Хахир зуд биш, Хариуцлагагүйн ”зуд”-наар юу болов?
Одоогоос хэдэн сарын өмнө “Багахангайн хөлдөөгчтөй махны агуулахад хонь, үхрийн 234 тонн мах хөгцөрч муудаад, хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн акт тогтоогдсон байна. “Хайран мах” гээд хэн хүнгүй л халаглаж байсан даа. Тэгээд муудсан махны сураг тасарсан. Нэг удаа сонинд “Захын хорооллоор хөгцтөй, үстэй мах хямд үнээр худалдаалахыг хотын дарга нар үүрэгдлээ” гэсэн мэдээ гараад замхарсан. Энэ тухай таамаг яриа их дэлгэрсэн л дээ. “Өнөөх устгах махыг чинь хотын захын дэлгүүрүүдээр хямдхан борлуулаад дууссан гэнэ”, “Хотын хуучин дарга нар ял зэмлэлээс айхдаа өнөөх муудсан махны чинь өнгийг угаалгаж цэвэрлээд зарчихаж гэнэ”, “Өнөөх махаар чинь хиам татаж хийгээд аль хэдийнэ бидний ходоодонд орсон юм байх аа”, “Хиам авч болохгүй шүү, муудсан махаар хийсэн гэнэ”… гээд л нэг хэсэг цуурцгаасан даа. Тэгээд бидний хэдэн сэтгүүлч 234 тонн буюу “ЗИЛ-130”-аар бодоход 47 машин, дан хонь, үхрийн тураг махны мөрөөр мөшгөлөө. Жилийн жилд нөөцийн мах бэлтгэх их ажил болдог. Улсаас ямар их хөрөнгө гардаг гээч. Тендер нэртэйгээр тэрбум тэрбум төгрөгийг голдуу танил тал, садан төрлийн компаниудад шахчихсан байдаг. Тэгээд манай нийслэлийнхэн хаврын тарчиг улиралд санаандаа таарсан чанартай хямд мах идэж чаддаг уу. Ер нь хэцүү дээ. Гэхдээ бид бүх мах бэлтгэгчдийг муу хэлэхгүй. Чанар, стандартад нийцсэн сайн мах мэр сэр байдаг ч ихэнх нь туранхай, жижиг, өнгө нь хатаж, харласан, ер өөдтөй мах байдаггүй. Түүнийг олж идэхийн төлөө яаж “нүдэлддэг” билээ дээ. Ихэнхийг нь чадал тэнхээтэй, мөнгөтөй ченжүүд аваад зах дээр бахь байдаг өндөр үнээр нь худалдаалж дуусгадаг. Бид энэ тухай газар дээрээс нь сурвалжилж байсан тул одоо нөгөөх 234 тонн махныхаа эрэлд гаръя. Энэ махыг 2011 оны наймдугаар сараас улсын төсвийн хөрөнгөөр “Darhan meat” махны үйлдвэр бэлтгэсэн аж. Тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, ерөнхий менежер Ч.Бат нар нөөц мах нэмж бэлтгэх үүрэг даалгавар өгсний дагуу бэлтгэжээ.
Ингэхдээ 70 хувийг нь үйлдвэрийн аргаар, 30 орчим хувийг нь хувь хүнээс авч бэлтгэсэн байна. Энэхүү махыг Сонгинохайрхан дүүрэг дэх Багахангай, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын харьяа, Толгойтын 102, 103 дугаар хөлдөөгчтөй том агуулахуудад хадгалжээ. Нэг агуулахад нь үхрийн 190.8, хонины 8.9 тонн махыг жижиглэж савлаад “Багахангай” гэсэн хаяг зүүлт хүртэл бичээд худалдахад бэлэн болгосон байгаа юм. Нөгөө агуулахад нь үхрийн 32.9 тонн гулууз мах хадгалжээ. Ингэж бэлтгэсэн махыг -18 хэмийн гүн хөлдөөгчтөй агуулахад 9-12 сар л хадгалах нормтой юм байна. Гэтэл 2011 оны зун, намарт бэлтгэсэн тэр их махыг ондоо багтааж борлуулсангүй. 2012 оны өвөл “Багахангай” нийслэлийн өмчит мах боловсруулах үйлдвэрийн газрын дарга П.Энхбат шинээр томилогдсон дарга П.Цогтбаатарт ажил хүлээлгэн өгөх болоход л хэрэг мандсан байна. П.Цогтбаатар дарга өөрийн байгууллагын харьяаны хоёр том агуулахад хадгалагдаж буй хонь, үхрийн 234 тонн махыг чанар, аюулгүй байдлын төвшинд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-т ханджээ. НМХГ албан бичгийг нь хүлээж аваад агуулахуудад хадгалагдаж байгаа махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулсан байна. Шинжилгээний хариу гарсан чинь эхний агуулахад хадгалагдаж байсан үхрийн 32.9 тонн гулууз махнаас мөөгөнцөр илэрч, хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гарчээ. Харин нөгөө агуулахад нь хадгалагдаж байсан хонь, үхрийн жижиглэж савласан махыг удаж муудсан ч хүнсэнд хэрэглэхэд онцын нөлөөлөх зүйл алга гэж үзээд нийслэлийн Засаг даргын захирамж гарган зарж борлуулахаар болсон аж. Ингээд хонь, үхрийн савласан 190.8 тонн мах яг бидний ходоодонд ордгийн даваан дээр НЗДТГ-аас лабораторийн шинжилгээнд дахин оруулсан байна. Гэтэл нөгөө худалдах гэж байсан махнаас нь хөгц илэрч, энэ их махыг нийслэлийн захын хорооллынхонд зарж борлуулах гэж байхад манай сэтгүүлчид “Үстэй, хөгцтөй мах борлуулах гэж байна” гээд сонинд биччихсэн юм билээ. Ийнхүү хоёр шинжилгээний хариу зөрүүтэй гарсан тул 102, 103 дугаар агуулахыг бүхэлд нь лацдаж байгаад Зайсан дахь Улсын мал эмнэлгийн тэргүүлэх зэргийн лабораторид гурав дахь шинжилгээг хийхээр болжээ. Бид энэхүү шинжилгээний хариуг бүрэн эхээр нь Та бүхэнд хүргэж байна.
“Багахангай” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын мах хадгалах хөргөлт бүхий агуулахуудад хадгалж буй хонь, үхрийн 234 тонн гулууз болон ангилж савласан махны чанар, аюулгүй байдалд НМХГ, НМЭГ-ийн лабораториудад өмнө нь шинжлэгдсэн шинжилгээний дүнг баталгаажуулж үнэлэлт өгөх зорилгоор Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүллээ. Ингэхэд үхрийн гулууз болон савласан махны өнгө хар хүрэндүү, өөх гүн шаргал, өнгөн хэсгээрээ харласан, гадна талын өөх борлож өнгөө алдсан, хуршсан үнэртэй, гашуун хуршмал амттай, биелэг байдал нь нягт, гадуураа хуурайшсан, PH 5.8-5.9. Шинэлэг байдал тодорхойлох сорилтоор: Шөл тунгалаг биш, булингар лавс ихтэй, тосон бөмбөлөг багавтар, гашуун амттай, амин шүвтэр азотын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.51 мл- аар их байна. Хонины ууталсан махны гадаад байдал өнгөн хэсгээрээ хуурайшиж харласан, өөх нь хуршиж шарласан, хуучирч хуршмал үнэртэй болсон, үл ялиг гашуун амттай, PH 5.9- 6.0. Шинэлэг байдал: Шөл тунгалаг биш, хуршмал, амин шүвтэр азотын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.21 мл-аар их байна. Бактериологийн шинжилгээгээр үхэр, хонины махны бүх дээжээс хөгц, мөөгөнцөр илэрсэн. Дүгнэлт: Шинжлэгдсэн үзүү- лэлтээр 102, 103 дугаар агуулахад хадгалагдаж буй ангилж савласан үхэр, хонины гулууз нийт 234 тонн мах нь “Мах, махан бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын үндсэн шаардлага хангахгүй байна” гэжээ. Уншигч Та эндээс хэд хэдэн зүйл ажиглаж байгаа байх. П.Цогтбаатар гэдэг шинэ дарга ирж хоёр агуулахынхаа махыг шинжлүүлэх хүсэлт тавиагүй бол энэ мах хэдийнэ нийслэлийнхний, тэр дундаа хотын захын хорооллын ядуусын ходоодонд ороод дуусах байсан биз. Гуанз, ресторанаар амтлагдаад ч юмуу, хиам болж өнгөө хувиргаад бидний ходоодонд ороогүй нь яамай даа. Манай удирдлагуудад үзэшгүй муухай нэг зүйл байна. Болж бүтэхгүй зүйлээ юм л бол хотын захын хорооллын ядуустаа шахдаг болж. Тэд хөгцтөй, мөөгөнцөртэй, муудсан махыг шахахаар оролдсон бол Засгийн газрын тэргүүн нь хамгийн утаатай, хортой, Багануурын чанаргүй нүүрсийг өнөө жил гэр хорооллынхонд шахаж утлаа шүү дээ. Ингэж иргэдээ баян, хоосноор нь алагчилдгаа болимоор байгаа юм. Ер нь иргэдээ боддоггүй энэ эрхэм дээдэс бидэнд юу ч шахаж мэдэх нь. Гурван шинжилгээний хариу нэгэнт энэ махыг хүнсэнд хэрэглэж болохгүй гэж гарсан тул нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. Захирамж ёсоор энэ оны гуравдугаар сарын 26-нд мах устгалын ажлыг зохион байгуулж ажиллахыг “Багахангай” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга П.Цогтбаатарт үүрэг болгоод устгах газар нутгийг нь тогтоох, булах, ариутгах бүх төсөв зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг холбогдох хүмүүст нь даалгасан байх юм. Гэтэл өнөөдөр дөрөвдүгээр сар хэдийнэ дундаа орох гэж байна. Энэ хариуцлагагүй явдлын цаад талд дандаа том дарга нар байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийг удирдаж байсан хүмүүс. Тэд хэрэг явдлыг булзааруулж, удаашруулсаар байгаа юмуу даа гэж бид ойлгож байна. Учир нь устах үүрэг бүхий хүмүүс нь Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан, тэнд л удаашраад байгаа болов уу гэсэн сураг сонсоод УМБГ-ын ажилтан н.Эрдэнэбилэгтэй уулзлаа. Тэрбээр “Надад тийм хэрэг ирээгүй. Манай мөрдөн байцаах газарт ч байхгүй. АТГ-т хандсан нь дээр байх” гэснээр бид эрлийн дараачийн үзүүрийг АТГ-аас эхлэхээр төлөвлөөд байна. Харин бид энэ удаад мал эмнэлэг, хорио цээр, мэргэжлийн хяналтын салбарт гуч гаруй жил зүтгэж, үнэнч шударгаараа олны талархал хүндлэлийг хүлээсэн Б.Ганхуягтай уулзсан юм.
Тэрбээр “Хүнсэнд хэрэглэж болохгүй нь тогтоогдсон 234 тонн махыг устгаж л таарна. Гэхдээ устгалт маш нарийн технологитой. Сэг зэм устгах заавар гэж байдаг юм. Тэр дагуу устгана. Өөрөөр хэлбэл, хоёр метрийн гүнд эмийн бодис зулаад махаа хийж булдаг. Дараа нь булсан газрыг кадастрын зурганд оруулна. Учир нь энд ийм гэм зэмтэй мах булсан гэдгийг мэдэж байх ёстой. Уг нь устгалт хийх тусгай талбайг хотын ойролцоо байгуулж тэндээ устгал хийх ёстой л доо. Тухайлбал, мал, амьтны халдварт өвчнөөр үхсэн, жирийн муудсан мах, хүнсний зүйлийг тусгай газар булж, сайн ариутгахгүй бол сүүлд нь ямар нэгэн муу нөлөө үзүүлж болох талтай. Миний хувьд дээд байгууллагын шийдвэрээр төрөл бүрийн устгалт хийсэн олон удаагийн туршлага бий. Түүндээ тулгуурлан энэ махыг устгаж ариутгана” хэмээн ярилаа.
Түүний хэлснээр энэхүү 234 тонн мах өнөөг хүртэл найдвартай газар хадгалагдаж байгаа юм байна. НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Ганхуяг устгах мах хадгалж буй хоёр агуулахыг битүүмжилж лацдаад, хэний ч гар хүргэхгүй, устгах шийдвэрийг хүлээж суугаа ажээ. Гэхдээ л гурван удаа дээж авч шинжлэхэд гурвууланд нь “Хүнсэнд хэрэглэж болохгүй” гэсэн дүгнэлт гараад, 2012 оны нэгдүгээр сарын 16-нд устгах тухай нийслэлийн удирдлагуудын шийдвэр гарчихаад байхад гурван сар шахам хугацаанд устгуулахгүй агуулах бөглөөд байгаагийн цаана ямар учир шалтгаан байгааг зарим хүмүүсээс тодруулсан юм. МХЕГ- ын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газрын дарга Ю.Галсан “НМХГ-аас удаа дараа шинжилгээ авч шалгаж тогтоосон 234 тонн мах лац ломботой агуулахад хадгалагдаж байгаа нь үнэн. Энэ асуудлыг МХЕГ-т ч ярилцсан. Ер нь зайлшгүй устгах шаардлагатай. Цагдаа, хуулийн байгууллагаас гэм буруутай эздийг нь тогтоож арга хэмжээ авах хүртэл хүлээгдээд байгаа юм болов уу даа. Хуулийн байгууллага шийдвэрээ гаргавал манайхан энэ махыг устгалд оруулахад бэлэн” гэлээ. Иргэдийн асууж сураглаад байгаа энэхүү хонь, үхрийн нийлсэн 234 тонн мах яг одоо “Багахангай” нийслэлийн өмчит газрын харьяа, Сонгинохайрхан дүүрэг дэх аммиакан хөргүүлтэй 700 тоннын багтаамжтай 102, 103 дугаар агуулахад хадгалагдаж байна. Лац ломбоны эрх нь ганцхан улсын байцаагч Б.Ганхуягийн мэдэлд байгаа юм байна. Таван тонны даацтай “ЗИЛ- 130” машинаар бодоход 47 машин болж байгаа юм. Тус бүр нь 20 кг-ын жинтэй тарган хониор бодоход 11700 толгой малаа газарт булах гэж байна. Мөн ч их мах шүү. Мөнгөөр үнэлэх юм бол нэг тэрбум 300 сая орчим төгрөг юм уу даа.
Нэг талаас хайран хөрөнгө, нөгөө талаас хайран амь. Өвөл, хаврын зуданд малаа сая саяар нь үхүүлж, хариуцлагагүйн зуданд 10, 20 мянгаар нь алдаад байхаар Монголын мал сүрэг өсөх үндэс байна уу. 234 тонн мах муутгаж шороонд булахад хүргээд байгаа өндөр дээд албаныхан бурууг бие бие рүүгээ чихэж, хууль хяналтын байгууллагын таньдаг мэддэг хүмүүс рүүгээ хандаад устгалыг удаашруулж буй ч сураг байна. Хамгийн гол нь энэ их махыг эрхэм дээдэс юу гэж хадгалж байв аа. Тиймээс “Ямар нэг байдлаар хувьдаа ашиг олох гэсэн юм биш байгаа” хэмээн хардах сэтгэл төрж буйг нуух юун. Уг нь гурван удаагийн шинжилгээний хариу гарчихсан бултах, зайлах газаргүй л юмсанж. Хууль хяналтын байгууллага хэнд нь ямар байдлаар хандаж буйг бид дараа дараагийн дугаартаа тогтмол мэдээлж байх болно. 700 тонн махны багтаамжтай тэр том агуулах хоосон цэвэр ариунаараа байсан бол “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэгчээр их л хэрэг болох байсан даа. Одоо тэр мах устгагдаад агуулахыг нь дахин дахин ариутгаж цэвэрлэх, хэвийн байдалд оруулахын тулд мөн ч их ажил болно. Улсынх болохоор хайхрах хүн байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Долоон үхэр махалсан, 10-20 толгой мал хулгайлж нядалсан хүн шоронд л суудаг юм билээ. Хайран малаа бөөнөөр нь нядалж, 234 тонн махыг нь шороонд булуулах болчихоод байгаа холбогдох албаны хүмүүс ямар хэмжээний ял зэм хүртдэг юм бол доо. Үүнийг бид харах л үлдлээ.
Сурвалжилсан: Г.Жамьян М.Наранболд Ц.Оюунтунгалаг
URL: