ХОЁР ОРНЫ ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛЭЛЦЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийлээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаанд өндөр ач холбогдол өгч, гадаад айлчлалынхаа тэргүүн хэсэгт манай орныг зорьж хүрэлцэн ирсэнд эрхэмсэг ноён Шинзо Абэд талархал илэрхийлээд, түүний айлчлал хоёр орны найрсаг, итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, стратегийн түншлэлийн 2010 оны хамтарсан мэдэгдлийн агуулгыг бодит ажил хэрэг болгоход чухал хувь нэмэр оруулахыг онцоллоо. Түүнчлэн Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын явцад хоёр орны ойрын жилүүдийн хамтын ажиллагааны чиглэлийг нарийвчлан тодорхойлж чадна гэж найдаж байгаагаа мэдэгдлээ.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “Ерөнхий сайд тантай хамт хоёр орны харилцааны шинэ үеийг эхлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гээд ардчилал, энх тайван, харилцан туслалцах гэсэн гурван гол үзэл санаагаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.
Дипломат харилцаа тогтоосноос хойшхи дөчин жилийн хугацаанд найрсаг харилцаатай явж ирсэн Монгол, Япон хоёр улс 2010 оноос хойш стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа хөгжүүлж буй бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ үүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
Эрхэмсэг ноён Шинзо Абэгийн хувьд Монгол Улсад хийж буй анхны айлчлал, харин Япон улсын Ерөнхий сайдын хувьд долоон жилийн дараа хийж буй хоёр дахь айлчлал юм. Ноён Шинзо Абэ нь 1954 онд Токио хотод төрсөн бөгөөд 1982 оноос улс төрийн карьерээ эхлүүлж, Япон Улсын парламентын гишүүн, Гадаад хэргийн сайд Шинтаро АБЭ-гийн нарийн бичгийн даргын албыг хашжээ. 1993 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсоноос хойш нийт долоон удаа сонгогдсон байна. Төрийн өндөр албанд олон жил ажиллаж байгаа ноён Шинзо Абэ хоёр дахь удаагаа Япон Улсын Ерөнхий сайдаар сонгогджээ.
Н.Гантуяа
МОНЦАМЭ
URL: