Түйтэрийн сүлжээгээр аялсан 3 хоног
Твиттэрийг, жиргээчид түйтэр гэх юм. Би хувьдаа энэ сүлжээг дэлхийг ороосон үй олон сая хэрэглэгчтэй нэртэй хүндтэй томчууд хүртэл байдаг болохоор нь их ажил хэрэгч мундаг сүлжээ гэж боддог байв. Энэ бодлоо шалгая байз гэж бодоод, тэгээд ч хэзээ билээ Найдалаа маань твиттэрийг эзлэе гэж ѳртѳѳчдийг уриалан дуудаж байсан болохоор ямартай ч үзмээр санагдаад түйтэртэй уяатай 3 хонолоо. Ийн тѳрсѳн сэтгэгдлээ ѳртѳѳнийхээ гишүүдтэй хуваалцаж санал бодлы нь сонсоё гэж үүнийг тэрлэв.
Жиргээчид
Түйтэрт нэгдсэн хэн бэ гуай ч 140 тэмдэгтэд л багтааж юм бичих тэгш эрхтэй, ах эгч хүүхэд шуухад эр эм гэх юм байхгүй бүгд л байгаагаараа л бичнэ. Тэднийг жиргээчид гэнэ. Нэг орон зайд оршиж аж тѳрцгѳѳж байгаа ч гэсэн хүн бүр сэтгэлгээний ѳѳрийн гэсэн ѳнцѳгтэй байдаг хойно асуудлыг янз бүрээр л харах юмаа. Ер нь бол ихэнхи жиргээчид ажил хэрэгч санал тавьж чухал хэрэгтэй мэдээ мэдээлэл олж сонсох хандлагатай, ядаж л сонин гойд юмны линкийг явуулчих юм.
Зарим жиргээчид твитерийг ертөнцийг харах цонх гэж байна. Уг нь дээх нь үед номыг л тэгдэг байсан юмсан. Нийтлэгч
Энэ нөхөр шиг аюулгүй газар нуугдчихаад л элдвийг ажиглаж байх сонирхолтой нөхөд ч бас байдаг байх магадгүй. Нийтлэгч
Гадаадын жиргээчид ч байна, англи орос хэлээр л жиргэх юм. Заримтай нь Киприйн асуудлаар жиргэж үзлээ, монголчуудаас арай л ѳѳр тѳвшингѳѳс жиргээд байх шиг санагдав, зүгээр санаа дагасан ч байж болох л доо. Ерѳнхийлэгч ивээн тэтгэж нутагшуулж байгаа гэсэн титэмтэй Иран эр хүртэл байна. Сайнбаяр нѳгѳѳ 3 Хазараа чирээд оруулчихмаар ч юмуу, жиргэж л байг, бас нутагшихад нь нэмэртэй биз. Жиргээчид дэндүү олон янз, шүлэгчин, аман зохиол оньсого сонирхогч, мэдлэгийн хайгуулч, мэдээний гуйлгачин, зураг тавигч, олзлогч, ѳѳрийгѳѳ харуулагч, ѳрѳѳлийг ѳѳлѳгч, зусарч, бас долдой, заагч, мэдэмхийрэгч, шалиглагч, завхай зайдан эротик сурталчлаач, үнэнч, худалч, хязгааргүй эх оронч, дарга цэрэг, эрхэм гишүүд, хѳдѳѳ сумын малчин хүртэл байна.
Нийгмийн алаг цоохор ѳнгийг багтаан шингээсэн үй түмэн жиргээчид зэрэг зэрэг шаагилдахдаа нэгнийгээ доромжлох, үг сѳргѳх, хэрүүл маргаан хийнэ гэж байхгүй. Сэдэв бол ерѳѳсѳѳ чѳлѳѳтэй, ѳнѳѳдѳр ч үндсэндээ бурхан тѳрүүлдэг эхийн тухай л шуугиантай жаахан маргаантай ѳнжих шив дээ. Гурав хоног тэдний шаагиаг ажиж суух зуур ганцхан жиргээч л бүсгүй хүн рүү хандан ѳлѳгчин чи…гэснийг харав. Цаадхи нь ч уурлсангүй, та нар энэ хүнийг арай дагдаг юм биш биз дээ гэснийг уншаад энэ дагалдахад учир их байнаа гэж гэнэт бодогддог байна. Гайхаж гайхаж дараахи хэдэн мѳрийг холбоод явуулж орхив.
Бор борын бялзуухай
Ботгон дээрээс жиргэнэ
Болжмор голдуу шувуухай
Босон суун шаагина
Бодолдоо түүртсэн чогчигонууд
Босго хавиар тонголзоно
Дагагч дагалдагч
Түйтэр бол аль болох олон дагагчтай болох хүсэлдээ хѳтлѳгдсѳн жиргээчдийн нэтворк. Дагалдагч нараа алдчих вий гэхээс цѳсѳндѳѳ
огитол айна. Тийм болохоороо ширүүхэн дуугарч чаддаггүй ч байж мэднэ, гэхдээ басчиг бүгд тийм гэвэл худлаа байх. Зарим нь тоодог ч гүй юм шиг санагдав. Ихэнхи жиргээчид шѳнѳдѳѳ тэдэн дагагч оллоо тэд нь дагахаас татгалзлаа гээд мэдээлчихнэ. Миний дагагч 1000 хүрлээ, ямар цол авах билээ гэсэн жиргээчийн асуултад хариу болгон 500 хүртэл чогчиго, 1500 хүртэл болжмор, 5000 хүртэл бялзуухай түүнээс цааш бол бор борын бялзуухай гэвэл гээд бичиж орхив. Би болжмор болмооргүй байнаа гэж тэр жиргээч бичсэнгүй, бодвол энэ одоо хэн юм бээ л гээгүй байх.
Тайлбар: Зохиогч бол дан шувуугаар л цол өгөх саналтай юм шиг байна. Жиргээч BattulgaKH бас санал гаргасан л байсан. 5000 хүрвэл сумын заан гээд явах юм гэсэн байх шүү. Өөр нэг жиргээч 1000 хүртэл дагагчтай бол өт хавьцаа нэрлэвэл яасан юм, тэгээд 1000 болвол болмжмор ч болдог юм уу гэж байсан. Зугаатай ч юм шиг л санагдсан. Шинээр нэгдсэн жиргээчид бол бүгд л өт болох юм байна. Тэгээд дараа нь зэрэг дэвшээд болжмор. Нөгөө амралтан дээр хөлд ороод дараа нь хэлд ордог ч билэв үү яриа байдаг шиг. Ха ха. Нийтлэгч
Зарим нь ч намайг дагаач гээд улаан гуйх юмаа. Ламбаа гуай та түр ч гэсэн дагачих, би АУИСургуулийн талаар санал хэлье гэсэн жиргээ харагдсан. Таныг дагавал би бас дагана гэдэг нарийн аргатай хүн ч байна. Уг нь гуйгаад хайлаад байх ч шаардлаггүй л юм байна билээ л дээ, ганц нэг шуугиантай асуудал гаргаад тавьчихаар л шаагиж ѳгнѳ, дагагчийн тоо ч халууны улирлын ялаа шиг үржчих нь тэр.
Баярлалаа гэдэг үгийг их бага хэрэглэнэ, зүгээр ажиг хийн суухаар ядаж баярлалаа гээд хэлчихэж байдаг юмуу гэж бодоод дагасан жиргээч болгоны титэм хуудсыг нээж байгаад за баярлалаа хѳ! Таны титэм үг тийм, ийм юмаа гээд бичээд байлаа. Жиргээчдийн урамшиж хѳѳрч байгаа гэж юүхэв, баахан баярлалаа авдаг байна. Баярламаар ч юм шиг. Сүүлрүүгээ ч бусад хүмүүс бас за баярлалаа хѳ! гээд бичээд эхлэнэ билээ. Цахимыхаа хэдийн аккаунтийг бас сѳхѳж үзлээ, бие биенээ дагадаггүй сонин юм байх юм. Ѳѳр дээрээ хэлэхэд, жишээ нь, Ш.Баатар намайг дагаагүй байлаа, би бас нилээд ѳртѳѳчдѳѳ дагаагүй байхаар нь чадах ядахаараа залруулав. Тэгээд ч ѳртѳѳнѳѳс бичдэг нь цѳѳхѳн юм билээ. Жиргээчдийн бичилбэрийг харж байгаад дагах хүнээ сонгочих боломжтой.
Харин эвгүйхэн юм бичсэн жиргээчийг ѳѳрѳѳсѳѳ холдуулчихаж болох юм билээ. ЖАЛИРСАН хэдэн жиргээчийг дагахаа больж хасаад харж байтал намайг дагагчийн тоо цѳѳрѳѳд ирдэг юм байна, онцгүй ч юм шиг. Үндэсний яруу монгол сайхан хэлбичгээ гутааж үг хувилгаж чамирхаад байхаар нь би жалираач гэж нэр ѳгсѳн юм. Манай одонгийх нь үнэр ч гараагүй байгаа Саруул доктор бол эгдүү нь хѳдлѳѳд юү юүгүй бѳѳс түүмээр болдог байхдаа гэж бодоод ганцаар инээв. Жалирах гэж яахыг хэлдэг юм бэ гэж хэдэн ч жиргээч асуусан байсан. Ухаандаа яаж байна гэхийг яжайна гэх л жишээтэй бичээд байгаа, тэмдэгтийн тоонд захирагдаад байгаа юмуу гэтэл үгүй, огт биш зүгээр л чамирхал юм билээ. Яаж бна гээ л товчилж ч болно л доо. Зарим жиргээчид ч зүгээр л бааж шээснээ уусан идсэнээ, унтсан хэвтсэнээ хүртэл нуухгүй чаатлчих юмаа. Зарим нэг нь бүр жиргээнд ороод донтчихсон ч байдаг юмуу, мэдэхгүй шѳнѳжин сууж харагдах юм.
Агуулга
УИХын эрхэм гишүүд, яам тамга, газрын сайд дарга гээд чухал улсууд бас жиргэх юмаа. Тэд ч голдуу ажил хэргийн чанартай, асуудал дэвшүүлсэн, мэдээлсэн аясаар аргагүй л тулхтай жиргэх юм. Хаа очиж улс тѳржѳѳд байгаа юм ажиглагдсангүй. Ер нь бол түйтэр агуулгагүй сүлжээ гэхэд болно.Дѳнгѳж 140 тэмдэгтээр агуулга гаргаад ч яах юм билээ дээ. Тѳмѳр замын асуудлаар ганц нэг агуулгын чанартай юм жиргэж үзлээ, тасалж бичих гэж үйлээ үзэв, дээр нь бас хоорондуур ѳѳр жиргээ орж ирээд ауулгыг маань бүр хуулга болгочихов. Асуулт дэвшүүлмээр хорхой хѳдлѳѳд болдоггүй, анаж байтал хурдан мориноос хүүхэд унаад, нэг хүүхэд дѳрѳѳндѳѳ чирэгдээд амиа алдчихав.
Тэрийг ѳлгѳж аваа л урьд нь ч ѳртѳѳ сүлжээгээр хэлэлцсэн асуудал болхоор ёстой нэг авч ѳглѳѳ. Ѳвѳл морь уяхгүй, насны доод хязгаар 16, хадаг салбагануулсан уяач хүүхдийн амиар тахилга хийлээ, эрхэм гишүүд баячууд ѳѳрсдийхѳѳ хүүхдүүдээр морио унуулж бай энээ тэрээ…хѳврүүлэх шиг л болов. Хамгийн эхлээд Баабар дэмжсэн шүү. Харин мань Баабар Тод Магнай нэртэй жиргээчид АЛУУРЧИН гээд нэр хайрлачихав. Ихэнхи хүмүүс хурдан морины зохион байгуулалтын талаар сѳрѳг сэтгэхүйтэй явдаг нь мэдрэгдсэн дээ. УИХын эрхэм гишүүн Одонтуяа уухайлан орж санал хураалт явуулахаар нь учиргүй баярлан хэдэн үг солилцоодохсон чинь юу вэ! Зѳндѳѳ гишүүн сайд дарга нарын дагана уу гэсэн санал ороод ирэв, зарим нь ч шууд дагасан байна. Би ч ямар нээх чухал амътан биш, барьц алдаж буй үнэнээ л хэлээд дагасан даа. Энэ утгаар бол сонирхсон асуудлаараа сошиал актив гарах л юм байна гэж бодсон, тэдний дунд, цаана ямар сонирхол байдаг нь маньд бол падлийтай зүйл огтхон ч биш л дээ.
Цагийн гарз
Түйтэр цаг их иддэг гэж Жамц камирад билүү дээ нэг нь хэлж байсан, үнэн ажээ. Ажил ихтэй, олны дунд гарах онцын шаардлаггүй, цаганд хавчуулаастай мань мэтийн олон хүний хувьд түйтэр бол ёстой цагийн гарз л юм байна. Хүмүүсийн жиргээг унших гэж хамаг цагаа авдаг юм байна, заримд нь хариулмаар болно.
Яахав сэтгүүлчид, нийтлэлчид бол сенсааци болгочихмоор юм бэлэн л хэвтэж байх. Отоочид ч их байдаг байх. Ѳнгѳрсѳн шѳнѳ манай сумогийн их аварга Дагвадорж гадны шамаануудыг хѳѳж гаргамаар юм гээ л жиргэсэн, ѳнѳѳдрийн сонинд ѳрсѳлдѳѳ л тавьсан байх жишээтэй, ийм л юм.
Дагагч дагуулагч нарын RT хийсэн мэдээ имейл хаягаар ороод байдаг болохоор бас огт цагаан холдчихож боломгүй л юм байна. Ерѳнхийдѳѳ гэвэл цаг л их авдаг болохоос сэтгэгдэл гайгүй шүү!
И.Цэрэнхүү
2013-03-21
URL: