Хууль зүйн яам мэдээллээр тоглож байна

1_1364172812Хуулийнхан мэдээллээр тоглоод байгаа юм биш үү. Энэ нь МИАТ-ийн гэх тодотголтой хэрэг дээр бүр ч тодорхой харагдаж байна. Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын талаарх шинэ баримтууд хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа. Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх шийдвэр гарсны дөнгөж дараахан хэвлэлд энэ хэрэгтэй холбоотой шинэ баримт дэлгэсэн юм. Тэр нь эхнэрийнхээ хамт Токиод байрны түлхүүр гардан авч байгаа Д.Сугарын зураг байлаа. Тэр ч байтугай тэр байр нь 48 сая иений үнэтэй, баячуудын дүүрэгт байрладаг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байв.

 

Харин Д.Сугар энэ талаар “Зохион байгуулалттай мэдээлэл яваад байх шиг байна” хэмээн ярьсан. Лав л “Худлаа” гээд “Ингэж мэдээлсэн байгууллагыг нь шүүхэд өгье” гэж зоригтой хэлж чадаагүй юмдаг.

МИАТ-ийн хэрэгт “Голомт”-ын ажилтан холбогдсон шинэ мэдээлэл бас л хэвлэлээр гарав. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж, нэг хүнийг нэмж шалгах нь шалгаж байгаа гэхээс өөр тоймтой юм хэлэхгүй байна. Гэтэл хэвлэлд нөгөөх салбарын ажилтан нь нэр ус, нас хүйстэйгээ тодорхой бичигджээ. Яагаад энэ хэргийг хариуцсан прокурор “Д.Сугарын талаар нэмэлт баримт байхгүй” гээд байхад хэвлэл түрүүлж дуугараад байна вэ. Гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хувьд прокурорын байгуулага, Хууль зүйн яам хоёулаа хамаарна гэж байгаа. Тэгвэл прокурор мэдээлэхгүй байгаа юм чинь ХЗЯ-наас мэдээлэл гарч байгаа гэсэн үг. Угаасаа МИАТ-ийн хэргийг ХЗЯ-наас хамгийн түрүүнд олон нийтэд зарлаж, маш дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Тэр ч байтугай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нэгэнтээ МИАТ-ийн хэрэгт холбогдон хоригдож буй хүмүүс хоорондоо утсаар ярьж, байцаалтын үеэр хэлэх зүйлээ тохирч, мэдүүлгээ өөрчилж байгаа тухай хэвлэлийнхэнд хандан ярьж байв. Энэ нь “Ганц худаг”-т хоригдож байгаа хүмүүсийн утсыг хураагаад авчихаж чадаагүй хэрнээ тэдний мэдүүлэг яв цав тохироод буйн бурууг ард түмнээр шүүлгэх гэсэн түүний оролдлого бололтой. “Хэргийн явцтай холбоотой мэдээлэл яагаад хэвлэлээр ийм их гараад байгаа юм бэ” гэх асуултад Х.Тэмүүжин сайд нэгэнтээ “Хэргийн шалгалтын явцад дэмжлэг үзүүлэх зорилгоор…” гэх агуулгатай хариулт өгч байв. Харин МИАТ-ийн хэргийн тухайд “Албан ёсны мэдээлэл Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдын амнаас гарна” гэхээс өөр тайлбар хэлээгүй юм. Гэвч ил, далд хэлбэрээр ХЗЯ хэргийн явцын мэдээллийг хэвлэлд гаргасаар байгаа бололтой.

Токио дахь 48 сая иенийн үнэтэй байшинг нь бүгд мэдчихсэн юм чинь Д.Сугар яаран бичиг баримтаа цэгцлээд өөр хүний нэр дээр шилжүүлчихэж бас л болох шүү дээ, хэрэв энэ баримт үнэн бол. Тэгэхээр хэргийн явцад сайнаар нөлөөлөхгүй нь лав. Нөгөө талаасаа бол тэр хүн хэчнээн сэжигтэн болж, буруутгагдаж байлаа ч гэсэн хүн гэдэг утгаараа эрхийг нь хамгаалах ёстой баймаар.

АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэг байна, бас. Түүний өгсөн мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрынхан бүрэн эхээр нь нийтэлж орхижээ. Хэнийг буруутгаж, хэнийг сэжиглэж байгааг нь бүгдийг нь ил тодоор зарлачихав. Ингэх л байсан юм бол яах гэж шүүх хурлыг нь хаалттай явуулсан юм бэ. Бараг хагас жил орчмын хугацаанд түүнийг хорьж, хэргийн талаар нарийвчилсан мэдээлэл гаргаагүй хэрнээ хамгийн чухал баримт болох мэдүүлгийг нь бүрэн эхээр нь нийтлэх хэрэг байсан юм уу. Энэ тохиолдолд гэрчийг хамгаалах асуудал юу болж хувирах бол. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин салбарынхаа шинэчлэлийн хүрээнд гэрчийн хамгаалалтын тогтолцоог бий болгоно хэмээн амлаж байгаа. Төр нь иргэнээ хамгаалж чадахгүй байгаа учраас хүмүүс анх өгсөн мэдүүлгээ буцаах тохиолдол олон гарч байна хэмээн тэрбээр шүүмжилж байсан. Гэтэл бодит байдал дээр арай өөрөөр ажиллаад байх шиг. Өгсөн мэдүүлгийг нь уншаад өөрийг нь буруутгасныг нь мэдсэн хүмүүс ар гэрийнхнийг нь заналхийлбэл яах вэ. Хэргээс мултрах арга сүвээ боловсруулаад эхэлбэл юу болох бол. Таахад хэцүү. Энэ бүгдээс болж Авлигатай тэмцэх газарт үнэн зөв мэдүүлэг өгөхөөс татгалзаад эхэлж мэдэх юм. Бас болоогүй ээ, Авлигатай тэмцэх газрын дээрх албан ёсны мэдээллийнх нь хажууд тус байгууллагын сурталчилгаа явж байх аж. Юу л болоод байна даа.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих