Брестийн гаалиар дамжсан 700 хайрцаг бараа тоногджээ
Олон улсын карго үйлчилгээний бараа замдаа тоногдож, хэдэн зуун хохирогч хэнд хандахаа мэдэхээ байсан хэрэг мандлаа.
Германы IFCC тээвэр зуучийн байгууллагаас өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол руу ачуулсан чингэлэгтэй барааг замд нь Беларусь улсын Брестийн гаалийнхан хориотой бараа тээвэрлэж яваа гэх үндэслэлээр шалгасан байна.
Эцэстээ шалгуулсан бус хулгайчдад тоногдсон шинжтэй галт тэрэгнээс буужээ. 288 хүний 40 тоннын жинтэй 700 гаруй хайрцаг бараа бүгд задарч дутсан байдалтай байжээ. Гадаадад амьдарч буй иргэдийн ар гэрийнхэндээ явуулсан хувцас, бусад эд материал алга болсон байсныг хохирогчид хэлсэн юм. Нэг ч хайрцаг бүтэн үлдээгүй, зарим барааг нь авчихаад оронд нь задалж орхиод, үнэт эдлэлүүдийг нь тоносон байдалтай байжээ. Учрыг лавлахад Брестийн гаалиас “Хориотой бараа тээвэрлэж байгаа гэх мэдээллээр шалгасан. Чингэлгийн дагалдах бичиг баримтад бичигдээгүй зарим барааг хураасан” гэсэн хариу өгсөн байна. Хураасан гэх барааны жагсаалтад угаалгын нунтаг, тос, үнэртэй ус, компьютер, тоос сорогч, автомашины радио, гэр ахуйн багаж хэрэгсэл, гэрлийн бүрхүүл, хөгжмийн зэмсэг зэрэг байна.
Хохирогчдын мэдээлж буйгаар зарим хайрцагт нь явуулаагүй бараа ч ирсэн байж. Жишээлбэл, Ч.Аранзалзулд хаягласан 20 хос гуталнаас хоёр хос, нэг өрөөсөн нь үлдсэн байжээ. Ингэхдээ хамгийн хямдхан нь тэр байсан гэнэ. Мөн гэртээ болон албан газартаа тавихаар захиалсан зөөврийн чийдэн, гэр бүлийнхэнд нь зориулсан хос гутлууд, ор дэрний цагаан хэрэглэл алга болсныг хүлээн авагч н.Батсайхан хэллээ.
Европоос илгээсэн карго нь ихэвчлэн Германаар дамжиж Монголд ирдэг. Нэг удаагийн карго үйлчилгээгээр 40 тонн орчим жинтэй 700 гаруй хайрцаг бараа ирдэг байна. Тэдгээрийг Брестийн гаалиар дамжуулдаг. Каргогоор явуулсан бараанууд тоногдсон байдалтай ирсэн нь анхны удаагийнх биш аж.
Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр ачуулсан бараа сар гаруй хугацааны дараа Монголд ирэхдээ мөн л халдлагад өртсөн байдалтай байсан гэнэ. Энэ удаад 700 гаруй хайрцаг барааны 70-80 хувь нь тоногдсон байдалтай байжээ. Хохирогчид Монгол дахь тээвэр зуучийн компаниас хохирлоо нэхэмжилэхэд ямар нэгэн тайлбар өгч чаддаггүй гэнэ. Учир нь удирдлагууд нь энэ үйлчилгээ нь бидэнд ашиггүй, иргэдээс гаалийн татвараас илүү зүйл авч чаддаггүй гэж хариулжээ. Тэдний хувьд Герман дахь салбартайгаа шууд харилцдаг. Дунд нь Брестийн гааль дээр юу болж байгааг мэдэх аргагүй, харилцах эрхгүй байдаг гэнэ.
Хохирсон иргэд эвдэрсэн хайрцаг, дутуу бараануудыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, бүрэн бүтнээр нь олж өгөхийг шаардахад тоногдсон хайрцагуудыг бүгдийг нь нэг чингэлэгт холиод хураачихжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн гомдлыг шийдвэрлэх боллоо гэхэд аль нь хэний бараа болохыг ялгах аргагүй болсон байна.
Тээвэр зуучийн байгууллага нь энэ асуудлаар Германы талд хандчихсан байгаа. Гэхдээ ямар ч хяналтгүй ийм систем үүсчихээд байгааг өөрсдөө ч хүлээн зөвш өөрчээ. Дунд нь иргэд олон сая төгрөгөөр хохироод үлдчихсэн, хэнд хандаж яахаа мэдэхгүй ийм нөхцөл байдал үүсчихээд байна.
288 хүний 40 тоннын жинтэй 700 гаруй хайрцаг бараа бүгд задарч дутсан байдалтай байжээ
Б.Энхзаяа
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: