Халзан бүргэдэйн лицензийг цуцлахыг С.Оюун сайдад шаардсан ч тусыг эс олов
Ховд аймгийн Мянгад суманд Халзан бүргэдэй гэх ховор элементийн ордтой уул бий. Жилийн дөрвөн улиралд нутгийн иргэд сүүнийхээ дээжийг өргөн залбирсаар суудаг энэ ууланд 2000 оноос хойш уул уурхайн компаниуд эзэн суужээ. Ингэхдээ хүний гар хүрээгүй онгон дагшин хайрханыг нь оготны нүх шиг тал талаас нь сэндийчиж эхэлсэн байна. Нутгийн иргэд ямар компани юу хийгээд байгааг асуухад нөгөө компаниуд нь “Бид ховор элементийн судалгаа хийж байна” гэж амыг нь тагладаг байж.
Хашир малчид тэдний үгэнд юу гэж итгэхэв. Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчдыг авчирна гэж нэлээд хэл ам хийсний эцэст Халзан бүргэдэйд ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшдэг эх толгой нь олдохгүй олон компанийн тоо ганц нэгээр цөөрчээ. Одоогоор тэнд “Монголиан нэйшнл рийр ийрт корп” гэх компани хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа юм билээ. Хамгийн том нь энэ компани. Үүний далбаанд гурван ч охин компани үйл ажиллагаа явуулдаг байна. Харин сумын иргэдийн ярьж буйгаар зургаан компани хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй юм байна. Тэд дулааны улирал эхэлсэн үед ажлаа эхэлдэг. Урин цаг хаяанд ирсэн болохоор удахгүй Халзан бүргэдэйг ухаж сэндийчин улаан шороо манаргаж эхэлнэ дээ хэмээн “Мянгад нутгаа хамгаалья” төрийн бус байгууллагын тэргүүн О.Чулуун халаглан ярьсан юм. Тиймээс нутгийн иргэд хамтран Халзан бүргэдэй уулаа хайрлан хамгаалахаар хэд хэдэн төрийн бус байгууллага байгуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Мянгад сумын Чацарганат, Цагаан булан, Баянхошуу, Гахайт, Баянбулаг гэсэн таван багийн иргэд, аймгийн удирдлагуудтай нүүр тулан уулзжээ. Уг уулзалтад “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн төлөөлөгч ч оролцсон байна. Сумын иргэд Халзан бүргэдэйг уул уурхайн компаниудад ашиглуулахгүй гэж гүрийсээр л хурал дууссан. Харин аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан тэргүүтэй албаныхан нутгийн малчид, уул уурхайн компанийн хооронд баахан бөөрөнхийлж байгаад буцсан сурагтай.
Нутаг усныхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн сумын ИТХ- ын төлөөлөгч Д.Намсрайжавыг улстөржлөө гэж удирдлагууд нь зэмлэсэн байх юм. Тэрбээр “Өвөг дээдэс минь ясаа тавьсан эх нутгийнхаа шороог хамгаалж үлдэнэ. Үүний төлөө чадах бүхнээ хийнэ. Манай сумын таван багийн айл өрхүүд цөм санаа нэгтэй байгаа. Ерөөсөө Халзан бүргэдэй уулаа хамгаалж үлдье гэсэн ганцхан бодол байна. Миний иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн байх эсэх нь энд хамаагүй. Эцсийн эцэст ямар ч албан тушаалаас илүү эх нутаг минь хамгаас үнэтэй. Бид сумын 800 гаруй иргэдийн гарын үсэг цуглуулчихсан байгаа. Удахгүй УИХ- ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нарт хүргүүлнэ” гэлээ. Хэрэв эрх мэдэлтнүүд тоймтой хариу өгөхгүй бол Халзан бүргэдэйд хайгуул хийж буй компаниудыг нутгийн иргэд хөөж гаргах гэнэ. Бүр усыг нь өгөхгүй байх төлөвлөгөө ч боловсруулаад амжжээ. Халзан бүргэдэй уул нутгийн иргэдийн ундны усны эх болсон Ховд голоос 50 километрийн зайд оршдог аж. Тиймээс л дээрх компаниуд үргэлжлүүлэн өрөмдлөг хийсээр байвал Хар-Ус нуур, Ховд голын эко системд өөрчлөлт орох аюултайг мэргэжилтнүүд нь анхааруулсан юм байна. Уг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Халзан бүргэдэйд олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүссэн захидлыг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд хүргүүлсэн юм билээ. Даанч тусыг олж гийгүүлсэнгүй. Тус яамны олон нийттэй харилцах ажилтнаас нь захидлын тухай лавлахад Халзан бүргэдэй гэж уул байдгийг ч мэдэхгүй гэж хээвнэг хариулав. Тэгэхээр иргэдийн итгэл горьдлого тээсэн тэр захиаг нь сайд нь уншсан эсэх нь тодорхойгүй. Үнэндээ эрх мэдэлтнүүдэд нутгийн иргэд итгэхээ болчихсон байна лээ. Сонгууль дөхөхөөр л Халзан бүргэдэйг харж хамгаална, асуудлыг шийднэ гэх урамтай үгс амнаасаа унагадаг ч эргээд таг мартчихдаг улс гэж бухимдаж сууна.
Энэ ууланд хүрэл зэвсгийн үеийн 60 гаруй булш, эд өлгийн зүйл бий
Халзан бүргэдэй ууланд ховор элементийн ордоос гадна түүхийн үнэт дурсгалууд олноор хадгалагдаж байгаа юм. Үүнийг Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэнгийн хайгуулын баг өнгөрсөн долоо хоногт илрүүлжээ. Тус хүрээлэнгийн ажилтан Батбаярын хэлж буйгаар Халзан бүргэдэй уулнаас хүрэл зэвсгийн үед хамаарах 60 гаруй булш, эд өлгийн зүйл олдсон байна. Олдворуудын ихэнхи нь язгууртан болон жирийн иргэдийн булш байжээ. Хайгуулын багийнхан түүхийн үнэт дурсгалуудыг бүртгээд л орхисон аж. Энэхүү тоон мэдээгээ Археологийн хүрээлэн болон ССАЖЯ-нд өгснөөр түүхийн дурсгалыг хадгалж хамгаалах ажлыг зохион байгуулдаг юм байна. Халзан бүргэдэй ууланд ажилласан хайгуулын багийн гишүүний хэлснээр 160 орчим өрмийн цооногтой. Уулыг бүхэлд нь нүхэлчихсэн байдалтай байсан гэнэ. Тиймээс түүхийн олон үнэт дурсгалууд устаж үгүй болсон байхыг үгүйсгэхгүй гэв. Халзан бүргэдэй уулын ойролцоо тус сумын 20 гаруй айлын өвөлжөө, хаваржаа байдаг. Тиймээс иргэдийн хаяанд уулыг нь ухаж байхад юу боллоо гэж санаа амар унтах билээ. Өвгөдийн минь сүнс хилэгнэнэ хэмээн “Мянгад нутгийн төлөө” хөдөлгөөний гишүүн Д.Намсрайжав бухимдангуй өгүүлэв. Хайгуул хийж буй компаниуд нэг хэсэг нутгийн иргэдийг хөөж туугаад Халзан бүргэдэй ууланд ойртуулдаггүй байж. Тиймээс өсөж төрсөн нутгаасаа уул уурхайн компаниудыг хөөж гаргах малчдын хүсэл улам оволзжээ. Цаашид ч нутгийн иргэд “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалтал тэмцэхээр нэгэнт сэтгэл шулуудаад байна.
URL: