Шинзо абэд ямар хариу барих бол?
Наран улсын Ерөнхий сайд долоон жилийн дараа Монголд хөл тавилаа. Япон, Монголын хэвлэлүүд ноён Шинзо Абэг манай улсад ирэхээс өмнө айлчлалын эргэн тойронд урьдчилсан таамаг дэвшүүлсээр байв. Япон улс манай хамгийн том хандивлагч орон. Нарны зам, Нарны гүүр гээд томоохон бүтээн байгуулалтыг барьсан. Дарханд газрын тосны үйлдвэр барихаар болсон. Мөн Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барихаар төлөвлөсөн. Нэлээд хэдэн жилийн өмнө энэ тухай хоёр талын айлчлалын хүрээнд ярьсаар байлаа. Японы тал Монголд том, том хөрөнгө оруулалт хийсэн юм. Түүнийхээ хариуд уул уурхайн салбарт хамтрах саналтай байдаг тухай хоёр талын хэвлэл Ш.Абэг ирэхээс өмнө уралдан бичсээр байлаа. Тэрээр Ерөнхиий сайд Н.Алтанхуягтай уулзахдаа “Уул уурхай танайд байна, харин технологи нь манайд байна” гэж хэлжээ. Үүнийг дипломат маягийн санал гэж томъёолох нь бий. Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг шалгаруулах үед Японы компани, ОХУ, Хятадтай хамтарсан консорциум байгуулан тендерт өрсөлдөж байсан. Энэ удаад ч тэд сонирхлоо татаж аваагүй нь Ш.Абэгийн Зүүн хойд Ази дахь анхны айлчлал Монгол Улс байсан гэдгээр нотолж болно.
Тэрээр Монголд гэнэтийн айлчлал хийсэн гэхэд болно. Төрийн тэргүүнүүдийн айлчлалыг дипломат шугамаар бараг жилийн өмнөөс бэлддэг. Харин Ш.Абэ өнгөрсөн арванхоёрдугаар сард Ерөнхий сайдын албанд очсон хүн. Тэгэхээр өнгөрсөн нэг, хоёрдугаар сард түүний Монгол дахь айлчлалын тов гарсан байж таарна. Айлчлалыг шахуу төлөвлөгөөний дагуу бэлдсэн нь мэдээж. Ш.Абэ Монголыг ийн сонгосон нь манай уул уурхайтай холбоотой гэхээс илүү хоёр Солонгос, Хятадтай холбон олон улсын хэвлэлүүд тоймлосон байна. Учир нь Япон улс хойд, Урд Солонгостой таатай харилцаатай биш байгаа. Мөн Хятадтай газар нутгийн маргаан нь нэлээд ширүүсч буй.
Үе, үеийн Японы Ерөнхий сайд гадаад айлчлалынхаа нэг, хоёрдугаарт манай өмнөд хөрш Хятадыг сонгодог байсан бол Ш.Абэ энэ удаад Монголыг сонгосон нь дээрх асуудлуудтай холбоотой гэх. Түүний гадаад гурав дахь айлчлал нь Монгол Улс боллоо. Харин зүүн хойд Азидаа анхны айлчлал байв. Ази дахь байр суурь нь тийм ч таатай биш байгаа Япон орон газрын баялгаараа олон орны сонирхлыг татаж буй Монголтой ойр байгааг Ш.Абэгийн айлчлал гэрчилнэ гэх хэвлэлийн тойм ч байна. Тэрээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай уулзах үеэрээ стратегийн түншлэл хөгжүүлэх, уул уурхайн салбарт хамтран ажиллах саналаа нуугаагүй. Манай төрийн тэргүүнүүд ч гадаадын хөрөнгө оруулагчдад таатай хандахаар хууль эрх зүйн орчноо засч залруулж буйгаа хэлсэн байна.
Тодруулбал, Ноён Шинзо Абэ УИХ-ын дарга З.Энхболдод бараалхах үеэр “Аливаа хөрөнгө оруулалт харилцан ашигтай байх ёстой. Япончууд Монголын эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой байна. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Японы парламент дахь найрамдлын бүлгүүд онцгой үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлж ирсэн” гэж онцолжээ. УИХ-ын дарга З.Энхболд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтыг нэмэх зорилгоор Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн шинэ төслийг өргөн мэдүүлээд байгааг хэлжээ. Энэ төслийг дөнгөж өнгөрсөн пүрэв гаригт өргөн барьсан юм.
Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 жилийн хугацаанд найрсаг харилцаатай явж ирсэн Монгол, Япон хоёр улс 2010 оноос хойш стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа хөгжүүлж буй бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ үүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. 1982 оноос улс төрийн карьерээ эхлүүлж, өндөр албанд олон жил ажиллаж байгаа Ш.Абэ хоёр дахь удаагаа Японы Ерөнхий сайдаар сонгогдсон юм.
“Гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ мэдэгдсэн. Япон улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг ч тэрээр онцолжээ.
Хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихээр “Экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой дунд хугацааны хөтөлбөр байгуулах нь зүйтэй гэж санал нэгджээ. Энэ хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дээд төвшний харилцан айлчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал нүүрс болон дэд бүтэц зэрэг салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, соёл, боловсрол, олон улсын тавцан дахь хоёр орны хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгахаар төлөвлөжээ. Гэхдээ зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлахгүй бусад олон салбарт оруулах Японы хөрөнгө оруулалтыг сайшаан хүлээн авч, дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлсэн байна.
Ерөнхий сайд Ш.Абэ Японы гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдол өсч байгааг тэмдэглээд манай орны дунд, урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тухайлбал, сургалт оношлогооны эмнэлэг байгуулах, Шинэ олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлэх, Дархан хотод Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн айлчлал амралтын хоёр өдөр болж, товчхон хөтөлбөрөөр үргэлжлээд өчигдөр орой өндөрлөв. Айлчлалын хариу, үр дүн өнөө, маргаашдаа гардаггүй. Хэдэн сар, жилийн дараа эсвэл дараагийн харилцан айлчлалуудаар шийдэгддэг. Монгол Улс Шинзо Абэгийн айлчлалд ямар хариу өгөх, ямар салбарт тэдний хөрөнгө оруулалтыг татах эсэхийг өнөөдөр шийдэхгүй ч уулзалтуудын тоймоос үзэхэд манайх нэлээд нааштай хандах нь тодорхой байна. Угаас японуудад татгалзах шалтгаан Монголд байхгүй. Хөрөнгө оруулалт багасч буй энэ үед “гуйж” ирсэн японуудад үгүй гэсэн хариу өгөхгүй болов уу.
Айлчлал бүрийг манайхан алга ташиж угтаад үддэг үе өнгөрчээ. Саяхан Тони Блейрийг ирэхэд эсэргүүцэгчид уриа лоозон барьж Төрийн ордон тойрч зогссон байв. Мөн Ш.Абэ-г ирэх үеэр цөмийн энергийн хог хаягдлыг Монголд булшлахыг эсэргүүцдэг хүмүүс Төв номын сангийн урд жагссан байв. Японы цөмийн хог хаягдлыг Монгодд булшлах тухай албан бус яриа, мэдээлэл гарсаар удсан. Үүнийг эсэргүүцэгчид Японы Ерөнхий сайдын айлчлалыг ч анажээ.
URL: