Нэг аймшгийг нөгөө нь дарсан нь /Болсон явдал/

527-13345459056a4ced6a87b7e7cdbigЧоно хаанчилсан хүдэр дунгуй нутаг

Ногоорон хүглийх их хөвч, тэнгэр баганадсан хусан төгел. Алдарт Хазайн даваа, Сүхийн гол, Уялага, Хаялага үзэсгэлэн тегс Хүдэр нутаг. Халиуран найгах их евсен далай, хендий толгойд ам судаг, энд тэндгүй л эрээн майхан, улаан трактор, ногоон вагончиг. Намрын их ажил, өвлийн бэлтгэл базаахаар хадлангийн салаад хаа сайгүй л нер их ажил өрнүүлж, хур их өвс хадан бухал нуруу ярайлгана. Хүдэрийн ТАА нь хадлангийн хорин салаатай. Тэр дундаа охидын гэх онцгой нэгэн салаа байх. Хуучнаар ЗХУ-д механикжуулагчийн мэргэжил эзэмшээд ирсэн арав гаран охид нийлэн нэгэн салаа болсон нь хэн бүхний анхаарлын төвд байдаг байлаа. АА-ийн -р ангийн хоёр зуун цэрэг эрс намрын ажилд нь туслахаар салаа тус бүрд арав арваараа хуваарилагдан ажиллах болоход бидний хэдэн цэрэг тэр онцгой гэгдэх охидын салаанд нь хуваарилагдан ажилласан юм. Залуу улс дуулж хуурдах, дурлалцан нөхөрлөх гээд л юм юм л байсан байх. Гэвч ажлыг бол охид гэлтгүй овоолж хаядаг овсгоотой, овжин, сэргэлэн цовоо гэдэг нь аргагүй сайхан хэдэн охид байсан сан. Хорь ч хүрээгүй хүүхдээрээ шахам хэдэн залуус зав чөлөө л гарвал мойл жимсэнд явж, үдэш орой бухал нуруудын араар сэм орцгоон нам нуугдах нь энүүхэнд энэ бүхнийг эс хүлээн зөвшөөрч, бүр улайран тэмцдэг нэгэн байсан нь бидэн дотроо хамгийн ахмад нь болох салааны механик, гагнуурчин, слесарь Төмөр гэдэг дөч гаран насны нэг дархад ах билээ.

Яагаад тэгдэг байсны учрыг бид хожим нь л ойлгож билээ. Энэ нэг тэнэг хөгшин, шар сэмжилчихээд биднээс охидыг харамлаж байна” л гэж бид боддог байж билээ. Бид өглөө эрт ажилдаа гарчихаад өдөр нэг тракторынхоо чиргүүл дээр бүгд суун ирж өдрийнхөө хоолонд ордог байлаа, Нэг өдөр тийн иртэл гал хөс, утаа униар ч алга. Вагончигны хаалга таг хаалттай. Хүнсэнд ирсэн хоёр хонио орой эртхэн бууж ирээд гаргана гээд Төмөр ах Вагончигны доор уячихаад явсан юм. Тэр хоёр хонь маань ч харагддаггүй. Биднээс гурав дөрвөн насаар эгч манай тогооч Батчимэг эгч ч явж харагдахгүй байлаа. Бид бүр гайхаж хоцрон “Хонио алдчихаад хойноос нь явчихсан юм болов уу” гэж бодоцгоон очтол хаалга гэнэт онгойн хачин царайтай болчихсон Батчимэг эгч урт иштэй шанагаа барьчихсан усан нүдлээд гараад ирэх нь тэр. Яав ийв, яасан ийсэн гээд л бөөн юм боллоо . Батчимэг эгч вагон дотроо хоолныхоо гурилыг бэлдэж суужээ. Гэтэл хоёр хонь нь тургилж яраглаад ч байх шиг нохой ярдаглаад байгаа юм уу даа, юун нохой байдаг билээ гэж бодоод гартал Батчимэг “Ээжээ” гэж хашгиран эргэж орон хаалгаа хаан хав түгжээд авчээ. Яасан гэхээр, гэгээн цагаан өдөр гэрэлт нарны доор тав зургаан чоно ирчихсэн уяатай хоньдыг нь урж тасчин зулгааж байх нь тэр гэнэ. Түмпэн шанагаа тачигнуулан орилж хашгираад ч тэд тоосон шинжгүй зоогоо барьсаар л байх юм гэнэ. Аргаа барсан Батчимэг алгаараа нүүрээ даран халтартталаа уйлж суухад нь бид очжээ. Толгой шийр, арьс үсний л зэм үлдэж. Модон шатан дээр нь гарч ирсэн хаалга үүдийг нь шиншлэхэд тэр үнхэлцгээ хагартал айсан байлаа. Хооллож дууссан зургаан чоно айсан үргэсэн шинжгүй сунайж хөрвөөсөөр урд мод руу орчихсон гэнэ. Төмөр ахын нүд нь орой дээрээ гарчихсан,

- За миний дүү одоо битгий уйл. Өөрөө бариулчаагүй чинь их юм. Би та нарыг мод хад руу битгий явж бай. Мойл жимсэнд заавал надтай явж бай гээд адлагдан, алалцах нь холгүй үглээд байдаг чинь энэ шүү дээ. Эндэхийн чоно хонь бүү хэл хүн барьж байсан түүхтэй. Айлын хашаатай хонь руу нь орж аргамжаатай морийг нь эзнийх нь нүдэн дээр идчихээд “Алив хө, алчуур байна уу, амаа арччихъя” гэх нь холгүй яваад өгч байсан ч удаатай. Тийм болоод л ийм юм та нартай минь учирчих вий гэж болгоомжилсондоо үглэж яншин эгдүү дургүйцлийг чинь хүргэдэг байсан маань тэр шүү дээ. Ээ бурхан минь. За одоо та нар үүнээс хойш ганц хоёроороо надаас огтхон ч холдож болохгүй шүү

- Энэ Хазайн давааны чоно бүр ч аюултай. Нийллэгийнх нь үед хойноос, бүр Сибириэс ч азарган чоно орж ирдэг гэсэн. Цус холын цөс ихтэй амьтад байгаа юм. Гэрт чинь ороод тогоог чинь долоож, толгойг чинь мөлжчихөөд яваад өгч мэдэх арга ухаан хоёроо араандаа тас зуусан араатан байдаг юм шүү дээ гэхэд бидний үстэй толгой арзайж ар нуруугаар хүйт даан араасаа үргэж ухас хиймээр болж билээ. Охид, цэргээрээ ялгагдан хоёр платиканд унтаж амардаг байсан бидэнд нэгэн бодлын зол болж оройд нэг платикандаа бөөгнөрөн цэргийн эрс нь цэмцгэр охидоо хамгаалан манаж хонодог боллоо. Төмөр ах ч хорьж цагдахаа болилоо. Тэр нэг жижиг ногоон майхантай ганцаараа тусдаа байдаг байлаа. Шөнө орой хүнд хар буугаа хөндлөн барьчихсан платикны үүдээр шагайх нь мөн ч сүртэй харагддаг сан. Биднийг эргэж тойрон, аюулгүй айдлыг маань шалгаж яваа нь тэр. Гитарын эгшиг охидын дуутай хорших нь ямарч хориггүйгээр сэтгэл гижигдэнэ. Ажил хийж бие биесээ хүндлэн хэн хэндээ санаа тавих нь бидний бас нэгэн жаргал байдаг байж билээ.

Хоног өдрүүд өнгөрсөөр л… Өчигдөр зүрхэнд хурсан айдас өнөөдөр үүлээ хөөсөн тэнгэр мэт цэлмэн гийсэн нь гэнэн залуу насных бизээ. Нэгэн өдер бид ажлаасаа нэн оройтож бууцгаалаа. Тэр өдрөөс хойш тогооч маань бидэнтэй хамт ажилд гаран хамт буун, бүгдээрээ нийлэн хоолоо хийж идэцгээдэг болсон байсан юм. Тракторын гэрэл тусган хоолоо бэлдэн бужигнацгаан бэлэн болсон материалаа тогоон дээрээ үйчихээд галаа тойрон сууцгаалаа. Төмөр ах маань үлгэр домог мэт хачин гоё хууч ярьдаг сан. Бид ч түүнийг нь сонсох дуртай гэж жигтэйхэн. Тэр Хөвсгөл, Дархад нутгийнхаа тухай буга, хандгай, баавгай, цаа гээд л сонсож дуулаагүй сонин хачныг ч нэг урсгаж гарна даа. Тэр л дуусч дундардаггүй домог хууч ундарч урсаад л, гурилтай хоолны үнэр галын элч утаатай холилдон хан хийх нь тэр үдшийн амар амгалан. Архангайн Цэрэндулам гэххоёр салаа урт гэзэгтэй охин нэгийгээ “Хоёулаа бие засъя” гээд өндийхөд Төмөр ах гэнэт “Суу суу, байж бай. Хэн ч хөдөлж болохгүй шүү” гээд майхан өөдөө мөлхөх шахам ороод таг болчихлоо. Хүн бүр дор бүрнээ юу болсон юм болоо гэж бодоцгооно. Бас л айдас түгшүүр. Эрмэн сэрмэн харц эргэн тойрныг нэгжинэ. Гэтэл тусгасан гэрлийн үзүүрт олон улаан цог гялалзах нь чоно байжээ. Идсэн зэмээ эргэдэг нь чонын ёс. “Эрлэгээс” эмээдэг нь хүний ёс.

Буун дуу хоёронтоо тасхийхчияа охид орилолдон бужигналдаад л, Төмөр ахын дуу тэнгэрийн дуу шиг нүргэлэн бүхнийг командлан эмх журманд нь оруулснаар хадуурын хоёр, тэлээшигний нэг, гурван трактор пар хийтэл асан шөнийн харанхуйг гэрлээрээ сүлэн чоно бэдрэн нигжин давхилдлаа. Сүүтийсэн цагаан сүүлтэй сүнснүүд сүүдэр даган модолж харагдана. Нэг нь газар дээрээ сунаж тэрийгээд үлджээ. Төмөр ах дайнд ялсан баатар шиг л цээжээ данхалзуулан ханхалзана. Бидэнд Төмөр ах шиг нөмөр нөөлөг тэр үед байгаагүй сэн. Маргааш нь үдийн алдад САА-н удирдлагууд хоёр цэргийн даргын /засангийн/ хамт хүрч ирлээ. Биднийг алжын талбараас буулган хурал хийлээ. Онц ноцтой гэмт хэрэгтэн шоронгоос оргосон гэнэ. Оргохдоо харуулын цэргийн байрнаас гучин сумтай ак-буу хулгайлан авч явсан бөгөөд дээр нь бас хутга, жадаар зэвсэглэсэн гэнэ… Одоо яанаа!!! Сүүлтэй чонын сүргээс сүнсээ гартал айж байсан бол одоо сүүлгүй чоноос юугаа гартал дагжих юм болоо. Ажил хийхэд нэг л түлшүүртэй. Хэзээ хаанаас гарч ирээд шүршчих бол гэж бодохоос урдахаа ч хийхэд нэг л тойвтой. Ялангуяа хэдэн муу охидын маань хөөрхөн инээд нүд нүүрнээс нь нэг мөсөн арчигдчихаад цаанаа л нэг дүнсгэр. Оргодол хоригдол ой хөвч дамнан Хазайн даваа чиглэсэн ноцтой мэдээ байгаа.

Тэр үүгээр давж Сүхийн голоор хил давах нь тодорхой байгаа тул анхаарал сэрэмжтэй байх талаар ярьсан хүмүүсийн сүртэй дүр нүдэнд үзэгдэн сүржин үгс нь чихэнд сонсогдоод нэг л болдоггүй. Төмөр ах маань ч буунаасаа салахаа байлаа. Бид ч ажлын талбайд болж л өгвөл бөөнөөрөө байхыг хичээнэ. Хэд хоног өнгөрлөө. Айдас түгшүүр арилахгүй л байлаа. Нэгэн өдөр нутгийн нэгэн анчин бидний үдийн хоолон дээр буулаа. Тэр тамхиа татаж сууснаа Төмөр ахтай ийн ярилцаж байна.

-Би мөн ч олон жил уул хэцээр тэнэсэн дээ. Ийм эрт чоно сүрэглэчихсэн байхыг хараагүй л юм даа.

- Хаана тийм их чоно хараав хө?

- Танай хадсан хамгийн арын талбайн цаах нь модноос нэлээн наана хориод чоно байхыг би баруун хойд хэц дээрээс дурандлаа хө. Энэ хавьд хужир мараа байхгүй дээ. Буга юм уу гөрөөс л 1 унагачихсан юм уу даа гээд  дурандаад байсан, арай л биш юм аа даа.

- Чи тэгээд очоод буудахгүй яагаав? – За даа болих уу даа хө. Хоёр гурван юм байсан бол дөхөх сөн. Хорь гучин юм чинь, хөгшин хээр бид хоёрыг зажлахгүй залгичих байлгүй.

- Чи яаж яваад таарчихаав?

- Таарах ч юу байхав дээ. Их л холоос дурандлаа. Өчигдөрөөс хойш нэг тойруулын буганы араас яваад. Морь бид хоёр дөхөж чадсангүй дээ.

- Энэ чоно ч бүр тоо толгой нь дэндээд байна даа хө.

- Хэлээд юүхэв. Ёстой чоно нь хаанчилсан нутаг даа манай энэ Хүдэр.

- Хоёр гурван трактортой очоод элдчихье л дээ. Хоёр нэгийг ч бол унагая.

- Харин л дээ хө гэснээр бид тракторын жолооч гурван охиноос бусад охидоо үлдээгээд цэргийн эрс чиргүүл дээр ачигдан эрчүүд “авд” мордлоо.. Үнэхээр ч олон чоно харагдана. Гайхсан янзтай зарим нь чихээ соотойлгон нумран сунайж зогсоно. Зарим нь дуртай дургүй мод руу орж харагдана. Алсуур даялан тойрч чононуудад нэлээн дөхлөө. Тракторын бүхээгнээс буун дуу тачигнахад тэд сая нэг сэхээ аван мод руу харайлдлаа. Буун дуу зогссонгүй ээ. Цусан зам татуулан атиралдах зургаан чоно ч яахав. Ангийн хишиг юм биз. Чононууд овоорч байсан бараан зүйлийн дэргэд очиход миний л хувьд зүрх минь зогсчих шахлаа. Юу гэвээс хөлтэй хоёр гутал, хөсөр шидэгдсэн буу жад хутга, хоёр чих нь тасарч, хоёр хацар шанаагаа мөлжүүлсэн хүний үстэй толгой ярзайн хэвтэх нь ямар аймшигтай харагдсан гэж санана аа. За яахав нэг аймшгийг нөгөө аймшиг нь л дарж дээ…

 

П.Би-Мандах

 

ЭХ СУРВАЛЖ: АЛАГ ХОРВОО


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих