О.Даваасүрэн: Алдартай уяачид мориндоо янз бүрийн тариа хийлгэх санал их тавьдаг
“Мал амьтанг эмчлэхүй, мал зүйн гарын авлага” гэдэг ном найзынхаа гэрийн номын сангаас олж уншлаа. Энэ номоос хамгийн их анхаарал татаж, унших дурыг минь хүргэсэн зүйл бол “Мал амьтан эрүүл бол хүнс, хүн эрүүл” гэсэг үг байсан юм. Ингээд номын зохиогч О.Даваасүрэнтэй ярилцах сэдэл төрж тэднийхийг зорьсон билээ. Түүнтэй бүтээсэн номынх нь талаар болон мал маллагаа, малын өвчний тухай хөөрөлдсөн юм.
-“Мал амьтанг эмчлэхүй, мал зүйн гарын авлага” ном гаргасан. Өнөөгийн малчдад хэрэг болохуйц, ашиг тустай ном болоо юу даа гэж олзуурхаж байлаа?
-Би 1970-аад оны үед хөдөө аж ахуйн чиглэлээр ОХУ-д сургууль төгссөн. Анх сургуулиа төгсч ирээд гурван улсын хил болох Монгол Улсын зүүн хойд хязгаар Эрээнцавын сангийн аж ахуйд малын их эмчээр ажиллаж байлаа. Тэнд 30 гаруй мянган нарийн ноост хоньтой. Тухайн үедээ өндөр ашиг шимтэй, нарийн ноост хонь гэж ярьдаг байлаа шүү дээ. Монгол хониос 1.1 кг ноос гардаг байсан бол нарийн ноост хониос 14 кг ноос гардаг байлаа. Тэгэхэд тэр ноосоор өндөр чанарын даавуу хийдэг байсан юм. Манай сангийн аж ахуй ардчилал эхлэхээс өмнө 40 мянган толгой малтай байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл малын эмчийн эрхлэх ёстой бүх ажил үүргийг гүйцэтгэж ирлээ. Өмнө нь нэг гарын авлага гаргаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд өөрийн цуглуулсан туршлага, малчдын санал хүсэлтийн дагуу хуучин номоо шинэчлэн гаргаад байна. Энэхүү номдоо гэрийн тэжээмэл амьтдыг оруулснаараа бас онцлогтой.
-Ардчилал гарахаас өмнө сангийн аж ахуй бүрт зоотехникч гэж байсан. Зоотехникч байхгүй болсноор генийн доголдолтой, гаж мал ихээр төрөх болсон тухай хашир малчид ярих юм билээ. Энэ хэр ортой бол?
-Хувьсгалаас өмнөх үеийн малчид удам судраасаа мал маллах арга, ухаан гэгчийг өвлөж авч байсан. Харин социализмын үед малчдад тухайн сангийн аж ахуйн малын эмч нар заавар зөвлөгөө өгдөг байлаа. Тэр битгий хэл малчдад дэвтэр хүртэл байдаг байв. Малын эмчийн үүрэг, даалгаврыг хэрхэн биелүүлж байгааг хянадаг дэвтэр байсан юм. Ардчиллын жилүүдэд малдаа дуртай, хайртай хөгшчүүл нь малаа дагаж, залуус нь хот уруу ихээр орох болсон доо. Тиймээс дээр үеийн арга технологи устаж, малын үүлдэр муудаж, өөрчлөгдсөн. Хэн дуртай нь малын үржил селекцийн ажлыг хийдэг болсон байна. Социализмын үед улсын мал эмнэлгийн ерөнхий зоотехникч нар тэр бүс нутагт тийм амьтан, мал үржүүлнэ гэж тусгайлан заадаг байлаа. Жишээ нь, казахын цагаан толгойтыг Баян-Өндөрт, Сүмбэрт мухар омгийн үхэр үржүүлнэ гэсэн чиглэл өгдөг байсан. Одоо бол тийм удирдлага, хяналт гэж байхгүй. Дуртай нэгэн нь шинэ үүлдэр, угсаа гаргаж байна. Ардчиллын үед алдсан нэг зүйл нь мал зүйч, зоотехникчийг үгүй болгож, зоотехникчийн ажлыг малын эмчид хариуцуулсан явдал юм. Зоотехникч, малын эмч хоёр бол тусдаа мэргэжил шүү дээ. Одоогийн зоотехникчдээс шалгалт авбал генийн доголдол, гаж мал төрж байгаа учир шалтгааныг мэдэхгүй байх. Уг нь тэдний гол мэдэж судлах зүйл нь энэ шүү дээ. Гэтэл энэ төрлийн судалгаа шинжилгээ хийгддэггүйд харамсч явдаг. Одоо цагт малчид өөрсдөө ухаарч номоос суралцах эрин үе ирсэн учир хөдөө нутгийн малчид миний гаргасан ном товхимлыг авч судлах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
-Сүүлийн арваад жил малын өвчин гарлаа гэхэд хөл хорио тогтоодог болсон. Газар дээр нь өөр ямар арга хэмжээ авч болох вэ?
-Дээр үед хөл хорио цээрийн асуудал их нарийн байсан. Сангийн аж ахуйд малын өвчин гарвал малыг тоолоод акт тогтоож, сангийн аж ахуйн дарга, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр гадна бүс нутгаас мал оруулдаггүй байлаа. Зах зээл гараад айл албан газрууд хаанаас л бол хаанаас янз бүрийн амьтан оруулж ирж байна. Үүнээс болж амьтны гаралтай шинэ өвчин манай оронд ихээр гарах болсон. Би л гэхэд шинээр таван өвчний вирус илрүүлсэн. Жишээ нь, тахианы гиномедоковтоз, нохойн тоскаоскароз зэрэг өвчин илрүүлсэн. Энэ бүх өвчин гадаадаас л орж ирж байна. Тиймээс ямар ч шинжилгээ, үзлэггүй, малын эмчийн дүгнэлтгүй тэжээвэр болон тэжээвэр бус амьтдыг гадаадаас оруулж ирэхээ болих хэрэгтэй. Хорио цээр тогтоох нь мал эмнэлгийн олон улсын хууль дүрмийн дагуу авч байгаа арга хэмжээ. Мал маллах арга зүйн техник технологи алдагдсанаар өвчин гарч байгаа юм. Мөн халдвар хүн болон шувуугаар дамжиж байна. Шувуу гэхэд л шүлхийгээр үхсэн амьтдын сэг зэмийг идэж, өөр бүс нутагт очсоноор өвчин тарааж байгаа юм.
-Шүлхийнээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юу вэ?
-Байнгын вакцинжуулалт хийх юм.
-Вакцинжуулалт хийнэ гэхээр нэг асуудал байдаг. Төв аймаг, атрын сангийн аж ахуйд мал эмнэлгийн албатай байсан. Одоо бол байхгүй болсон л доо. Мал эмнэлгийн албыг ямар зохион байгуулалтад оруулбал үр дүнтэй байх бол?
-Эхний үед мал эмнэлгийнхэн их алдсан. Би үүнийг сайн мэднэ. Өмнө нь бригад бүр эмчтэй байсан. Сумын ерөнхий эмч гээд нэг их эмч баазад үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Хувьчлалаар бригадыг эмчгүй болгоод ганцхан их эмчид бүх эрх мэдлийг дуудлага худалдаагаар худалдчихсан юм. Энэ бол нэг гарт эрхийг нь төвлөрүүлж, ганц хүнийг баяжуулах л бодлого байсан. Вакцин ч хийнэ, мөнгө ч авдаг байлаа. Сүүлдээ ганцаараа ажиллаад хүч хүрэхээ болихоороо өвчин гарсан үед дэргэдээ жижиг орлогч маягийн компанитай хамтарч ажиллах болж байгаа юм. Сүүлийн үед баг бүрийг эмчтэй болгож байна. Бас “Мал” үндэсний хөтөлбөрөөр гурван хүний бүрэлдэхүүнтэй мал эмнэлгийн тасагтай болсноос хойш үйл ажиллагаа нь арай сайжирсан. Хэрвээ өвчин гаргахгүй гэж байвал баг бүр эмчтэй болж малчдадаа байнга зөвлөгөө өгч байх ёстой.
-Өмнө нь морио сайхан унаад арчлаад явдаг байлаа. Гэтэл одоо морио сойж уралдуулж зугаацаж байна. Тэгэхдээ моринд элдэв янзын тариа хийж хүч оруулах болж. Энэ ер нь моринд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Маш их хортой шүү дээ. Допинг бас тарьж байгаа. Надаар алдартай уяачид мориндоо янз бүрийн тариа, натри хлорын уусмал, шингэн хийлгэж байлаа. Гэхдээ хориглосон нууц допинг тарьж байгаагүй. Зөвхөн цусны үйлчилгээг сайжруулах уусмал, глюкоз гэх мэтийг хийж байсан. Одоо бол алдарт уяачид, баячууд яаж уралдуулж байна гэхээр мориндоо шууд допинг тарьж байна. Булчин сулардаггүй гадаадын тариа хэрэглэж байх жишээтэй. Түүнийгээ хар тамхи шиг л байнга хэрэглэнэ. Морьд нь дасчихсан, хэрэглэхгүй бол явахгүй шүү дээ.
-Монголчууд малаа гаднын нөлөөллөөс хамгаалахын тулд нохой их тэжээдэг. Гэтэл сүүлийн үед муур тэжээдэг болж. Нохой, муур, туулай хаа сайгүй л харагдах боллоо. Эдгээр амьтанг тэжээхийн тулд бага насны хүүхэдтэй айл юу анхаарах ёстой юм бол?
-Эдгээр амьтанг хүмүүс эрхлүүлэх, өөрсдөө зугаацах гэж тэжээж байна. Хүүхдэдээ захаас туулай, муур ихээр авч өгдөг. Зарим хүн эрүүл мэндийн чиглэлээр тэжээж байгаа юм. Туулайг астамтай хүн тэжээвэл өтгөн, шингэнийх нь үнэр эмчилгээ болдог. Настай астамтай хүнтэй айл туулай тэжээвэл өвчин нь эдгэрэх жишээтэй. Бас нохой, муур гэртээ тэжээж байна. Зүрхний өвчинд сайн. Манайхан бол гэрийнхээ оготно, зурам зэргийг устгахын тулд тэжээж байгаа. Харин орос, америкууд эрүүл мэнддээ анхаарч тэжээдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр нохой, муур бол бие хамгаалагч. Ийм олон сайн талтай байж болно. Муу нь гэвэл галзуу өвчин тусч болно. Нохойны галзуу өвчин бол золбин нохойноос л халдварлаж байгаа юм. Үүнээс гадна хамуу өвчин байна. Муурны зөвхөн чих нь хамуурна. Муурны хүзүү нь гэдийгээд ирэхээрээ чих нь дотроо хамуурсан байдаг. Хүмүүс энэ өвчинг андуураад муураа галзуурсан гээд алуулаад байдаг юм.
-Та номдоо монголын үндэсний хоолны талаар оруулсан байсан?
-Наадахыг чинь хүний захиалгаар оруулсан юм. Хөдөөгийн малчид айраг, цагаан идээ зэргээ хийж чадахаа болиод байна. Каз бол хамгийн сайхан хоол. Одоо зөвхөн Баян-Өлгийд хийж байх жишээтэй. Ийм сайхан мал аж ахуйтай орны ард түмэн хоол хүнсээ ч сайн хийж сурах нь зүйтэй гэсэн үүднээс л оруулсан.
-Нэг хэсэг сангийн аж ахуй, айл болгон гахайтай байлаа. Тэгэхэд канюблазим гэж өвчний тухай их ярьдаг байсан. Энэ ямар учиртай өвчин юм бэ?
-Буруу тэжээлтээс үүдэлтэй өвчин. Зөвхөн будаа, ногоо өгөх ёстой байтал манайхан гэрийнхээ үлдэгдэл, махтай хоолыг өгчихдөг. Тахиа үхэхэд л гахай уруугаа шидчихдэг юм. Тэгээд өлссөн гахай сүүлдээ торойгоо, чихээ хүртэл идчихдэг өвчин шүү дээ. Хонинд ч гэсэн тохиолддог. Зуд турхантай үед хонь хөлдөж үхсэнийнхээ махаар хооллож амьд гардаг бол үхэр бол тэгдэггүй зогсоогоороо үхдэг юм. Би ч нүдээрээ харж л явлаа.
-Та малын өвчинг гурав ангилсан байсан. Эдгээр өвчин хүнд халддаг өвчин үү?
-Бүгд халдана. Тийм учраас эдгээр өвчний талаар анхан шатны мэдлэгийг энэ номоос авч болно. Хүмүүс эдгээр өвчний шинж тэмдгийг мэдэхгүйгээс боом өвчинтэй үхрээ алж идээд өөрсдөө боом өвчнөөр үхсэн тохиолдол манайд бий шүү дээ. Тиймээс энгийн иргэд, шинээр гарч ирж байгаа мэргэжилтнүүддээ зориулж их ойлгомжтой бичсэн байгаа. Одоо малчид маань малынхаа өвчнийг уламжлалт аргаар эмчилж болох юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
URL: