Ардын нам Н.Алтанхуягийг огцруулахаар болов

daf3a72c4987edd5bigАрдын намын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгийн өргөтгөсөн хуралдаан өчигдөр боллоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хаврын чуулганы нээлтээр Засгийн газарт хүргэсэн шаардлагынхаа эцсийг үзэх буюу сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн тулд Засгийн газрын тэргүүнтэй хариуцлага тооцох ёстой эсэх асуудлаар хэлэлцсэн байна. Тийнхүү Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлээ УИХ-д оруулахыг УИХ дахь бүлэгтээ чиглэл болголоо.
Н.Алтанхуягийг огцруулах хамгийн түрүүний шалтгаан бол түүний Үндсэн хуулийг зөрчсөн явдал. Аймгийн Засаг дарга нарыг батламжлахгүй, түр орлон гүйцэтгэгч томилсон нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Н.Алтанхуяг өөрөө ч хүлээн зөвшөөрч, Цэцийн хуралдааны өмнөх орой шийдвэрүүдээ хүчингүй болгодог уламжлалтай болоод байсан. Хамгийн сүүлийн байдлаар даваа гаригт болсон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр мөн Н.Алтанхуягийг Дорнод аймгийн Засаг даргыг хууль бусаар томилохгүй байгааг нь тогтоогоод байгаа юм. Тиймээс одоо Н.Алтанхуяг алдаатай шийдвэрээ залруулахгүй бол хуулийн дагуу мөнгөн торгууль хүлээх эсвэл цагдан сэргийлэх хүртэл арга хэмжээ авах юм.
Н.Алтанхуягийг огцруулах дараагийн үндэслэл нь төрийн өндөр дээд албан тушаалтны хувьд Монгол Улсын мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр хариуцлагагүй үг хэлсэн нь тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжил дэвшилд сөрөгөөр нөлөөлөхүйц хэмжээний сөрөг үр дагавартайг чухалчлдан үзэж байгаа юм. Үр ашиггүй зугаалж, улсын өмч хөрөнгийг их хэмжэгээр үрэгдүүлдэг. Төрийн алдбан хаагчдыг ч төрийн албаны хууль зөрчиж халж, сольсон. Төрийн бус байгууллагын болон болон хувийн өмч рүү халдаж УИХ-ынхаа бүрэн эрхэд халдсан хэмээн үзжээ. Учир нь, өмч нийгэмчлэх эрх УИХ-ын бүрэн эрхэд хамаардаг. Хамгийн том шалтгаан бол тооцоо судалгаатай төсөлгүйгээр “Чингэс бонд”-ыг хэлэлцүүлж, УИХ-ын төөрөгдүүлэн байж шийдвэр гаргуулснаар өдгөө 38 тэрбум гаруйн хүүгийн өртэй болгочихоод байгаа нь Монгол Улсын эрх ашигт харшлах явдал хэмээн үзэв.

Энэ бүх шалтгаанаар Ерөнхий сайдын ажлаа хийж чадахгүй байна, үндэсний эрх ашгийн эсрэг ажиллаж байна хэмээн үзэж огцруулах асуудал оруулах ажлыг Ардын намын УИХ дахь бүлэг зохион байгуулахаар боллоо. Хамгийн гол нь, зөвхөн Ерөнхий сайдад асуудал тохож байгаа буюу Засгийн газар бол үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж Ардын нам үзэж байна. Зөвхөн Н.Алтанхуяг ажиллаж чадахгүй, төрийн хэргийг эмх замбараагүйтүүлж байгаа тул хувь хүний нь хувьд хариуцлага тооцох ёстойг дүгнэлээ гэж Ардын намын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих