Ө.Энхтүвшингийн ил захидал нэртэй “элийрэл”

c420889da03b2e2dbig-300x193МАН-ын дарга Ө.Энхтүвшин шалбаагны уснаас духандаа хүргэчихлээ. Бүр адислаж байгаа бололтой юм. Тэр ч бүү хэл, намба алдаж намын нэр хүндийг ч шалбаагтай “хутгачихав”. Нэгэн цагт Ц.Нямдорж МАН бол их мөрөн, МАХН бол шалбааг гэж нэрийдэж байлаа. Гэхдээ бүр хэзээ мөдгүй ширгэх гэж байгаа гэж онцгойлон тодотгосон юм даг. Гэвч энэ бүхэн намын дарга Ө.Энхтүвшинд падлийгүй. Ямартаа л ил захидал бичиж, элийрсэн балайрсанаараа цоллуулж байх вэ дээ. Сонины хэдэн нүүр дамнасан намын даргын ил захидлыг уншихаасаа урьтаж залхсан нь олон. Гэвч өмнөх, хойдохыг нь сөхөж, ул үндсийг нь муулсан, дэгсдүүлж хэлэхэд ил захидал бус намын даргын элийрэл мэт түүний захидлыг шимтэн уншив аа.

Сүүдрийн Засгийн газар байгуулагдаж, сайд нараа томилж, залуу гишүүд нь бослого гаргах шахаад байгаа энэ намд бий болсон нөхцөл байдал бол зөвхөн ялагдлын дараах улс төрийн хүчнүүдэд тохиолддог ердийн нэг хүндрэл биш гэнэ. Энэ бол нилээд эртнээс эхэлсэн, ужгирсан, олон үе шаттай үйл явц мөн гэж дүгнэсэн Ө.Энхтүвшингийн үг өмнөтгөлд нь бий. Ёстой л Н.Энхбаярт таалагдах гэсэн түүний чин хүсэл цухалзах мэт. Энэ удаагийн сонгуулиар л хамтарч чадвал Ө.Энхтүвшин намын даргын суудалдаа үлдэх магадлал өндөр болж, бүр цаашилбал Ерөнхийлөгч болчих найдвар бий учраас үгээр, үйлдлээрээ царай алдан гуйгаад байгаа нь энэ. “Өр, ширнээс өөр өвлөж авсан зүйлгүй, бас өвчин тахал, зуд турхан гээд хэцүүхэн сорилтуудтай тулгарч байсан боловч хийх, бүтээх хүслээр жигүүрлэсэн он жилүүд байв. Үүний зэрэгцээ намын дотоодод аюултай нэг өвчин үүсч тархаж эхэлсэн билээ. Тэр бол хувь хүнд төдийгүй намд тохиолддог “биеэ тоож бардамнах өвчин юм” гэсэн нь ч аанай л “анд”-ыгаа өмөөрсөн өнгө аястай. Монгол Улсын их өрийг тэглэж, түүхэн гавьяа байгуулсан гэгддэг Н.Энхбаярыг дурсан сануулах гэсэн оролдлого ч юм шиг. Шулуухан хэлэхэд, журмын нөхөддөө хандсан намын даргын ил захидал гэхээсээ илүүтэй Н.Энхбаярт илгээсэн сэтгэ­лийн гүн дэх үг төдий харагдах аж.

Тоолбол нас, төөлбөл бие чацуу МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг эвцэлдүүлэхийн тулд хоёр намын өвгөчүүл Тусгаар тогтнолын ордонд морилж, намаа нэгтгэх бичгийг өргөн барьсан. МАН-ын дарга ч инээмсэглэн угтаж, алгаа тосон гардав. Түүний хувьд өмнөх өдөр нь хариугаа хэлж, санаагаа илэрхийлчихсэн тул бүх юм ойлгомжтой. Гагцхүү Намбарын хүүгийн хэлэх үг эцсийн цэгийг хатгах байсан. Гэвч экс эхлээд АН-тай гар барих талаар гэрээ­ний заалтын дагуу ярилц гэсэн даал­­гаварыг намынхандаа өгсөн байсан юм.  Иймээс ах намынхан хоёрт эрэм­бэлэгдэж, лам олдохгүй бол буцахдаа зална даа гэгчээр хөнд­лөн­гөөс ажиглан, хүлээж суухаас өөр гарцгүй хоцорсон юм. Аз болж АН-ынхан нүүр өгөөгүй. Нэгэнт айдгаа авд­рандаа хийчихсэн тул тэдэнд нүүр өгч, нарсанд суугаа хүний үгээр үг хийхийг үнэндээ хүсээгүй юм. Ингэж л Ө.Энхтүвшингийн сэтгэлийн хон­гилд гэрэл асав. Гэхдээ энэ бол эц­сийн шийдэл биш. Ах нам дотор Н.Энх­бая­рыг хүлээж авах сонирхолгүй хэ­сэг бүлэг бий. Ганц Н.Энхбаяр ч биш шалбаагтай нэгдэн, шороотой хут­гал­дах сонирхол журмын нөхдийн цөөн­гүй хэсэгт нь бий болоод байгаа юм.

Тэгээд ч 90 гаруй настай буурал нам хоёрхон настай жаалыг гуйж хамаг байдгаа барьж гүйлээ хэмээн Ө.Энхтүвшинд намынхан нь ундуйцах болсон. Түүнчлэн ил захидалд дурьдагдсан “Тэр үед МАН-ын шинэчлэлийн тухай биш Ардчилсан намын тодорхой хэсэгтэй нийлж Монголын Ардчилсан Хөгжлийн нам (МАХН)-ыг байгуулах шаардлага, арга замын талаар явцуу хүрээнд ярилцаж байсан нь одоо нууц биш болжээ” хэмээх үг журмын нөхдийнх нь хоолойг зураад хэцүүхэн байгаа гэнэ лээ. Ёстой л наанаа хоёр нам болж, сонгогчдоор тохуурхдагаас биш ашиг сонирхол, бизнесийн хүрээнд түншүүд гэгддэг МАН, АН хоёрыг Ө.Энхтүвшин ганц дээрх үгээрээ л баталгаажуулчихсан хэрэг.

Хэдэн арван хуудас захидалд цааш өгүүлэхдээ “УИХ-ын ба орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшсэн нөхөд маань ил, далд хэлбэрээр бие биеэ чимхэж өөр хоорондоо өрсөлдсөнөөс, эсвэл орон нутгийн намын байгууллагатайгаа нэг баг болж ажиллаж чадаагүйгээс ялагдсан нь мөн л эв нэгдэлгүйн уршиг байв. Энэчлэн сургамж болохоор олон жишээг жагсаагаад байвал хэдэн зуун хуудас дүүрэхээр байна” гэжээ. Түүнчлэн тооцоо, судалгаа муутай амлалт тэрүүхэн цаг үедээ хожил авчирсан мэт боловч нэхэл хатуутай, ер нь хожимдоо муу үр дагавартай гэдгийг “сая таван зуун мянга” сануулаад одлоо гэсэн нь ёстой л өөрийнх нь хэлснээр МАН-ын гишүүд, дэмжигчдийн урмыг хугалав. Түүний хувьд энэ бүхнийг уудлан, нийтэд дэлгэж тавьснаар Ө.Энхтүвшин шинэчлэл хийж, нам доторх жинхэнэ ардчиллыг бий болгох нь гэж харуулах гэсэн оролдлого, мөн Н.Энхбаярыг өөртөө “урвуулах” гэсэн төдий үйлдэл байлаа. Харамсалтай нь, эсрэгээрээ журмын нөхдийнхөө урмыг хугалж, зарим нэгнийх нь ундуйцлыг хүргэж, харин ч бүр эсрэгээрээ эксийг түлхэх шахсан юм. Нам доторх ганцаарчилсан тоглолт нь газар авахгүйг эрх биш ойлгосон байлгүй гэх хол, ойрын хүмүүсийн үг ч өнөөдрийг хүртэл цуурайтаж буй. Намын даргынхаа хувиар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж мэдэх ч журмын нөхдөөс нь өөр таних хүнгүй түүнийг тал нутагтаа сурталчилна гэдэг амаргүй л бололтой юм, хөөрхий.

Л.НИНЖСЭМЖИД

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих