Бэхэлгээгүй краныг 23 жилийн дараа буулгалаа
Баянгол дүүргийн зургадугаар хороо, Улаанбаатар паласын урд орших Спорт комплексын хашаан дахь барилгын өргөгч цамхгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд буулгалаа.
1990 оноос хойш өнөөг хүртэл 23 жилийн турш хөдлөөгүй энэхүү кран нь хазайлт өгч, эд ангиуд нь зэвэрч дахин ашиглах боломжгүй болсноос гадна ямар ч бэхэлгээгүй болсон байжээ.
Уг кран нь 35 метр өндөртэй, 40 орчим тонн жинтэйгээс гадна орон сууцны барилга, авто болон явган хүний зам, худалдааны төвийн дэргэд байрлаж байсан нь аюул эрсдлийг бий болгоод байсан юм.
Өргөгч цамхгийг Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж буулгасан байна.
Буулгах үеийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс замын хөдөлгөөнийг хааж, 53 метр өндөр өргөгч краныг ашиглажээ.
Г.Түмэн
URL: