Биржийн хууль гарсанаас хойш махны үнэ хоёр дахин өсчихлөө, ХАА-н бирж хаачив
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, барааны биржийн тухай хууль 2011онд батлагдсан.
Үүний дагуу хөдөө аж ахуйн бирж байгуулагдах ёстой. Энэ биржийн үйл ажиллагааг бэлтгэх ажлын алба, дээрээс нь бодлогоор хангах Зохицуулах зөвлөл байгуулагдсан.
Манайд өмнө нь хөдөө аж ахуйн түүхий эдийг төвлөрүүлдэг бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ байсан. Энэ сүлжээ задарснаас үүдэж үндэсний үйлдвэрлэл түүхий эдээрээ хангагдаж чадахгүйд хүрсэн. Түүнээс гадна мах, ногооны үнийн цочир хэлбэлзлийг барьж, дунд нь зуучлагч байлгахгүй байх шаардлага тулгарч байна. Тиймээс энэ бүгдийг зах зээлийн жинхэнэ горимд оруулах зорилготой бирж байгуулагдах ёстой.
Бирж байгуулагдахын тулд хамгийн түрүүнд биржээр арилжаалагдах бараа түүхий эд бэлтгэгддэг. Чанар стандартыг хангаж, арилжааны бараа болон бэлтгэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, малчны хотонд байгаа ноос, мах, арьс шир хэрхэн яаж худалдан авагч, үйлдвэрлэгч, хэрэглэгчиддээ очих вэ гэдгийг бэлдэх юм. Үүний тулд түүхий эдийг анхан шатны тордолт хийдэг нэгжтэй байх, малчид, тариаланчид түүхий эдээ бүрдүүлээд түүнд арилжаа явуулаад, баталгаатай агуулахад хадгалж, баталгаатай, даатгалтай тээврээр тээвэрлэж хэрэглэгчдэд хүргэх нэгдсэн сүлжээг бий болгох ёстой гэж байгаа.
Бирж бол өнөө маргаашгүй хийчих зүйл биш ч биржийн тухай хууль батлагдсанаас хойш даруй хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Биржийн тухай яриа л явахаас бодит биелсэн зүйл алга. Мах, ногооны үнийг энэ бирж зрхицуулах ёстой байтал тэр цагаас хойш үнэ нь даруй хоёр дахин өсөв. Гэвч эхлээд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, хөдөөд малчид түүхий эдээ төвлөрүүлдэг хоршоодыг бий болгох хэрэгтэй гэнэ.
Анхан шатны тордолт хийдэг бэлтгэлийн цэгүүд, түүнийг арилжаанд оруулж зардаг арилжааны эрхтэй брокерууд байх ёстой аж. Брокеруудын санал болгосон зүйлийг өдөр тутам арилжаалах клирингийн эрхтэй компаниудыг бий болгох хэрэгтэй юм байна. Түүхий эдийг нааш цааш нь хүргэдэг баталгаат тээвэр, прогромм хангамж гээд ажилд их цаг шаардагдах тул бирж хэзээ байгуулагдахыг хэлж мэдэхгүй байгаагаа энэ чиглэлийн мэргэжилтэнүүд учирлаж байна
http://tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=9764:2013-04-12-04-47-17&catid=71:uih&Itemid=415
URL: