Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана

soo_200_200М.Сугар-Эрдэнэ

Найрааны хэргээр мэргэжлийн сүмогоос хөөгдсөн Өвөрмонголын сүмоч Энхтүвшин хэмээх Соококүрай дахин барилдахаар боллоо. Соококүрайг 2010 оны Зуны тэмцээнд Касүганишикитэй барилдахдаа найраа хийсэн гэж Холбооноос үзэн, зодог тайлахыг сануулсан ч тэрбээр хүлээн зөвшөөрөөгүй тул 2011 оны дөрөвдүгээр сарын 14-нд нь хөөх шийдвэр гаргасан билээ. Харин Соококүрай Токио хотын шүүхэд заргалдан хоёр жилийг өнгөрөөсөн. Түүний хэргийг энэ сарын 25-нд Токио хотын шүүх дахин хянаж үзээд “Найраа хийсэн гэсэн баталгаа байхгүй. Түүний эсрэг мэдүүлэг өгсөн хоёр бөхийн яриа үндэслэл болж чадахгүй. Тиймээс Сүмогийн холбооны Соококүрайг холбооноос халсан шийдвэр хүчин төгөлдөр бус. Соокүрайг халагдах үедээ барилдаж байсан зиндаанд нь буцаан барилдуулах ёстой” хэмээн шийдвэр гаргажээ.

Шүүхийн шийдвэрийг хүлээн Шүүхийн гадаа зогсож байсан Соококүрайг дэмжигчид баярлан, шударга ёс яллаа гэж ярилцаж байв. Соококүрайгийн багш байсан Арашио ояката “Үнэхээр баяртай байна. Дээд зиндаанд орсон анхны шавь минь болохоор би түүнийг найраа хийсэн гэдэгт хэзээ ч итгэж байгаагүй. Алс холын Хятадын Өвөрмонголоос авчирсан шавьдаа итгээд хүлээж суусан минь алдсангүй. Хөөгдөх үед нь багш нь хамгаалж чадсангүй, уучлаарай гээд толгой бөхийлгөн уучлал гуйж байсан. Одоо ч манай дэвжээнд түүний өрөө хэвээрээ байгаа. Гэхдээ хоёр жил барилдаагүй хүний бие махбодь сүмогоос төсөөрсөн байгаа тул хэдэн сар бэлтгэл хийлгэж байгаад есдүгээр сараас барилдуулсан нь дээр. Макүүчид барилдах хүн шүү дээ” гэж нулимс унагаан ярьсан байна. Харин Соококүрай өөрөө ирэх тавдугаар сараас л барилдаж эхэлмээр байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн. Шүүх хуралд сүмо бөхийн ёсоор үсээ засаж, кимоно өмсөн ирсэн Соококүрай “Үнэхээр урт удаан хоёр жил байлаа. Сүмогийн холбоо давж заалдахгүй гэж сонингоос уншсан. Үнэхээр тийм бол баяртай байна. Оякататай утсаар ярьсан. Бэлтгэл сайн хийхгүй бол бие чинь гүйцэхгүй гэж хэлсэн. Гэхдээ ялагдаж магадгүй ч гэсэн хурдан барилдмаар байна. Дэвжээндээ эргэж очиж, бэлтгэл хийхийг Сүмогийн холбооноос албан ёсны шийдвэр гарсан хойно болохгүй бол оякатадаа гай болж магадгүй. Хоёр жил Сүмогийн ордны хажуугаар явахгүй байж байгаад өнөөдөр очсон. Янз бүрийн дурсамж толгойд орж, сонин санагдаж байлаа. Саяхнаас л сүмо телевизээр үзэж эхэлсэн. Шинэ бөх олон гарсан бололтой байна лээ” гэж ярьсан. Арашио дэвжээг дэмжигчдийн нийгэмлэгээс Соококүрайг дахин барилдуулахыг дэмжсэн 23000 хүний гарын үсэг цуглуулснаа энэ сарын 26-нд Сүмогийн холбоонд гардуулан өгч, “Холбооноос буруугаа хүлээж, түүнийг дахин барилдуулах, эр зориг гаргасан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэн байна. Тус нийгэмлэгийнхэн хоёр жилийн турш фэйсбүүк, твиттер болон башёогийн үеэр Сүмогийн ордонд ч гарын үсэг цуглуулсаар байсан гэнэ.

Холбооноос хөөгдөх үедээ макүүчигийн 15-д эрэмблэгдэж байсан Соококүрай барилдааны бэлтгэл огт хийгээгүй, хүчний дасгал болон регбийн багтай цуг бэлтгэл хийж байсан гэнэ. Харин хоёр долоо хоногийн өмнө гуяндаа гэмтэл авсан тул одоохондоо бэлтгэл хийхгүй байгаа аж.

Сүмогийн холбоо ирэх сарын 3-нд захирлуудын хурлаа хуралдуулж, энэ талаар хэлэлцэх болсон байна. Гэхдээ Холбооноос дахин гаргах баримт байхгүйгээс Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд ороод байгаа. Хурлаас зөвшөөрлөө гэхэд албан ёсоор хүлцэл өчих, найрааны хэргээр зодог тайлсан, халагдсан бусад бөхчүүдийг яах, банцүкэг өөрчлөх гээд олон ажил тэднийг хүлээж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Сүмогийн холбооноос найрааны хэрэгт нэр нь дурдагдсан бөхчүүлийг зодог тайлуулж, болохгүйг нь хөөгөөд асуудлыг дуусгана гэж бодсон нь алдаа болж, цаашдаа бусад бөхчүүдэд мөнгө төлөх зэрэг олон асуудалд орох болж байгаа гэнэ. Мөн энэ асуудлаас болж зодог тайлахаас өөр аргагүйд хүрсэн манай бөх Хакүба сэтгүүлчдэд “Сайтар мөрдөж шалгаагүйн уршиг ингэж гарч байгаа юм. Биднийг зодог тайлснаар сүмо бөх сайн сайхан болох юм бол золиослогдсон ч яахав гээд зодог тайлсан маань ямар ч утгагүй хэрэг боллоо” гэж ярьсан байна. Харин одоо болтол Токиогийн шүүхэд заргалдсаар байгаа Хошиказэ хэмээх Б.Амармэндийн өмгөөлөгч Китамүра “Биднийг зоригжуулж, урам өгсөн сайхан мэдээ байна” гэж баярлажээ.

Даяармонгол


URL:

Сэтгэгдэл бичих