Хас банкны самбарыг буулгах үеэр хүний амь нас эрсэдсэн нь дэлгэгдлээ

Untitled-43Уул морийг зовооно, Үүл машиныг зовооно гэж хүмүүс ярих болсон. Зовлон бас хугацаагүй л бололтой. Хотынхоо

сарампай замыг сайжруулж чадаагүй мөртөө төдийлэн саад  тээг болоогүй тэртээх самбаруудыг шинэчлэгчид онилов. Тэр гайтай самбаруудын нэгийг буулгаж байгаад нэгэн сайхан залуу эрдэнэт амиа алдсан гашуудалт мэдээ дэлгэгдлээ.  Хас банкны эзэмшлийн самбар нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Төв номын сангийн замын эсрэг байрлах аварга том самбарыг  буулгах явцад  өргөгч краны тросс тасраад  уг золгүй явдал болсон байна.

Энэ оны  3 дугаар сарын 6-ны өдөр Хас банкны удирдлагуудад хандан Нийслэлийн Захирагчийн албанаас эзэмшлийн самбаруудаа  яаралтай буулгах мэдэгдэл өгсөн байна. Харин тэр мэдэгдлийг  банкны ажилтнууд авахд,  бид нийгмийн хариуцлагаа өөрсдөө хүлээгээд,  самбараа өөрсөө буулгана гэж  хоттой тохирсон гэж байгаа.  Ингэж тохирохдоо энэ Хас банк ‘’Их харанга’’  гэдэг компаниар байгууллага хоорондын   гэрээний үндсэн дээр самбарыг буулгах ажлыг  гүйцэтгүүлсэн байна.   Өчигдөр болсон  Нийслэлийн ИТХ-аар  энэ сэдвээр нээлттэй ярилцах үеэр хотын эрх мэдэлтнүүд  самбар буулгах явцад эндсэн  залуугийн үхэлд өөрсдийгээ буруугүй гэдгээ сандран мэдэгдэж,  самбар буулгах ажилд нийслэл оролцоогүй гэдгийг албаны хүн тодотгож байсан.

Яагаад нийслэл,  тэр дундаа Хотын  Захирагчийн алба буруугүй байдаг билээ.  Овоо босгоогүй бол гэмгүй сайхан залуу гэнэт хорвоогоос халих уу?  Учир нь олдохгүй,   болчимгүй, бодож төлөвлөөгүй, эрсдлийг тооцоогүй олон шийдвэрүүдэд нь олон түмэн ч будилж,  хаана юу болоод байгааг ч ухаарч ойлгохоо байсан.  Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр зар сурталчилгааны самбаруудыг буулгах журам гарч, цагаан зурвас ба тусгаарлах зурваст орсон самбарууд гэж ангилагдаж байгаа самбарууд нь ёстой дайны хажуугаар дажин гэлтэй бөөн ажил,  хөрөнгө урссан, бухимдал удсан ажил болж хувирав.  Одоогийн байдлаар 225 самбар буулгаад байгаа бөгөөд нийт буулгах самбарын ердөө  30 хүрэхгүй хувь буугдаад байгаа мэдээ байна. Цаашид энэ олон нүсэр самбаруудыг буулгах гэж хичнээн хөрөнгө, хэдэн  хүний амиар тоглохыг хэн ч таашгүй.

Ирэх сарын сүүлчээр хуралдах Ардчилсан орнууудын чуулга уулзалтаас өмнө нь  нийслэлд байгаа бүх самбаруудыг хуу хаман буулгавал Монгол орон гадаадын ардчилсан орнуудад гял цал харагдаж, ардчилсан гэдгээ баталж, гайхуулах нэг үзүүлэлт болох гэнэ.  Энэ нугалааны цаана хувийн бизнес эрхлэгчдийг хайр найргүй гуядаж, самбарын хулдаасан хэвлэл эрхэлдэг  80 гаруй компаниудын хаалгыг бариулж,  ажилгүй, орлоггүй иргэдийн тоог нэмж өгсөн ардчилагчдын  ‘’ачлал’’ харагдана.  Нугалаа завхрал хэрээс хэтэрлээ. Хэдхэн хүний тоглоом боллоо. Эдгээр самбар нэгд ихээхэн ашигтай, хоёрт удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулдьд АН ашигтай байрлалаа эзлэхэд ‘’стратегийн ач холбогдол’’-той байж болно.

Тун саяхан даа, Самбарын Энхбаяр гэж баалаад байснаа  таг мартаад самбарын ашгааас хүртэх, самбарын сайн байршлыг эзэмшихийн төлөөх тэмцэл нь өнөөх хотын өнгө үзэмжийг сайжруулах гэсэн сайхан нэрийн дор  өнгөлөн далдалсан дээрэм  болж хувирах нь энээ.  Хаана мөнгө байна, тэнд хэрүүл тэмцэл,  зарга заалхай нөхөрлөн  дагалдаж байдаг. Хамгийн наад захын жишээ нэг самбарын байршилтай болохын төлөө    зөвшөөрөл олгодог эрх мэдэл бүхий хүмүүст дор 5 сая төгрөгний хахууль төлдөг.  ‘’Би  саяхан хоёр самбарын эрх авах гэж 10 сая төгрөг хахуульд атгуулаад бүр балраад явж байна. Авсан самбараа ашиглаж ч чадсангүй, буулгуулах боллоо’’ гээд амьсгаадан яваа хүмүүстэй ч таарлаа.

Самбарын бизнесийг арай урагш нь  төнхөөд үзэхэд  саалийн үнээ  болсон сайхь самбаруудын нууц ноёнтнууудын  нь  ихэнх Улаанбаатар  хотын захиргаанд ажилладаг байсан  том дарга нарын эзэмшилд байдаг гэнэ. Энэхүү  ашиг унадаг адтай бизнесийг булаах санаа мэдээж АН-ынханд байгаа. Тэд санасанаа  хийж, сарвайснаа авч байгаа.  МАН-ын дарга нарын  бизнес АН-ын  дарга нарын гарт шилжих үйл явц өрнөж байна  гэж ойлгож болно.

Хэдийгээр самбараас унах орлого дүүргүүдэд төвлөрнө гэж байгаа боловч нөгөө л эрх мэдэл, ашиг сонирхол  мөнгөний  үнэр эндээс ханхийж байгаа юм. Харин дараагийн самбаруудын эздийг даруй нээлттэй зарлах уу,  эсвэл бүх самбарыг нийслэл мэдэлдээ авах уу, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь  уу гэх мэт асуултуудыг Хотын захирагчаас ам асуумаар байна. Иргэд ч хяналтаа хатуу тавих хэрэгтэй байгаа юм.  Ажаад байхад ардчилагчид маань эрийн цээнд хүрч, эрсдэл гаргахаа больсон гэж гайхуулдаг ч ам бардам, гуя шалдан хэвээр байгаа нь гадаа гэртгүй мэдрэгдсээр байгаа. Түүхий шийдвэр, түлмээр алдаа мадаг  нь түймэр тарьсаар буй. Түмэн олны итгэл ч түүнтэй нь хамт ‘’шатсаар’’ л байна.

 

 

Эх сурвалж: Аравт.мн


URL:

Сэтгэгдэл бичих