“Талх чихэр” компанийг татан буулгая

talhХүнсний аюулгүй байдал алдагдлаа хэмээн нэг их санаа тавьж, байсгээд л хурал цуглаан, шалгалт хяналт явуулдаг МХЕГ, ШӨХТГ-уудад дайх үг байна.

“Танайх ийм зөрчил гаргажээ, энэ хэмжээний мөнгийг төлчихвөл үйл ажиллагаагаа явуулж болно” хэмээн хүнс үйлдвэрлэгч цөөн томоохон компанийн толгойг илсээр бүүр даврааж орхижээ. Эзнээс нь айдаг уу, эрхзүйн орчин нөхцөл нь байдаггүй юм уу үндэсний томоохон үйлдвэрлэгч гэгддэг “Талх чихэр” компанийн хаалгыг хаах цаг болжээ. “Манайхыг хаагаад үзэг л дээ, мах, талх, боорцог, гурил гээд хүнсний зах зээлийг чинь сүйрлийн эрмэгт хүргэхээ мэднэ байлгүй” гэсэн шиг хээвнэг ажиллаж, ажиллахдаа алдаа гаргасаар байгаа Х.Баттулга сайдаар овоглосон дээрх үйлдвэртэй хатуу хариуцлага тооцоё. Улсын өмч байхаас нь  буруу гараар хувьдаа авчихсан гэх таагүй түүхийн гэрч болдог тус үйлдвэрт мэргэжлийн багийнхны шалгалт хэрэгтэй байна. Хувьсгалын гэхээсээ илүү хувийн компаниудад хүрд эргүүлэх боломж илүү олдох болсон шинэ цагт эзэн нь төр рүү шургалж, эдийн засаг, хүнсний салбарыг “атгаж” алдаа гарсан ч сонсоогүй, хараагүй мэт аашилж байгаадаа төрийн хар хүн болсон юм бол жудагтайхан байж буруугаа хүлээвэл яасан юм бэ, сайд аа.

Таны эцэг, эхийн алдар шиг нэрний чинь эхэнд дуудагддаг бизнесийн чинь толгой компани иргэддээ чанаргүй, баталгаагүй, сэтгэл, итгэл эвдсэн хүнс түгээгээд тэр нь баримт болон үйлдвэрлэсэн он, сар, өдөртэйгээ хэвлэл мэдээлэл, цахим хуудсыг дүүргэх болсоор удав. Үндэсний аюулгүй байдлын тэргүүн шугамд зогсож бодлого ярьж, ард түмнийхээ талд үйлчлэхээр сонгогдсон танд хүнсний аюулгүй байдал чухал биш байна гэж үү.  Монголын хүнсний зах зээлд “Талх чихэр”, “Мах импекс”  томоохон орон зай эзэлдэг.  Гэтэл “Талх чихэр” компанийн үйлдвэрлэсэн еэвэнд шархны лент “нуугджээ” гэх гарчиг бүхий мэдээлэл дэлгэгдсэн нь айдас, жихүүдэс төрүүлсэн. Иргэдийн хэрэгцээнд нийлүүлэгдээд нэлээд хугацааг үдэж буй “Та Чи” нэртэй еэвэнгээс ийнхүү хурууны шархны лент гарсан нь олныг ёстой л сэрдхийлгэсэн. Үүнээс үзвэл, танай үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэнд, гар хуруу, хумс, үс, шарх, сорвиных аюулгүй, бүрэн бүтэн байдлыг харж, шалгахгүйгээр үйлдвэрлэлийн орчин руу оруулдаг юм байна гэсэн дүгнэлт гарч байна. Элдсэн сур, хумс, үс, зэвтэй боолт, үе мөч, нурууны хятад наалт, порлон, чулуу гээд байхгүй юмгүй танай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл яагаад хуулийн хатуу хариуцлагын гадна үлдээд байна вэ. Эзэн нь улс төрч, үйлдвэр нь монополь байвал хуулийн ямар ч заалт үйлчилэхгүй гэсэн зарчим арай байдаггүй байлтай. МХЕГ, ШӨХТГ-ын сонорт хүргэхэд “Талх чихэр” компанийн энэ мэт давуу эрх хэрээс хэтэрвэл иргэдийн ходоод хогийн сав болж дуусах нь байна.

Мэдээллийн талхаар иргэдийн оюуныг цатгаж байсан хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл отгон телевизүүдийг техник хэрэгсэл дутуу, орчин үеийн өндөр үнэтэй тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуул гэх хатуу босго тавьж өрсөлдөөний талбараас түлхэж хаалгыг нь дахиж онгойх тэнхэлгүй болтол нь хааж чадсан шигээ хүнс үйлдвэрлэгчдэд ч мөн хатуу хандая. Хэвлэл мэдээллийн салбар бол хэзээ хэзээнээсээ хэний ч оролцоогүйгээр шалгарч, шигшигддэг уран бүтээлийн харгис талбар байдаг. Тэр талбарт хэн нэгэн мэргэжилтэн, эрх мэдэлтний хүч биш нийгэм, олон нийтийн хүч үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, унах уу, босох уу гэдгийг нь уншигч, үзэгчид нь шийдээд өгдөг гэсэн үг. Харин хүнсний салбар бол үүнээс тэс өөр. Хэрэглэгч жинхэнэ утгаараа “хаан” байх ёстой салбар. Монгол хүний эрүүл байх зарчим үйлдвэрлэлийн орчинд нэгдүгээрт бичигдэх ёстой. Гэтэл өнөөдөр Баттулга сайд аа, “Талх чихэр” нэг л биш ээ. Ил мэдэгдсэн нь эдгээр ч далд, мэдэгдээгүй орхигдсон, хугацаа чанар нь дууссан, хатач хорчийсон, кг-даа хүрэхгүй, уут сав нь урагдаж задарсан гэх мэт бүтээгдэхүүн авч хохирсон иргэдийн гомдлыг оролцуулбал асуудал улам нэмэгдэнэ.

Энэ мэт алдаагаа засч буруугаа хүлээж уучлалт гуйж хяналт шинжилгээгээ сайжруулах байтал харин ч “но”-г нь илчилсэн хэрэглэгчид рүү томорч “хэдэн төгрөг аваад чимээгүй бол” утгатай үг чулууддагийг хохирогчид нь хэлдэг юм билээ. Байсгээд боорцог, талхныхаа үнийг хяналт, зөвшөөрөлгүйгээр нэмчихдэг тус компани энэ мэтэээр иргэдийг дорд үзэж өөрсдийгөө хаанд өргөмжлөхөө болиосой. “Үйлдвэртээ шинэ техник авсан учраас талхны үнийг нэмж байна” гэсэн хөгийн тайлбар хийж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж иргэдийн халааснаас алдагдал, зарлагаа нөхчихдөг том толгойтой, даварсан энэ үйлдвэрийг хаая. Эзнийг нь бодсон ч энэ бүх баримтыг харсан ч нийгэм, төрийн бодлоготой энэ үйлдвэрийн эрх ашиг харшилдаад байна. Өөрөөр хэлбэл, хувийн болон хувьсгалын эрх ашгийн сонирхол давамгайлсан хүнд хүнсний салбарт монополь байх нь зохихгүй байна. Төрийн хүний нүдэнд хувийнх нь компанийн алдаа харагдахгүй байна. “Талх чихэр”-т улс төрч эзэнтэйнх нь төлөө бус иргэдийн хоол хүнсний аюулгүй байдалд удаа дараа заналхийлж байгаагийнх нь төлөө “за” гэж хэлж болохгүй ээ, Магнай дарга аа. Мэдээллийн хэрэгслүүд хичээгээд ч давж чадаагүй өндөр босгоор чанаргүй хүнс үйлдвэрлэгчдийг ч мөн зүтгүүлье.

Эх сурвалж: “Нийгмийн толь”  М.Хатанбүүвэй


URL:

Сэтгэгдэл бичих