“Чалко”-д өр төлөх өдөр өнөөдөр

2013040105tӨнөөдөр инээдмийн баярын өдөр. Элэг хөшөөм тоглолтууд энд тэнд болж, ажлын тасалгаанд ч элдэв шоглол мундахгүй. Бас төрийн байгуулсан гэрээ хэлцэл паян болж хувирах нь бий. Хувь хи­шиг тараа­хаар Таван­толгойгоор наймаалцсан сонгуулийн амлалт дашин шог болоод, сүүлдээ байгуулсан компани нь дампуурахын даваанд байна. Зээлсэн мөнгөөрөө хишиг тарааж төрийн бодлогын дүнд “Эрдэнэс Тавантолгой” модоо барихад ойрхон байгаа. Бүтээн бай­гуулалт хийнэ “Чингис” бон­доосоо “Чалко”-гийн өрийг төлөхөөр боллоо. Энэ тухай Ерөнхий сайд хоёр сарын өмнө мэ­дэгд­сэн. Өнгөрсөн сарын 13-нд Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Батбаярын хэлснээр ийм шийдвэр гараагүй гэсэн. Гэвч эх сур­валжийн мэ­дээлснээр Ерөнхий сайд энэ өрийг бэлнээр төлнө хэмээжээ. Хятадын хамгийн том олборлогч энэ компанид үлдсэн өрөө төлөх өдөр өнөөдөр.

Өнгөрсөн пүрэв гаригт Н.Алтанхуяг сэтгүүл­чидтэй уулзахдаа “Чалко”-д өрөө төлөх ту­хайгаа мэдэгдсэн. “Гэ­рээгээ цуцалж болно. Гэхдээ цуцалбал 186 сая ам.доллар төлөөд, дээр нь торгууль тавигдана. Харин нүүрсээ гаргавал алдаг­далд орно. 186 сая ам.доллараа төлсөн ч да­хиад таван жил нүүрс­нийхээ 80 хувийг гаргана гэсэн гэрээтэй. Монголын хувьд “Чалко”-гоос өөр сонголт үлдээгүй хэмээн тэрээр хэлсэн. Тиймээс гэрээгээ цаашдаа үргэлжлүүлэхийг зорьж байгаа тухайгаа ч цухал­зуулаад авсан.  Нэг­дүгээрт, мөнгө төлөхөө энэ уулзалтаараа тод том­руу­наар илэрхийлсэн хэрэг байлаа.

“Sina.com” цахим хуудаст мэдээлснээр “Чалко”-гийн өнгөрсөн оны алдагдал нэлээд хувийг эзэлж байгаа бо­лолтой. “Шарх”-аа нөхө­хөөр энэ онд нийлүүлэх нүүрсний худалдаагаа эр­чим­жүүлэх тө­лөвлөгөөтэй байгаа аж. “Anbound Consulting” зөвлөх үйлчил­гээний компанийн нүүрс, эрчим хүчний шинжээч Ли Чаолин “Өнгөрсөн онд “Чалко” хэдэн арван сая “ногоон”-ы алдаг­дал хүлээсэн” гэжээ. Түүний хэлснээр Хятад дахь коксжсих нүүрсний үнэ нэг тонн нь 1300 юань буюу 209 ам.доллар хүрэх төлөвтэй. Харин Мон­голоос авч буй коксжих нүүрсний үнэ үүнээс дөрөв дахин хямд. Гэтэл элдэв ид шидгүй энгийн нүүрс нь Хятадад 630 юань буюу Тавантолгойн нүүрсээс харьцангуй үнэтэй байна.

“Чалко”-гийн алдагдлаа нөхөхөд Мон­голтой байгуулсан төрийн өмчит “Эрдэнэс Таван­толгой” компанийн нүүр­сээр барьцаалсан зээ­лээс ихээхэн хамаа­рахаар бай­гааг Ли он­цолсон байна. Харин манай тал энэ ашиггүй гэрээг цуцлах, үгүйдээ тулчихаад байгаа. Сон­гууль дагаж хуймгай хий­сэн гэрээгээ одоо өөрчлөх гээд хята­дуудын араас чаргуу­цалдаж буй нь энэ. Тус компани “Глобал Таймс” сонинд өгсөн мэдэгдэлдээ “Монголын тал гэрээгээ зөрчвөл бид хуулийн арга хэмжээ авна” гэж онцолсон байна. “Хөрөнгө оруулагчийг бу­руутга­хаасаа өмнө өөрс­дөөсөө алдаагаа эрэх хэрэгтэй. Хэн ч Монголыг заавал гүйж очоод ийм алдаг­далтай гэрээ хий­гээдэх гээгүй шүү дээ” хэмээн эдийн засагчид ярьж байна. Нөгөө талаас “Эрдэнэс Тавантолгой”-г анхнаас нь дампууруулах бодлого энэ гэрээтэй хамт эхэлсэн байж мэдэхийг ч эх сурвалж үгүйсгэсэнгүй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих