“MCS” группын шахааны Илч зуух дэлбэрч нэг хүн амиа алдлаа
- MCS-ийн утаагүй зуухны төсөл “Өлзий+Хас тэнцүү Илч” тэгээд “дэлбэрэлт”-
Монголд галын аюул нүүрлэжээ. Тэр дундаа утаагүй зуухны дэлбэрэлт гэж хэлж болно. Хэдэн жилийн өмнөөс Улаанбаатар хотын утааг бууруулах зорилт тавин “Төслийн утаагүй зуух” хэрэгжүүлж эхэлсэн. Анх гарсан даруйдаа хороодоор дамжуулаан иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэгдэж байсан ч энд тэнд дэлбэрлээ, шатлаа гэсэн яриа гарахад нэг их ойшоолгүй өнгөрөөж байсан нь үнэн. Харин сүүлийн үед онц ноцтой, олон хүний аминд хүрсэн галын хэргүүд гарч байгаа нь анхаарал татах болсон энэ цагт зарим нэг нь уг төслийн зуухтай холбоотой гарсан галын хэрэг байж ч магадгүй талаар иргэд шуугиж эхэллээ. Анх гарсан даруйдаа л долоон буудалд зуух дэлбэрээд гэр юу ч үгүй болтолоо шатчихлаа гээд л зурагтаар иргэд ярьж байсан ч амийг нь хамхиулж дөнгөсөн. Учир нь хүний амь нас эрсдээгүйгээс тэгээд ч өөрсдийн халаасалсан хэдэн төгрөгний булхай хамаагүй эрт илэрчих гээд байснаас. Өнгөрөгч долоо хоногт 361 дүгээр гарамын хэрэг олныг цочроосон. Долоон хүний амийг авч одсон энэ хэргийн галын шалтгааныг цогтой үнс, салхи хоёрт анхан шатны дүгнэлт бурууг тохож байгаа.
Хорооны зохион байгуулагч авгай ч хоёр жил болж байгаа айлыг бүүр цаашлаад 5 хан сартай нялх нярайтай айлыг бид мэдэхгүй гээд хэлж байсан нь ч хачирхалтай. Зарим эх сурвалжийн хэлснээр тус айлыг анх нүүж ирэхэд нь гэрээ барьж амжаагүй шахам байхад нь ямар зуухтай юм, төслийн зуухгүй бол … гээд ширүүлж байсан гэнэ. Хашаанд хөглөрсөн гэгдэх цахилгааны утас, гэрийн хойно асгасаг цогтой үнс гээд байгаа ч чухам юунаас болсон талаар одоохондоо дүгнэлт гараагүй л байна. Хэдий миний бие галын мэргэжилтэн биш ч нэг зүйл хэлэхгүй өнгөрч амжихгүй нь. Монгол хүн үнс нурмаа гэрийнхээ хойно асгадаг бил үү. За өөр олон үгээр яах вэ. Эндээс л нэг зүйл харагдана биз.
Гурав, дөрөвхөн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн 17-р хороонд төслийн зуух дэлбэрч нэгэн хүн амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 6-ны орой 22.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д.Бат-Очирын гэрийн зуух дэлбэрч, хүргэн хүү нь нас баржээ.
Зуух дэлбэрдэг өдөр тэнгэр хангай зэврүүн ч хаврын урь орж ханш нээсний маргаашхан учир Д.Бат-Очирынх галаа түлэлгүй өдрийг өнгөрөөжээ. Хоол цайгаа хийх орой унтахад дулаахан байг хэмээн 19.00 цагийн орчимд зуухандаа нүүрс хийжээ. Гэтэл хийсэн нүүрс нь сайн шатахгүй, гэр нь нэлээд жиндэж эхэлсэн байна. Шал угааж байсан рхиноо холдуулан зуухны амыг онгойлгон шалгах гэж байсан үеэр талийгаач Д орж ирсэн аж. Гэтэл түүнийг үг хэлэхийн завдалгүй “Илч” зуух дэлбэрч, хүргэн хүүг хаалганы гадна 2-3 метрийн зайд шиджээ. Нүд ирмэх зуур болж өнгөрсөн уг дэлбэрэлтийн улмаас Д-гийн тархины үйл ажиллагаа бүрэн алдагдсан учир нас баржээ. Харин Д.Бат-Очирын нүүр, цээж, гар тэр чигтээ түлэгдэж, хэд хэдэн оёдол тавиулсан байна. Мөн бага охин Б.Мөнхшүрийн хөл, гар, ууц тэр чигтээ түлэгджээ.
Харин уг дэлбэрэлтийг энэ удаад ч мөн адил “Иргэний буруу ашиглалтаас болж, утаагүй зуух дэлбэрсэн” гэх дүгнэлт гаргажээ. Энэ талаар гэрийн эздээс лавлахад “Манайхыг ус хийгээгүй удсан байна. Тэгээд дэлбэрсэн. Ард нь дохиолол бий. Тэрийгээ сонсохгүй яагаав” гэж “Хүрд”-ийнхэнтэй хамт ирсэн шинжээч нар загнасан. Үнэндээ усгүй байсан бол дэлбэрэлт болсны дараа палкан байшин амархан шатаж, гадаа салхи ихтэй байхад гал авалцах байсан. Гэтэл дэлбэрэлтийн дараа байшин тэр чигтээ нэл ус болж, зуухнаас их хэмжээний ус асгарсан. Бас ямар ч дохиолол дуугараагүй. Мөн манайх гал руугаа газ хийх нь битгий хэл, дугуйны хаймар ч шатаадаг айл биш. Налайхаас өөр нүүрс хийж болохгүй гэхээр нь ганцхан Налайхын нүүрс авч түлж байлаа” хэмээн ярив. Гэтэл өнөө Налайхын уурхайг нь хаачихаад байгаа шүү дээ. Ирэх жил айлууд хаанаас нүүрс авч хийх бол гэсэн асуудал гарч ирнэ. Бас л бизнес.
Харин хорооны дарга төслийн зуух нийлүүлдэг MCS-ийн бас “Хүрд”-ийн хүмүүс байнга солигдож байдаг. Хороогоор дамжуулан тараагддаг нэртэй ч бидэнд энэ талаар тодорхой хамаарах зүйл байхгүй. Дээрээс утаа бууруулах арга хэмжээ ав, төслийн зуух сайн “шах” гэсэн л үүрэг намар болохоор л ирдэг. Угаасаа бизнес гэдэг нь ойлгомжтой. Харин ямар нэг муу юм болов л хорооноос шахсан болгож байна гэж хэлэх
Энэ бизнесийн ард хэн байна вэ? Өөрсдийгөө Монголын анхдагч групп гэж дөвийлгөдөг “MCS” групп, барилгын цахилгаан сантехник угсралтын “Хүрд” компанитай хамтран “Илч” утаагүй зуухыг гэр хорооллын иргэдэд 75000 төгрөгийн үнэтэй нийлүүлдэг аж. Тэд Мянганы сорилтын сангаас 44 сая долларын санхүүжилттэй тендерт ялалт байгуулж, утаагүй зуухыг Канадаас биш, Туркээс оруулж ирдэг байж. Харин иргэдэд рекламдахдаа “Канад технологиор усан халаалтын зуухыг Канадын инженерүүд хийсэн. Манай орны нөхцөл, ахуй амьдралд зориулан үйлдвэрлэсэн. Нийтдээ 20 мянган ширхэг зуухыг айл өрхөд нийлүүлнэ. Гэр хорооллын байшинтай болон байшингаа усан халаалтын систем ашиглан нам даралтын болон ханан пийшингээр халаадаг айлуудын зуухыг утаа бага ялгаруулдаг, эрчим хүчний хэмнэлттэй зуухаар сольж байна. Нам даралтын зуухаар халж байсан байшинтай айлууд тавих боломжтой” гэдэг. Уг зуух нь өнгөрсөн онд гэр хорооллын айлуудад тараагдсан “Өлзий”, “Хас” зуухны үлдэгдэл бөгөөд “Илч” нэртэйгээр зарагдаж буй юм байна. Тус нам даралтын зуухны угсралтын ажлыг “Хүрд” компани гүйцэтгэж, борлуулалтыг “MCS” групп хариуцдаг ажээ.
Төслийн зуухаа гэж… ам сайтай нэгэн байхад муулах нэгэн ч байна. Хаана хэн үйлдвэрлээд тараагаад, хорооныхон тараасныхаа шанд хэдэн төгрөг халаасалдагийг баримтаар гаргаж ирж чадахгүй байгаа нь үнэн. Яг үнэндээ үйлдвэрлэдэг гэх хоёр компани нь ачааллаа дийлэхгүй байгаагаас хороон дээр төслийн зуух авах гэсэн иргэд хүлээж яддаг. Үүнийг нь ашигласан “буруу гар” Утаагүй Улаанбаатар төслийн зууханд хуруугаа дүрээд эхэлчихсэн юм биш үү. Өдөрт нэг хороонд л гэхэд 40-50 хүн ханддаг хэмээн сурталчилаад байгаа юм чинь нийслэл өдийд бүрэн утаагүй төслийн зуухаар хангагдсан баймаар. Амжихгүй байгаа шалтгааны улмаас хэн нэгэн өөрийн аргаар гаднаас нь харахад ихэр мэт зуухыг нийлүүлээд байгаа юм биш үү. Энэ нь гал тавих, дэлбэрэх, утаа саагих олон асуудлыг нь шийдээгүй “хуурамч” зуухаа борлуулах олон аргын нэг өнөөх л анхан шатны хороо багаар дамжуулан шахаад байгаа нь ойлгомжтой болоод байна. Мөн “MCS”-ийнхэн борлуулалтаа хангалттай хийх гэхээр “Хүрд”-ийн ажилчид “халтуур” хийгээд байна гэсэн хардлага ч байдаг гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногт болсон золгүй явдлын дараа “MCS” групп “Илч” утаагүй зуухны тендерээс татгалзаж эхэлсэн гэнэ. Ямартай ч, утаагүй зуух хэдхэн компаний бизнес болсон нь үнэн. Харин энэ бизнесийг амин хувьдаа ашиглагч байгаа нь бас үнэн. Тэр ашиглагч нар нь хорооны “эрх мэдэлтэн”-үүд. Эцсийн үр дүн нь дэлбэрэлт- хүний аминд хүрэх болоод байх шиг.
URL: