“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ мориор амьсгалсан сүржин найр хийлээ
“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ тод манлай уяачийнхаа найрыг өнгөрсөн баасан гарагт Баянгол зочид буудалд хийжээ.
Тод манлай уяач гэдэг нь бөхөөр бол Дархан аварга хэмээх цол юм. Хурдан моринд ороод зургаахан жил болоод хамгийн өндөр цолыг хүртсэн хамгийн залуу уяач Х.Бат-Эрдэнийн найр мориор амьсгалсан нижгэр найр болсон гэж ирсэн зочид нь ам уралдан ярих аж.
Х.Бат-Эрдэнийн хүндтэй зочдоос дурдвал Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүү, тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, тод манлай уяач Лоолой Г.Алтангэрэл, Х.Бат-Эрдэнэтэй хамт тод манлай уяач болсон А.Сүхбат аваргын ах А.Батсүх, Монгол Улсын аварга Г.Өсөхбаяр, Монгол Улсын гарьд Д.Бат-Эрдэнэ, Монгол улсын гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын заан Б.Соронзонболд, Монгол Улсын харцага Г.Ганхуяг, Монгол Улсын начин Д.Лхагвадорж, Ду.Батбаяр, УИХ-ын гишүүд гээд л цуврах юм билээ.
Хамгийн залуу бөгөөд отгон тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ баярынхаа өдөр ганц өөрөө баярлаад зогсохгүй бусдыг ч баярлуулсан гэнэ. Тэрбээр улсын наадамд түрүүлсэн хурдан азаргыхаа даагыг ирсэн зочдод сугалуулахад аз нь гийсэн аавын хүү болох Лоолой Г.Алтангэрэл уяач хурдан хүлгийн эзэн болсон байна.
Бас тэрбээр өөрийн найраа дуудлага худалдааны индэр ч болгоод амжжээ. Мөн л ирэх наадмаар хурдлах шинж нь бүрдсэн даагаа дуудлага худалдаанд оруулахад 25 сая төгргөөр Төгөлдөр хэмээх залуу хурдан морийг өөрийн болгосон байна. Харин дуудлага худалдаанаас босгосон мөнгөнийхөө батламжийг Х.Бат-Эрдэнэ шууд л Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд бичиж өгөөд, энэ жил 11 дүгээр ангиа онц дүнтэй төгсөж буй гурван хүүхдийн сургалтын төлбөрийг их сургуулиа төгсөн төгстөл тө хэмээн амласан нь зочдын сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Ийнхүү Х.Бат-Эрдэнэ мод манлай уяачийн цолны найр эхнээсээ дуусан туусталаа мориор амьсгалсан үдэж байсан гэж болно. Өөрийнх нь зочдодоо барьж буй бэлэг нь морь, зочдоос ирж буй бэлэг нь морины билэгдэлтэй гээд л эр хүний хийморийг сэргээсэн сайхан үдшийг Х.Бат-Эрдэнийнхэн тэмдэглэн өнгөрүүлсэн юм билээ.
Дашрамд дурдахад Х.Бат-Эрдэнэ тод манлай уяач удмын уяач хүн юм гэнэ лээ. Түүний өвөө Төмөржаа манлай уяач цолтой бол ээж Т.Цэрмаа нь Зууны шилдэг хүлэгч хэмээх эрхэм цолыг хүртэж явсан монголын цөөхөн эмэгтэй уяачдын нэг аж. Тэгэхээр Х.Бат-Эрдэнэ тод манлай уяач болсон нь зүгээр нэг явдал биш байгаа биз. Түүний цусаар уяачийн цус гүйж буй юм.
МОНГОЛКОММЕНТС
URL: