Мухар сүсэг хийгээд нийгмийн сэтгэлзүй
Дээхнэ үед гэх үү дээ, соц-иас дөнгөж ардчилал руу шилжиж байсан нийгмийн ороо бусгаа үед олны хүндлэл хүлээсэн манай нэг ТВ сэтгүүлч “Алтан цөгцний эрэлд” цуврал нэвтрүүлэг хийж байлаа.
Энэ нэвтрүүлэг тухайн үедээ л нийгмийн анхаарлыг татаж, басхүү тэр цөгц нь олдохгүй, Монголоос хил даваад гаргачихсан бол тухайн хүний төдийгүй Монголын хувь заяанд сөргөөр нөлөөлнө гээд л алдсан хүмүүс нь эрэл хайгуул болж, шинэ нийгэмтэй хөл нийлүүлэх гэж бэдэрч яваа олонхи хүмүүсийн сэтгэлийг зовоож байсансан, тухайн үедээ.
Гэвч сүүлдээ алтан цөгц ч олдоогүй, нийгмийг түгшүүлсэн зүйл ярьж, эрэлд гараад байсан улс ч сураг алдарсан. Төд удалгүй Өнөрмаа гээд гал гаргадаг ид шидтэй бүсгүй гарч ирэв. Үнэхээр гал гаргаж байгааг нь харсан байхгүй. Гал нь гэнэт л гардаг гэнэ.
Өнөрөөгийн биед гал гарах үеийн өмнөх ямар нэг зүйл мэдрэгдэггүй. Хэзээ хэдийд, ямар давтамжтай гарах нь бас мэдэгддэгүй. Тиймээс гал гаргадаг бүсгүй нийгэмд нэлээд хэмжээний хохирол учруулсан, Гэвч түүнийг онцгой сод авьяастай бүсгүй хэмээн “оношилж” улсаас орон сууц олгож, тусгай хангамж эдлүүлж байсан санагдана.
Гэр хороололд аав ээж, дүү нартайгаа амьдардаг бүсгүйн амьдрал ч амьдрал ахуй нь ч суга дээшилсэн. Түүний биенээс гал гараад байгаа учир шалтгааныг манай анагаах ухаан болоод уламжлалт аргаар ч оношилж чадаагүй, нэг хэсэгтээ л судлаад байлаа.
Харин энэ галны учрыг хүчний байгууллагынхан тогтоосон юм. Шалгаж байсан цагдаагийн албан хаагч галыг чүдэнзээр тавьсан болохыг анхлан тогтоосон ч мухар сүсэгт автсан томчууд түүнд тоомжиргүй ханджээ.
Харин цагдаагийн албан хаагч эрлээ мухарлаж, цэглэсэнгүй, мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлсээр… Энэ хугацаанд тавьсан жүжигтээ гүнээ итгэсэн Өнөрөө араас нь мөрдөөд байгааг анзаараагүй аж. Арга ч үгүй биз. Хүн бүр л шүтээд, сүсэглээд байхаар.
Цагдаа мөрдлөгөө үргэлжлүүлсээр, эмнэлэгт хэвтэж байх үед нь түүний эзгүйд палат руу нь орж, Өнөрөөг сандаалныхаа улавчны завсар чүдэнзний дарь олноор хийснийг олж тогтоон, сувилагчийг дуудан гэрчээр байлцуулснаар Өнөрөөгийн гал унтарсан юм.
Нийгэмд олон сая төгрөгийн хохирол учруулсан Өнөрөө эдүгээ ялаа эдлээд гараад ирсэн байх. Харин нийгмийн сэтгэлзүйд учруулсан хохирлыг яаж барагдуулж чадах билээ, тэр. Өнгөрсөн 2012 оны хагас жилээс хойш манайхан айхгүй ч гэсэн хэсэг аягүйтэв.
Зарим нь тухайн жилийнхээ төлөвлөсөн ажлаа хойшлуулж, цаг алдсан. Учир нь өнөөх алдарт 12 дугаар сарын 21. “Орифлейм”-ийн Оюунгэрэлийн дэлхий сөнөх тухай мэдээлэл. Мухар сүсэгт автсан түүний энэ мэдээлэлд олон хүн итгээгүй ч, аягүйцсэн нь үнэн.
Үгүй ядахдаа л 21-ний бэлтгэлийг хангах гэж монгол гэр худалдан авч, тухайн өдөр хотоос зайдуу амралтын газрууд амрагчид ихтэй, багтаж шингэхгүй байлаа. Лаа чүдэнз ч ховрын бараа болсон дог.
Харин шинжлэх ухаан болоод бурхан шашны тэргүүнүүд 21-н гэдэг жирийн өдөр байх болно гэдгийг хэлж, нийгмийн сэтгэлзүйг дэвтээж байв. Дэлхий сөнөнө гэсэн мэдээллийн дараагаар манай хэвлэл мэдээллийнхэн төр, нийгмийн гүүр байх үүргээ маш сайн гүйцэтгэсэн шүү.
Тухайн өдөр болохоос өмнө эрдэмтэн, доктор, мэргэжлийн хүмүүс, лам хуврагуудаас цувралаар яриа авч байлаа. За ингээд энэ сенсааци намжаад жил ч болоогүй байтал 200 бурхан амаараа гаргаж, 2000 чулуу доогуураа төрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Мөнгөнчимэг гэдэг бүсгүй гараад ирлээ.
Итгэмээргүй юм. Ходоод нь байтугай бие эрхтэн нь ган бат, гэмтэж, элэгдэшгүй төмөр юм байна даа гэх ёжтой бодол төрөв. Эвэртэй туулай харсан гэдэг шиг л. Үнэндээ ч итгэхгүй л байна даа, итгэе гээд ч итгэл төрөхгүй байна. Гэхдээ түүнд итгэсэн хүмүүс байна аа, өөртэй нь ярилцсан сурвалжлагчаас эхлээд.
Олны чихийг дэлдийлгэсэн мэдээлэл тарахаар гайхах сонирхох, эгдүүцэх, бухимдах гээд нийгмийн түмэн ааш авир гарна. Хөндлөнгөөс үүнийг харж нэрвтэж яана гэх нэгэн ч бий. Олны дургүйцлийг хөдөлгөх болсон гол шалтгаан нь олон нийтийн ТВ-гээр гарган сурталчилсанд.
Аль аймаг сум, хөдөө хотод үздэг, мэддэг, хардаг хүмүүс аль байхыг тэр гэхэв. Итгэсэн олон нь өөрсдөө л очиж үзүүлдэг. Хамгийн эхлээд Хөвсгөлийн тэр охиныг эмнэлэгт үзүүлсэн болов уу гэх бодол төрж билээ. Ходоод гэдэс, дотор эрхтэн нь урагдаад хэцүүдсэн дээ гэхээс бие арзас хийнэ.
Тэгээд чулууг нь байгалийнх юм гэхэд төрүүлсэн бурхад нь хүний гараар хийсэн бүтээлүүд, бүр хуучны “50″-тын мөнгө гээд бидний мэдэх эдлэлүүд. “50″-тын мөнгийг залгиж болно, бурхадыг яаж залгисан юм бол, есөн килограмм чулуу шээсний сүвээрээ гаргах байтугай шээсээ жаахан тэвчихэд л давсаг хагарчих гээд байдаг даа,
дээгүүр, доогуураа өчнөөн олон зүйл гаргасан мөртлөө эмнэлэгт нэг ч удаа хандаагүй байх юм гээд толгойд элдвийн бодол эргэлдэхэд “Хн, худал мэдээллийн араас юунд элдвийг боддог байна” гэж өөртөө хэлэвч, буцаад л эргэцүүлчихсэн байна.
Дэмий зүйлд тархиа гашилгаад байгаа нь дан ганц би ч биш юм байна. Хошин шогийн мэдрэмжтэй манай монголчуудын хувьд энэ удаад сенсаацийг өөрт ашигтайгаар эргүүлж байна. Мөнгөн аяга, гар утас, таван давхар хаус гээд л хүссэн болгоноороо бөөлжихөөр болов.
Ажлын зар ч цаг үетэйгээ нийлж “Өдөрт 20 удаа доллар, иен, вон, юаниар бөөлждөг нягтлан бодогч ажилд авна, цалин өндөр” гээд гарсан байх жишээтэй. За энэ мэт цуу мэдээлэл ч ингээд өнгөрдөг юм байж. Цаашид яах вэ, Нийгмийн сэтгэлзүйгээр тоглосон этгээдүүдийн хажуугаар дуугүй өнгөрсөөр байх уу.
Ерөөсөө нийгмийн сэтгэлзүйгээр тоглосон мэдээллүүдэд хариуцлага тооцох цаг болжээ. Магадгүй, тэр охин үнэхээр ид шидтэй, биенээс нь дээрх хэмжээний зүйл гарсан байж гэж бодъё. Үүнийгээ олон түмэнд нотолчих хэрэгтэй. Баргийн зүйлд итгэхээ байсан миний хувьд “тоглоом тоотой нь дээр” гэдэг үг л санагдана.
Ер нь цаашдаа нийгмийн сэтгэлзүйгээр тоглосон этгээдүүдэд оногдуулдаг ялтай болмоор юм. Манай энэ хууль тогтоох байгууллагын эрхмүүд өөрсдөдөө зориулсан хууль батлахаар хоорондоо маргалдаж байхаар нийгмийн амар амгалан байдлыг хангах талаар нэгийг бодож, нөгөөг боловсруулна байгаа.
Э.Жаргалан
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”
URL: