Эбэ-гийн “эцсийн үг”
Инээдтэй бас эмгэнэлтэй улс төрийн халуухан өдрүүд эхэллээ. Хаврын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн 20 гаруй хуудас бүхий цаг орчим уншсан итгэлийг чагнаж суух тэвчээртэн АН болоод МҮАН-ынхнаас өөр байсангүй.
МАХН-ынхан хэлсэн үг нь амьдралаас хол зөрүүтэй байгаа тул тэвчилгүй хуралдааныг орхисон бол МАН-ын гишүүд Төрийн тэргүүний чалчаа үгийг сонсч байхаар Төрийн ордны гаднах жагсагчидтай нэгдсэн нь дээр гэж үзсэн юм.
Харин үлдсэн хэсэг нь Төрийн тэргүүний гэхээсээ илүүтэй Ц.Элбэгдоржийн сонгуулийн шоуг сонирхогчид болон хоцорч, нижигнэсэн алга ташилтаар түрлэг өргөж суулаа. Шинэчлэлийн Засгийн газрынхныг зэмлэж, өмнөх Засгийн газрыг сайшаасан маягтай Төрийн тэргүүний үг үнэндээ улс төр сонирхогчдыг төөрөгдүүлсэн юм.
Ц.Элбэгдорж өнөөх “чалчаа” үгнийхээ дундуур “Нөгөө бидний яриад байсан дэлхийд хамгийн хурдтай хөгжиж байгаа эдийн засаг нэгхэн жилийн настай байсан юм гэж үү” хэмээн уулга алдав.
Араас нь “Бас гайхагдаад байсан уул уурхайн хөгжлийн тэсрэлт ийм хурдан болоод өнгөрөв үү” гэж халаглан ярихад эрх баригчид “тэнэг” юм шиг алга ташиж суулаа. Гэтэл Төрийн тэргүүн тоо худал хэлэхгүй хэмээн тодотгож “2011 оны эцсээр 18 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлт жилийн дотор 10 руу эргэж уналаа.
Өнгөрсөн оныг түүний өмнөх онтой харьцуулахад гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 60 гаруй хувиар буурлаа” хэмээн шинэчлэлийнхнийг чанга гэгч нь чимхээд авах нь тэр. Бас болоогүй ээ, нөгөө хайр зарладаг эрхмүүд ард түмэндээ гай тарьж байна гэж хатуухан хэлээд орхилоо.
Мөн тэр өдөр өөдөөс нь харж суугаа нөхдөө “Шинэ баян цээж өвчтэй гэж ярьдаг. Улс төрд орох гэж, эсвэл ороод “баян” болсон этгээдүүд жаахан даруулгатай баймаар юм” гэж зандарч, зэмлэхийн дундуур хавчуулав. 2011 он бол МАН Засгийн эрхийг зангидаж байсан үе.
Гэтэл ганц жилийн дотор 10 руу унасан нь аргагүй л Ардчиллынхны “нүгэл”. Бас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хөөж туусан нь хэн билээ гэх асуултын хариултад ч Ц.Элбэгдорж өөрөө цэг тавьж харагдсан.
Ах намынхны Засаг барьж байсан түүхэн цаг үеийг АН-ынхан тэр дундаа шинэчлэлийн тэргүүн Н.Алтанхуяг баллуурдахыг “хүсэмжлэгч”. Хамтарсан Засгийн газарт байхдаа хийсэн бүхэндээ эргэлзэж явдаг тухайгаа чуулганы индер дээрээс хэлж байсан нь энэ бүхний баталгаа биз.
Гэтэл Эбэ буурал намынхны тэрхүү гавьяаг өөрийнх нь угшил нэгт нөхдүүд баллуурдлаа хэмээн зэмлэсэн нь энэ. Мань хүний хэлж буйгаар эрх баригчид ажлаа хийж чадахгүй байна. Хийж, бүтээснээ устгаж байна гэх ойлголтыг өгсөн юм.
Тэгсдүүлж хэлэхэд, тэр энэ үгээрээ Н.Алтанхуягтай ширүүхэн дайн зарлаж буйгаа намуухнаар илэрхийлэв. Хэрэв дахин сонгогдож чадахгүй бол индер дээрээс хэлсэн эцсийн үг нь тэр байх болно, түүний хувьд.
Үнэндээ ч Н.Алтанхуягийн багийнхныг одоо л нүүрэн дээр нь хэлж, зэмлэхгүй бол түүнд тийм боломж дахин олдохгүй. Цаашлаад улсаа, ард түмэнтэй нь “ломбард”-нд тавьсан Н.Алтанхуягийн гялгар нүүрэнд үсрээд нэг үрчлээ л нэмэгдээд өнгөрөхөөс цаашгүй.
Хохирогчид ард түмэн л байх болно. Ийнхүү ах намынханд дольдгоносон байдалтай Ардчиллынхнаа тэр дундаа шинэчлэлийн Засгийн газрынхныг егөөдөж, чангахан чимхсэн Төрийн тэргүүний үг тоймчдыг олон таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн юм.
Сонгуулийн дараахан Засгийн газрын тэргүүнээр томилогдсон Н.Алтанхуягийг тамга, тэмдгээ гардаж авахад нь Ц.Элбэгдорж аминчлан хэдэн зүйлийг захисан. Харамсалтай Н.Алтанхуяг түүний үгийг нохой хуцсан чинээ тоогоогүй юм.
Арга ядахдаа Эбэ нэг хэсэгтээ л хөшигний ард бүгсэн. Угшил нэгт нөхдөө ах намынхан шиг урдаа суулгаж байгаад зандарч ч зүрхлээгүй. Өдгөө хариугаа авч байгаа нь энэ. Ямартаа л “Бодлого гэдэг үг бодох гэсэн үгнээс гаралтай.
Төрийн хүн өөрийн сэтгэл хөдлөлийг, өөрийн сайхан санааг бодлого гэж эндүүрч болохгүй. Улс гүрнүүдийн түүхэнд тохиосон олон гай зовлонгийн ихэнх нь нэг болон нэг хэсэг улстөрчийн ард түмнээ жаргаах гэсэн сайхан санаанаас үүдсэн байдаг” гэсэн нь хэнд хаяглагдсан үг болох нь шууд ойлгогдохуйц.
Түүнчлэн сүүлийн үед Эбэ-гийн гэх тодотголтой нөхдүүд том дуугарч, партизануудын “толгойг цустах” шахаад байгаа. АН доторх идээ бээрийг ил гаргаж, 90 гаруй жилийн түүхтэй МАН-аас илүү дарангуйлагчид энэ намд бий гэх мессежийг явуулах болсон.
Ямартаа л АН-ынхан их цэвэрлэгээ хийж, намын нэрээр орж ирсэн нэгнийг эргүүлэн татах тухайн хөндөж байх вэ дээ. Гэвч энэ бүхэн бүтэхгүй гэдгээ “Алтан гадас”-ынханд “Монгол Улс даргын засаглалтай биш, хуулийн засаглалтай орон” гэх үгээр илэрхийлэв бололтой.
Хууль өнөөдөртөө хэний гарт байгаа вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай бататгасан хүн бол яах аргагүй тэр. Юутай ч төр томорч, улам өөхөлж байгаа тухай Ц.Элбэгдоржийн шүүмжлэл МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн санаатай ягштал нийцэж байна.
Төрийн зардлын хэмжээ нэмэгдсэн тухай буурал намын дарга тоо дурьдаж байсан. Too худал хэлдэггүй юм гэх үгийг ч тодотгол болгож байна лээ. Ийм л АН-ын гишүүдийн голыг зурсан үгс Ц.Элбэгдоржийн илтгэлд дурьдагдаж, нижгэнэсэн алга ташилт шоудалтаар төгслөө.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж:
URL: