Задгай цементний үнэ тонн нь 175, ууттай нь 165 мянган төгрөг болж нэмэгдэв
Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор импортоор оруулж буй барилгын материалын үнэ нэмэгддэг. Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас барилгын салбарынхны ажил эхлэхээс урьтаж цемент, арматурын үнийг барихаар барилгын материал үйлдвэрлэгч компаниудад 265 тэрбумын зээл олгохоор болжээ. Тиймээс барилгын материалын үйлдвэрлэгч болон импортоор оруулж ирдэг компаниудын төлөөлөл өнөөдөр Барилга хот байгуулалтын яаманд цуглаж, үнийн саналаа хэлэлцлээ. Салбар яамны зүгээс ууттай цементийг нэг тонныг нь 160.000, задгай цементийг 170000 төгрөгт барих санал гаргасан бол худалдаачдын зүгээс задгай цементийг 175.000, ууттайг тонн тутмыг нь 180.000 төгрөгөөр борлуулах саналтай байгаагаа хэллээ. Учир нь Эрээнээс Зам-Үүд хүртэл тээвэрлэхэд Замын –Үүдээс нийслэлд ирэх хэмжээний зардал гардаг. Мөн тээвэрлэлт, валютын зөрүү, гаалийн асуудал гээд бэрхшээл байдаг гэнэ. Өчигдөр БХБЯ-ны холбогдох албан тушаалтнууд дахин хэлэлцэж, задгай цементийг тонн тутмыг нь 175000, ууттайг нь 165000 төгрөгийн үнээр худалдахаар боллоо. Барилгын талбайд ууттай бус задгай цемент хэрэглэж байх албан ёсны журам гарсан юм байна. Гэхдээ тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглан задгай цементийг хүргэх ёстой. Манайд энэ бүх шаардлагыг хангасан дөрвөөс таван компани байдаг байна. Тэд цементийг хямдхан нийлүүлсэн ч зуурмаг нийлүүлдэг компаниудын дийлэнх нь гадаад эзэнтэй учраас дуртай үнээ хэлдэг зэрэг саналыг БХБЯ-ны Барилгын материалын бодлого хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Э.Цэдэнсамбад уламжиллаа. Юутай ч барилгын салбарын улирал дуустал цемент, арматурын үнэ нэмэгдэхгүй байхаар болж гэрээнд гарын үсэг зурж зээл авахаар боллоо. Компаниудын хувьд зээлийн хэмжээ харилцан адилгүй олгогдох юм байна.
URL: