Телевизээс төрсөн тэрбумтан гэгдээд байгаа М.Наранбаатар

527-1365393783middleБи нэг асуудал сөхөж, хууль хяналтын байгууллагуудад болон Авилгатай тэмцэх газрын сонорт хүргэж байна. Монголын Үндэсний Радио, Телевизийн Улсын Хорооны Ерөнхий захирлын тухайд юм. Энэ ууган тэргүүн анхдагч хэвлэл мэдээллийн түгээмэл байгууллагыг энд хуучин зөв нэрээр нь дурдлаа.
Одоо болохоор энэ байгууллагыг “Олон нийтийн” гээд 1934 онд үүсэн байгуулагдсан Радиог нь ард нь хийгээд Телевизийн гэдгээр эхлэх гээд байна. Олон нийтийн телевиз, радио гэхээр дээр үед бүжиг танц явуулахыг “олон нийт” гэдэг байсан санагддаг учир энэ том байгууллагыг тэгж доош нь хийж болохгүйг цухуйлгаад гол сэдэв рүүгээ оръё.
Монголын үндэсний Олон нийтийн Телевиз, Радиогийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг шударга ёс, улсын эрх ашгийн үүднээс шалгуулах санал тавьж байна. Төсөрхөн энэ этгээдийг “Төрөөс төрсөн тэрбумтан” гэж юугаар хаагуур хэдэнтээ яригдсаныг хүмүүс санаж л байх ёстой.
Тэгээд яагаад нам жим болчихов гэж гайхах нэг нь гайхаж л байгаа. Бас тээр жил Намбарын Энхбаярыг төрийн өндөрт байхад Энхбаяртай Хэнтий аймаг явж “Замд гаръя” теле нэвтрүүлэг хийж, түүн дээрээ дөрөөлөн дээшээ явсныг хэлэх л хэрэгтэй. Хэлээд зогсохгүй үзүүлж батлах хэрэгтэй.
Энд би Энхбаярыг унасан дээр нь унагах гэсэнгүй. Энхбаяр бол адгийн наад зах нь Мянганы замыг санаачилж ард түмэнд, эх оронд санаачилгаа ажил хэрэг болгосныг үгүйсгэж хэн ч чадахгүй. Энхбаярыг шоронд хатааж яавч болохгүй.
Энхбаяр дарга сайд хийх огт хэрэггүй, зүгээр л намын хүний суудалдаа даруу дөлгөөн суух л хэрэгтэй. Энхбаярын шоронд орсон гол нэг дутагдал бол хүн таньдаггүй, тойрон хүрээлэгчид нь дэндүү “но”-той хүмүүс байсанд байгаа юм.
Жишээ нь, Энхбаяр Самандын Жавхланд гавъяат өгч байсан. Жавхлан саяхан улсын гавьяатын энгэрийн тэмдгээ нэг хүнд сайн дураараа шилжүүлж байсан, ийм хүн байдгаа та минь. Зохиолчдын байгууллагын 80 жилээр жинхэнэ зохиолчдод юу ч хялайлгалгүй захын халтуур хэд хэдэн хүнд гавьяат өгч байсан.
    Чойжилсүрэн ч бил үү ашиг хөөцөлдөгчийг Улсын Их Хуралд Увс аймгаас тодруулж байсан. Иймэрхүү шадруудаас болоод Энхбаяр унасан. Тэднийхээ ятгалгаар “Хана хэрэм” зэрэг юм бичин дэндүү улс төржин олон түмний дургүйг хүргэсэн.
Гэхдээ Энхбаяр хэдэн сар шоронд суугаад чангарч гарч ирээд баримтат ном бичиж англи, оросоор орчуулаад суучих л хэрэгтэй шүү дээ. Энд юу хэлэв гэвэл Энхбаярын өөрийгөө шүүмжилсэн хүнийг хасдаг, өөрийгөө магтсан хүнийг өргөдөг зан авирыг Наранбаатар сайн ашиглаж, “Замд гаръя” зэрэг нэвтрүүлэг хийж, ил далд хажууд нь сууж энэ том байгууллагын ерөнхий захирал болсноос зайлахгүйг хэлж байна.
Тэрнээс биш зүгээр л нэг багш хэл, эрдэм байхгүй бөөрөнхий хүн гэдгийг би сайн мэднэ. Бөөрөнхий зан араншинтай хүмүүс түүхийн туршид Монголыг балласан. Чойбалсан ч, Цэдэнбал ч өөрсдөө эх орондоо хичнээн хайртай эрхэм хүмүүс байсан боловч бөөрөнхий хуурамч зантай тойрон хүрээлэгчдээс болж алдсан, буруу ажил явуулсан.
Их Сталин түүхэн гавьяат хүн боловч Ёжов, Берия зэрэг тойрон хүрээлэгчдийнхээ үгэнд орж хүн төрөлхтөнд яргачин болж жигшигдсэн. Энэ Наранбаатарын тухай би 2012 онд “Ардчилал” сонинд “ Ху намын бууны нохой” нийтлэл бичсэн.
Би бол 50 жил сэтгүүлч хийж, 60 жил зохиол шүлэг бичихдээ тэнгэрлэг авьяастайдаа биш, Пушкиний бичсэнээр нь “Ума холодных наблюдена и сердце горостных заметки” гэдэгчлэн хал үзсэн зүрхнийхээ тэмдэглэлээр, хашир суусан оюуныхаа ажиглалаар буух эзэнтэй, буцах мөртэй юм бичиж яваа хүн.
Их Хурлын сонгуулийн 37-р тойргийн нөхөн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлээд Ц.Өөлдтэй халз өрсөлдөх болсонд энэ М.Наранбаатар намайг Радио, Телевизийн хороон дээр байтал өөрөө гүйж ирээд гуйж хүндлээд, таны зурагт талын асуудлыг би хийе гэхээр нь би зөвшөөрсөн юм.
Тэгтэл энэ нөхөр эхний нэвтрүүлгээсээ аваад намайг унагах, Өөлдийг өргөх бүх юм хийж, Их Хуралд гарах гэсэн миний дотоод бодлого, хууль тогтоох байгууллагад хүрээд малын хулгайг тас цохих гэсэн хүсэл зорилгы минь муухай гуйвуулж, Ху нам, Ардчилсан нам, Соцдек намууд удаа дараа намайг өрсөлдөх бүрт “Энэ Зундуйн Дорж Их Хуралд сонгогдоод танхимд суучихвал та нарын хэдэн малыг хулгай хөөчихнө” гэж айл болгонд хүрч өдөр шөнөгүй ухуулж намайг олонтаа унагаж байсан арга мэхийг энэ нөхөр овжин хэрэглэж байсан билээ.
Иймэрхүү ов залийн хэргийг нь, олзыг олох аргыг нь сайн уудлах хэрэгтэй байна. Тэгэхнээнэ Өөлдтэй нэг нутаг, ах дүү ч бил үү байсан юм билээ.   Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хоёр удаа л сонгогдог хууль ёсны эрхтэй атал энэ Наранбаатар гурван удаа төрийн харьяат төсөвт Радио, Телевизийн ерөнхий захирлаар шалгарч байна.
Сая шинэ бүрэлдэхүүнээр Удирдах Зөвлөл гарахын өмнөхөн хуучин удирдах зөвлөлтэйгээ яаран хуйвалдаж дахиад л дархан суудалдаа заларсан. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон Л.Пүрэвдорж, Д.Сосорбарам нар энэ хүнийг орж ирсэн бол хасах байсныг сайн мэдсэн хэрэг байх.
Радио, Телевизэд олон хүн сүүлийн үед намайг түүгээр үзэгдэх болсонд надад хандаж, энэ байгууллагад олон арван жил ажилласан гэж үзэж Наранбаатар дарга Оросуудын барьсан барилгын шилэн цонхыг вакумаар сольж, ашиг босгож санхүүгийн албанд өөрийн талын хүнийг суулгасан, яаж ашиг завшиж хөөцөлдөж байгааг, дээшээ тал засч, хэн хэнтэй хуйвалдан суудалдаа тогтож байгааг уран бүтээлийн ажилд нөлөөлөх ямар ч чадваргүй зэргийг баримтаар хэлж байна.
“Өглөө” хөтөлбөрт байгаад харийн хүнтэй ханилж эх орноосоо нүүр бууруулсан хэн гэдэг хүүхэнтэй ямар холбоотой байсныг ч нотолж байна. Ардчилсан гэх төр, шинэчлэлийн гэх Засгийн газар ийм тохиолдолд энгийн бидний мэдээд байгаа зүйлийг мэдэхгүй суугаа нь ч сонин байна.
    Эцэст нь Засгийн газарт хандаж нэг үг хэлье. Шинэчлэлийн Засгийн газарт ард түмэн итгэж хүндэлж байна. Харин нэг зүйлд эргэлзэж байна. Сумогийн гэх Батбаярыг зөвлөхөөрөө авсанд их гайхаж, хайрганы компани ажиллуулж Туул голыг бохирдуулсан, бас их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж ч нэг удаа тэр хүний зэсийг цухуйлгаж олонд илтгэсэн.
Буян хэмээх Жаргалсайхан мөн нэгэнтээ Сонгино хайрхан дүүргийнхнийг хэрхэн хулхидаж сонгогдсон, ямар ч боловсрол ба сэтгэлгээгүй хүн гэдгийг баримтаар ярьсан зэргийг дурдаж, Алтанхуяг эрхэм Ерөнхий сайд ажил хэрэгч хүн атлаа энэ нөхрийг дэргэдээсээ холдуулаасай гэж олон түмэн хүсч ярьж байгааг үгийн далимд уламжилж байна. Сайн хүний нэрийг муу хүн хөөднө, Сайхан сүмийн нурууг шаазгай шувуу баасдана.
Зундуйн Дорж

URL:

Сэтгэгдэл бичих