4 сарын 1-ний сэрэмжлүүлэг

4juhhgОдоогоос 3 долоо хоногийн өмнө ажил хэргийн асуудлаар нэг хүнтэй  болзов.  Одоо бичиж байгаа энэ сэдэвт тухайн хүний хэн бэ? гэдэг нь чухал биш тул жинхэнэ нэрийг нь бичээд хэрэггүй биз. За үнэхээр нэг нэр хүсээд байвал, яахав миний уулзсан хүнийг Й гэдэг.  “Албан ажлын болзоо”-ны гол зорилго нь ноён Й-г нэг газар урьж, жирийн ард түмэнтэй уулзалт хийлгэхэд оршиж байлаа. Ажлын хуваарь харж байгаад 4 сарын 1-нд уулзалт зохион байгуулая гэж би санал гаргав. Гэтэл ноён Й эрс татгалзав. Уг нь энэ жилийн 4 сарын 1 баасан гариг. Ажлын сүүлийн өдөр таарч байгаа юм билээ. Уулзалт хийх нэрээр ажлаасаа эртхэн гараад явчихад болох өдөр. (-:

Өнөөдөр албан тасалгаанд маань албан ажлын түнш хоёр залуу орж ирлээ. Хийх ажлынхаа нөхцөлийг нь тохиролцлоо. Тэгээд энэ тухай “ард түмэнд” хэзээ зарлаж, бор шувуу нисгэх вэ? гэж хамгийн чухал асуудлыг хөндөв. 4 сарын 1-ээс л ажлаа эхлэх нь зүгээр юм. Хуанлийн шинэ сар эхлэж байна гэж би санал гаргав. Гэтэл өнөө хоёр маань нэгэн зэрэг толгойгоо сэгсэрлээ. 4 сарын 1 гэдэг чинь ёстой дэмий санаа байна гэж тэд хэлж байна.

Хүмүүс яагаад 4 сарын 1-ээс тэгтэл жийрхээд байгаа нь “Инээдмийн баяр”-тай холбоотой юм гэнэ. 4 сарын 1-нд ямар нэгэн үйл ажиллаагаа зохион байгуулна гэж ард түмний зүг бор шувуу нисгэх юм бол жиргэх шанс 0,0001 хувь юм байхаа. 

4 сарын 1-нд В.И.Ленин нэгэн хөрөнгөтөн орны төлөөлөгчийг шоглож байсан юм гэнэ лээ гэсэн ойлголт соц. нийгмийн үед Монголд тархсан байжээ. Гэхдээ үнэндээ бол инээдмийн өдөр нь Францын эзэн хаан IX-р Карл хаантай холбоотой юм гэнэ билээ. 1565 онд IX-р Карл хаан шинэ жилийг 4-р сарын 1-нд тэмдэглэдэг байсныг болиулж 1 сарын 1-нд тэмдэглэдэг болох тухай зарлиг гаргажээ.  Гэсэн ч зарим нэг хүмүүс 4 сарын 1-нд шинэ жилийн баярыг тэмдэглэж байв. 4 сарын 1-нд шинэ жил тэмдэглэж байгаа хуучинсаг үзэлтнүүдийг бусад нь болж хоосон хайрцаг бэлэглэж хуурч мэхлэх үзэгдэл Францад нэг хэсэгтээ л түгээмэл байсан гэнэ шүү.

4 сарын 1 ойртох үед хэвлэлийнхэн ч гэсэн ард түмэнд молиго өмхүүлэх нь энүүхэнд. Өчигдөр л гэхэд news.mn  дээр жүжигчин Жаки Чан үхсэн нь үнэн үү? гэж ирээд л хүмүүсийг хөөрхөн молигдсон байна. Би энэ мэдээг шалгаж хэд хэдэн гадаадын сайтууд ухаж үзээд юу ч олж долоосонгүй.  Ийм хүнийг чинь хашир хүн гэх үү? Гэнэн хонгор гэх үү? Хэсэг тайвширсан хойноо “чёрт, нээрээ 4 сарын 1 ойртож байгаа шд” гэж бодлоо. Одоогоос хэдэн жилийн өмнө би албан тушаалаа ашиглаад 4 сарын 1-ний өдөр ард түмнийг молигдож, түүнээсээ кайф авч, дотороо баясаж л суулаа. Гэхдээ нээх муу үр дагавар үзүүлэхээр зүйл биш байсан тул хэнд ч хохирол учруулаагүй болно.  Манай ажлын “ОВГОР” сүүлд нь мэдчихээд “Чи ч янзийн золиг юмаа” гэж магтаад байгаа, загнаад байгаагийн алин нь болох нь мэдэгдэхгүй үг надад хэлж билээ.

За тэгээд 4 сарын 1 ойртож байна. Хэн нэгэнд хууртагдахаас болгоомжилж сонор сэрэмжтэй байгаарай. Эртхэн анхаарууллаа шүү.

http://www.ireport.mn/read/1873.shtml


URL:

Сэтгэгдэл бичих