Халаасны хулгайчид Луврын музейг хаахад хүргэв
Дэлхийд хамгийн алдартай Парисын Луврын музей ажил хаялтын улмаас хаагдаад байна.
Музейн 200 орчим ажилтан ажил хаялтад оролцож, музейн аюулгүй байдлыг сайжруулахыг шаардлаа.
Тэдний мэдэгдэж буйгаар, сүүлийн үед халаасны хулгайч нар Луврын музейн зочдыг төдийгүй ажилтнуудын амар заяаг үзүүлэхээ больжээ. “Жуулчид их цугладаг газар “урт гартнууд” байдаг нь хэвийн үзэгдэл. Луврын музейд халаасны хулгай харьцангуй гайгүй байсан ч сүүлийн жил хагасын дотор бүр гаарлаа” хэмээн музейн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэв.
Луврын музей хавиар эргэлддэг зохион байгуулалттай хулгайч нар музейд үнэгүй нэвтэрч хулгай хийдэг бөгөөд цагдаа нар тэднийг хэд хоногийн дараа суллаад явуулчихдаг аж. Энэ музей жил бүр арван сая зочин хүлээж авдаг. Парисын музей төдийгүй метронд ч хулгайч нар дураараа дургих болжээ.
Хэдхэн хоногийн өмнө Парисын метронд хулгай хийдэг өсвөр үеийнхний толгойлогчдыг шүүх хурал Парист болсон байна. Нийт 22 хулгайч шүүхийн тогтоолыг хүлээж байгаа юм.
Н.Мөнхжин
URL: