ХОВОР СОНИН ЦУГЛУУЛГАТАЙ ЭРХЭМ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Монголын шатрын холбоо болон Монгол туургатны “Урамтай шатар” холбооны Ерөнхийлөгчийн албыг хашдаг. Шатар нэртэй болоод ч тэр үү шатарт “нугасгүй” тэрбээр эрийн гурван наадамд шатрын спортыг нэмэх хүсэл сонирхлоо нуудаггүй.
Тэрбээр явсан улс орнуудаасаа шатар худалдан авсаар өдгөө шатрын баялаг цуглуулгатай болжээ. Найз нөхөд нь хүртэл түүнд сэтгэлийг нь хөдөлгөхөөр ганц сайхан зүйл бэлэглэе гэхээрээ бас л шатар сонгодог байна. Түүний модон, гуулин, хаш, болор, чулуун, мөн сийлбэртэй сийлбэргүй гээд чамин тансаг олон шатраар үзэсгэлэн гаргаж ч болохоор болжээ. Түүний цуглуулгын хамгийн үнэтэй, хийц нарийнтай нь зандан модоор хийсэн сийлбэртэй шатар байдаг аж.
Сонирхуулахад, Занданшатар гэдэг нь “Хэзээ ч мөхдөггүй оюун ухааны тоглоом” гэсэн утгатай санскрит гаралтай үг юм байна. Тэрбээр энд тэнд явахдаа өөртэйгөө ижил нэртэй хүнийг хайж явдаг ч одоогоор таараагүй байгаа гэнэ.
Баянхонгор аймаг Б.Мөнхзул
URL: