Эрсдлийн мөнгө “эндчихсэн” нь МИАТ-ийн шархыг сэдрээв

MIAT-300x199Хойд ба Өмнөд Солонгосын харилцаа өдрөөс өдөрт хурцдаж байна. Хэдийгээр дэлхий дээрх олон улс энх тайван, эв нэгдлийг хүсч байгаа ч дэлхийн тэргүүлэх гүрнүүд өөр өөрийн байр суурийг хамгаалж байгаа нь дайны эрсдлийг улам бүр даллах болж. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрөөр умардын тал “Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгосын тал нэг л удаа өдөөн хатгалга хийх аваас тив алгасагч цөмийн пуужингаа харваж, газрын хөрстэй нь тэгшилнэ” гэсэн хариуцлагатай мэдэгдэл хийж дэлхийн цээжинд “айдас” хуруулаад байна. Хэрвээ дэлхий дээр дангаар “хаалттай” хэмээгдэж байгаа социалист улс дайны харанга дэгдээх аваас өдгөө 10 жилийн өмнө гарч байсан Америк, Ирак хоёрын дайнаас хэд дахин илүү хор уршигтай сүйрэл болох нь дамжиггүй. Харин Монгол Улс хоёр Солонгостой нэг бүс нутагт оршиж, дипломат харилцаагаар хол­богддог. Аль нэгэнтэй нь илүү харилцаатай хэмээж үл болох ч өнгөн тал дээрээ Өмнөд Солонгостой илүү харилцаатай харагддаг. Учир нь хилийн дээс давж байгаа иргэдийн дийлэнх нь буюу 50 мянга орчим нь тус улсыг зорьсон байх юм.Тэгэхээр өмнөдөд манай улсын төчнөөн тооны хүн дайны аюулд ороод байна.

Хэдийгээр “мухар сүсэгтнүүд” муу амаллаа гэж болох ч үнэн бодит, болзошгүй аюул хаяа дэрлэн байна. Гэхдээ дээрх сүсгийг хариулж, “Дайны эрсдлийн даатгал” гэгч мөнгийг үр дүнгүй болгоход гар бие оролцсон хүмүүсийн хоосон толгойг тогшьё. Учир нь өнөөх Америк Ирак хоёрын зөрчлөөс үүдэлтэй “Дайны эрсдлийн даатгал” буюу болзошгүй аюул, террорист халдлага тохиолдсон үед “даатгах” мөнгө маань үнс болсон шүү дээ.

Аль 2001 оноос эхлэн иргэдийн халаасийг ямхаар сэгсэрч, ямбатнууд баяжсаар айдгаа авдарнаасаа гарга­чихлаа. Гэтэл өнөөх “дайны эрсдэл” гээч нь улаан нүүр рүү ширтээд урдаас “малийж” байна. Ийм байхад тэрбумаар тоологдох мөнгийг бодлогын чанартай хуримтлуулж байж хэдхэн хүнд даатгаад орхисон нь өнөөгийн арчаагүй, аалзны тор шиг хэлхэлдсэн луйварчдыг өөгшүүлсэн явдал болсон. Харин эл нөхцөл байдлаас Солонгосын хойг руу “дайн болно” хэмээн өнгийж, тэнд байгаа Монгол иргэдийн ирээдүй рүү тольдох аваас хүндхэн нөхцөл байдал харагдаж байна. Наандаж, 50 мянга орчим иргэдийг Монгол руу тээвэрлэх онгоц, шатахуун зэрэг асуудал толгойн өвчин болно.

Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)-т өөрийн гэсэн нисэх онгоц ганц ширхэг ч байхгүй өдгөөг хүртэл түрээсийн онгоцоор гол зогоосоор ирсэн. Түүнчлэн жилийн эцсийн тайлан баланс нь тэрбум давсан алдагдал хүлээж, төсөв мөнгө нь хасах хязгаарлуугаа тэмүүлж байна. Тэмүүлсээр ч ирсэн. Учир нь МИАТ-ийг хувьчилж авах атгаг санаа аль эртнээс улбаатай. Тиймээс өдийг хүртэл тус газраар дамжин хөлжигчид нэмэгдэж, МИАТ алдагдал хүлээсээр өнөөдөртэй золгосон юм. Гэтэл өнөөдөр МИАТ-ийн “Дайны эрсдлийн даатгал” гэгчийг угааж, хувийн компанитай болсон нөхөр хүртэл байна шүү дээ. Үүгээр ч зогсохгүй тус компани нь хувийн хэд хэдэн онгоцтой гэж байгаа. Эл байдлаас болоод дайны аюул нүүрлэвэл Засгийн газар тэднийг царай алдах магадлал өндөр. Учир нь МИАТ-ийн түрээсийн гэгдэж байгаа хэдэн нисэх онгоц нь хаанаа ч хүрэлцэхгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Дарин дээр давс гэгчээр өнөөх онгоцнууд нь үсрээд л 100 гаруй хүний суудалтай. Иргэдийг тээвэрлэх, нэг талдаа хоосон зорчих, цаг хугацаа алдах, зэрэг наад захын асуудал тулгарахад “дайны эрсдлийн даатгал” байхгүй учраас дахиад л иргэдийн даатгалын мөнгөнөөс хумсалж таарна. Төрийн удирдлагууд өөрсдийн буруутай байдлаасаа болж удирдлаган доорх хүмүүсдээ мэрэгдэж, шат шатандаа “шарагдаж” байгаа эл байдал эргээд иргэдэд гай болж мэдэх нь ээ. Тиймээс эл болзошгүй аюулаас иргэдээ хамгаалах гэсэн тэртээ холын төсөл нь шороотойгоо хутгалдлаа. Түүнчлэн иргэд “энх, тунх нийгэмд юун дайны эрсдэл, мөнгө идэх бас нэг шилэрсэн арга биз” хэмээж байсан ч манай улсын иргэд өртөж болохоор аюултай дайны эрсдэл нэг л өглөө босоход ирчихсэн байхыг хэн ч үгүйсгэхгүй байна. Ялангуяа, Солонгосын хойгийн нөхцөл байдал, өнөөдөр маргаашаар яригдаж байхад эрсдлийн мөнгө нь “эндчихсэн” нь энэ талаарх яриаг улам бүр сэдрээж байна.

Эх сурвалж: http://nud.mn/news/?p=10915


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих