АРДЧИЛСАН НАМ ҮНДСЭН ДҮРМЭЭ ШИНЭЧИЛНЭ
Ардчилсан нам Үндсэн дүрмээ шинэчлэхээр болж, төслийн хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргээс эхлүүллээ.
Анх 2000 онд батлагдаж, 2005 онд нэмэлт өөрчлөлт орж байсан тус намын Үндсэн дүрэм хоёр дахь удаагаа шинэчлэгдэх гэж байна. Дээрх хэлэлцүүлэгт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, дүүргийн намын дарга Ө.Пүрэвбаатар, дэд дарга М.Зундуйдаваа, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Төмөр нар оролцлоо. Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн дүүргүүдээс хамгийн их хүн амтай, нийт 36 хороотой юм. Хэлэлцүүлэг тус дүүрэгт гурван өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлэгт 12 хорооны үүрийн дарга гишүүд нийлсэн 200 гаруй хүн оролцлоо.
Тус нам нь Үндсэн дүрмийн төсөлдөө ҮЗХ, Нийслэлийн зөвлөлдөх хороо, аймаг дүүргийн намын хорооны чөлөөт суудал болон УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгуульд намаас нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн эзлэх хувь 25-аас багагүй байх, УИХ болон Орон нутгийн сонгуульд нам ялагдаж албан ёсны дүн гармагц шат шатны намын удирдлага болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбооны удирдлагууд шинэ удирдлага сонгогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар дүрмийн төсөлд тусгажээ.
Харин шат шатны сонгуульд гаргасан амжилт өмнөх сонгуулийн дүнгээс дээшилсэн тохиолдолд дээрх албан тушаалтнууд тухайн албан тушаалд дахин нэр дэвших эрх нь нээгдэх, намын дүрмээс гадуур үйл ажиллагаа явуулах, хууль бус үйлдэл гаргасан удирдах албан тушаалтанд улс төрийн болон намын албан тушаалд дөрвөөс дээш жил нэр дэвшүүлэхгүй байх заалт оруулжээ. Хэлэлцүүлгийн үеэр намын анхан шатны байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгох, ажиллах нөхцөл бололцоог дүрмийн хэмжээнд зохицуулах нь зүйтэй гэсэн санал хэлж байв.
Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн орон нутаг дахь хэлэлцүүлэг маргааш Говьсүмбэр аймгаас эхэлнэ.
Ш.Чимэг
МОНЦАМЭ
URL: