ДУУЧИД БААВАРТ БҮХИЙ Л ТАЛААР ТУСЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн уран бүтээлчид “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаярын эрхийг хамгаалахаа мэдэгдэв.
Тус төвийн дуучин, МУГЖ Т.Ариунаа, гитарчин Н.Өлзий-Орших, “Voice” хамтлагийн дуучин С.Баттулга, “Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, рэппер Gee болон “Дижитал” хамтлагийн гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, дээрх мэдэгдлийг хийсэн юм.
Т.Ариунаа, “Бид бие биенийхээ төлөө үнэн үгийг хэлж, сэтгэлийн дэм өгч чаддаг байх ёстой. Хүн амьдралдаа алдаж онодог, өгсөж урууддаг, өвдөж зовдог, санаатай болон санамсаргүй алдаа их хийдэг. Энэ хүний алдааг нь харахаасаа илүү урлагийн ертөнцөд юу хийж бүтээв, ямар сайхан зан чанартай хүн бэ гэдгийг нь хүмүүс мэддэггүй. Баавар манай төвд 2006 оноос хойш ажиллаж байна. Оюуны өмчийн хулгайтай Баавар шиг идэвхтэй тэмцсэн уран бүтээлч байхгүй. Манай Баавар шулуун шударга, цайлган цагаан сэтгэлтэй. Урлагийн хүнд авьяасаас гадна гоо үзэмж, эрүүл мэнд, нүүр царай чухал. Тиймээс уран бүтээлчид болон үзэгчид Баавартаа сэтгэлийн дэм хайрлаж, дахин тайзнаа уран бүтээлээ хийх итгэлийг хайрлаасай” гэлээ.
“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг, “Монгол хүн монгол хүнээ хайрлах юм бол эх орноо хайрлаж байна гэж боддог. Бааварын сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн зүйлийг бодож үзье. Баавар 350 хоногт нь тамхи татаж, заримдаа хүнтэй муудалцаж, бүр зодолдож байсан бол 3000 хоногт нь дуу дуулж, шүлэг бичиж, тоглолт зохион байгуулж, ээждээ сүү, талх хүргэж, ханиа халамжилж, үр хүүхдээ өсгөж байсан. Яагаад 650 хоногийнх нь “харыг” нь харчихаад 3000 хоногийн цагааныг нь тодотгож харахаа больчихсон юм бэ? Нэг нэгийгээ хайрламаар байна” гэлээ. Дуучид Бааварын эрүүл мэндэд нь сэтгэл зовниж байгаагаа илэрхийлээд хурдан эмчилж, хэвийн байдалд оруулахад нь бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Дашрамд дуулгахад “Дижитал” хамтлагийнхан “Зүрх рүү” тоглолтоо маргааш үзэгчдийн хүсэлтээр дахин толилуулахаар болжээ. Ш.Батбаяр нь1999 онд “Дижитал” хамтлагийг үүсгэн байгуулж, 2001 оноос Хип хоп холбооны тэргүүнээр, 2006 оноос тус төвийн удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож байсан. Тэрээр “Ice top”, “Мөнхийн рэп”, “Дөрвөн зүг” зэрэг хамтлагийн 60 гаруй цомогт гар бие оролцож, 40 орчим тоглолт зохион байгуулжээ.
Ж.Болор
МОНЦАМЭ
URL: