүмүүс байдаг юм.
Ханагар энэ Монголынхоо харьшгүй алдрыг үүрч
Хан хурмастыг алхаж одны чулуунд сийлэх
Хамгийн түрүүчийн үгээр гарчиг тавьсан найргаа
Хатан дэлхийн хүн ард та нартаа өргөе.
Шүлэгч Гулрансын есөн намар анхилуулсан
Сүмүн өвсний үнэрийг гүйцээ нь үгүй гэвч
Дэлгэр Монголынхоо тухай сэтгэл нээж дуулсан
Дэндүү залуу найргийг минь зүрхэндээ хадгалаарай.
URL: