Хөрөнгө оруулалтын гэрээнд монголчууд ялагдсаар байх уу

uurhailМонголчууд өнөөдөр зөвхөн татвараас өөр ямар ч ашиггүйгээр уул уурхайн зарим ордуудаа алдаж дуусгах нь. Дуун дээр сайн, муугаараа хэлүүлдэг Оюутолгой, Тавантолгойн ордууд ч яахав хэрүүл тэмцэлтэй ч гэсэн хэдэн бор төгрөг улсын халаасанд оруулаад л байна.

Гэхдээ одоогоор стратегийн ач холбогдолтой 15 ордын яг хэд нь төсөвт хэр хэмжээний орлого оруулж, ард түмэнд ямар ашиг өгчихсөн юм бэ гэдэг асуулт яахын эрхгүй гарч ирлээ. Үнэндээ өнөөх айхтар хуучнаар Хөрөнгө оруулалтын гэрээ буюу “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэгчээр халхавч хийж улсад орлого оруулахаас зайлсийгч компаниуд, мөн тэр гэрээний талаар шил дарсан шүүмжлэл яагаад гараад байна вэ. Тодруулбал уг гэрээг ил болгохыг цаг хугацаа шаардаж байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн баялаг олборлохоор өчнөөн амлалт өгсөн,  үүнийгээ “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд буулгасан компаниудыг ил болгооч. Тэд улс эх оронд ямар ашигтай зүйл хийж өгнө гэчихээд өнөөдөр хаагуур юу хийгээд яваад байна вэ гэдгийг ард түмэнд дэлгэх цаг ирлээ. Улс төрчид нь ч, хариуцсан төрийн байгууллага нь ч гэсэн хэдий болтол монголчуудаасаа нуух юм бэ.

 

МОНГОЛЫН ТӨРИЙГ ХЭН МЭХЛЭВ

 

Нэрэн дээрээ холбогдох хууль дүрэмд нь улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол 50-100 хүртэлх хувийг эзэмшинэ гэх утга бий. Харамсалтай нь энэ цаг үед хоёр толгойгоос өөр ордыг төр яг хэдэн хувиар эзэмшээд байна вэ гэдэг нь тодорхой бус байгаа. Үүнийг тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг хар­галзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заажээ. Энэ заалтын дагуу Монголын төр Оюу­толгойгоос бусад стратегийн 14 ордод 100, эс бөгөөс 50 хүртэл хувийн эзэмшилтэй байх ёстой. Учир нь Оюутолгойгоос бусад бүх ордыг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед социалист орнуудын геологич нар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон байдаг аж.

Гэвч тэдгээр ордуудын ихэнхид нь төр мэхлүүлчих вий гэсэн айдас байна.  Дээр дурьдсан хуулийн заалт үйлчилгээ багатай, төрөөс тавьж буй хяналт муу байгаагаас болж уул уурхайн компаниуд өөрсөддөө хангалттай хэмжээний ашиг олох таатай нөхцөл бүрдүүлжээ. Учир нь стратегийн ордуудад олборлолт явуулж байгаа компаниуд “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Байгуулсан нэг нь маш нууцын зэрэглэлд хамаардаг. Гэхдээ үүнээс сэтгэл эмзэглүүштэй нь тус гэрээг байгуулсан компаниуд эхний таван жил орлогын албан татвараас 100 хувь, дараагийн таван жилд 50 хувь чөлөөлөгдөхөөр заасан байх аж. Ингэхээр тэд нэг талаараа дархан эрхтэй болж төрийг яаж ч молигдож болох хувилбарыг зохиож байгааг учир мэдэх нь шүүмжилж байна. Бүр татвар төлөх гэсээр байж хамаг нөөц нь дуусч буй мэдээ бий.

 

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ” БАЙГУУЛСАН КОМПАНИУД

 

Монгол Улсад гадаадын хөрөн­гө оруулалт саарч, гадныхан хүлээлтийн байдалтай болсон, улс хуульд заасан хувь хэмжээгээ эзэм­шиж чадахгүй байгаагийн шалтгаан нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г сайн ойлгоогүйн хар гай хэмээн доктор С.Авирмэд гуай манай сонинд өгсөн нэгэн ярилцлагандаа хэлж байв. “Хөрөнгө оруулалтын гэрээ” бол асар их хөрөнгө оруулалт орохоос өмнө хийгдэх ёстой зvйл байдаг гэнэ. Нөгөөтэйгүүр хэн нэгэн ялагдаж нөгөө нь хождог хонжоо огтхон ч биш. Энэ бол харилцан ашигтай хийгдэх ёстой хэлцэл. Гэтэл Монголын төр эл гэрээ ёсоор аль хэдийнэ хожигдоод эхэлчихсэн.

Тэгвэл тус гэрээг анх хийсэн компаниудаас товч дурдъя. Сүх­баатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Төмөртэйн овоогийн цайр, хар тугалгын орд. Уг ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” компани 1998 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ашиглаж буй. Дашрамд дурьдахад 2008 онд энэ компанийн гэрээний хугацаа нь дууссан гэдэг ч дахин сунгасан гэх мэдээлэл бий. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь Бороогийн алтны орд. Стратегийн ордод оруулах үед 24.5 тонн алтны нөөцтэй байсан. “Бороо гоулд” компани нэмэлт хайгуулаар нөөцийг нь өсгөж 40 тонн хүргэсэн. Одоо нөөц нь дууссан гэх. Эл компанийн адаг сүүлдээ Монголын түүх дурсгалын арвин нөөцтэй гэдэг Ноён уулын орчим олборлолт явуулах гэж байгаа тухай мэдээлэл олныг сандаргасан нь саяхан.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурван тэс суман дахь Нарийн сухайтын нүүрс ний орд. Энэ ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чин Хуа МАК Нарийн сухайт” ХХК болон “Монголын Алт” (МАК) ХХК-тай манай Засгийн газар 2005 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Шивээ хүрэнгийн боомтоор нүүрс зөөж байгаа. 2015 онд гэрээний хугацаа дуусна.

Гэхдээ эдгээр орд газрууд одоогоос долоо, найман жилийн өмнө Монголын хөрөнгийн авдар гэгдэж байсан бол өнөөдөр бүх нөөц нь шавхагдаж байгаа хэмээх мэдээлэл гарсаар байна. Одоо судалгаа нь хийгдэж буй болон стратегийн ордод хамааруулахаар яригдаж байгаа 39 ордын нөөц хэмжээг яг бүрэн тогтоосон уу гэдэг нь бас эргэлзээтэй. Яагаад гэвэл нарийвчлал нь 1:200 метрийн машстабаар Монголын ихэнх ордуудын нөөцийг тодорхойлсон. Энэ нь нэг талаараа бүх нөөцийг нь баттай тодорхойлж чадахгүйг мэргэжлийнхэн хэлдэг. Харин цөөн хэдэн ордод л 1:50 метрийн машстабаар хэмжилт хийсэн гэж буй. Нөгөөтэйгүүр цаашдаа төр өөрөө хайгуулаа хийж, баялгийн хэмжээгээ тодорхойлно гээд бай­гаа. Гэвч тийм их хөрөнгө мөнгө хаанаас гаргах вэ гэдэг асуудал мөн л толгойн өвчин болдог. Энэ бүхний эцэст төр нэгэн цагт мөнгө муутай байсан учраас гадныхны хэтэвч зузаантай бизнесмен ирээд хэдэн ногоон амлангуут ордуудаа зүгээр шахам өгчихдөг байлаа. Харин одоо байдал арай өөр болсон. Тиймээс “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний утга, агуулгыг дахин эргэн харах шаардлага тулгарав. Нөгөөтэйгүүр тус гэрээг хийсэн компаниудын амлалт, ажлын биелэлтийг нь ард түмнийхээ өмнө ил болгохыг цаг хугацаа шаардаж байна.

 

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих