ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ТАЯН НУУРЫН УУРХАЙГ ХААНА

big_altai2Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдэр олборлодог “Алтайн хүдэр” компанийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учраад байгаа талаар БОНХЯ-наас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Шинэ зууны цээл” ТББ-д “Алтайн хүдэр” компанийн үйл ажиллагаанаас болж тоос, тоосонцор ихээр дэгдсэний улмаас байгаль орчин сүйдэж байна гэсэн мэдээллийг иргэд ирүүлсэн байна. Үүний дагуу тухайн ТББ Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэх хүсэлт тавьжээ. Хүсэлтийн дагуу БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт “Алтайн хүдэр” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.
“Алтайн хүдэр” компани нь Таян нуурын уурхайгаас олборлосон төмрийн хүдрээ Бургастайн хилийн боомт хүртэлх 168 км зайд хоёр жилийн хугацаанд шороон замаар тээвэрлэлт хийж байгаа юм. Энэ хугацаанд тээвэрлэлт хийдэг авто замаа хайрган хучилттай болгон сайжруулсан ч хатуу хучилт тавиагүйгээс тоос, тоосонцор ихээр дэгдэж агаар, хөрс, ус, ургамал, бэлчээрийг сүйтгэх болжээ. Мөн авто замын дагуу зэрлэг амьтан нүүдэллэх, дамжин өнгөрөх гарцыг байгуулах ажлыг тусгайлан боловсруулж гүйцэтгэх шардлагатай болсон гэх мэт зөрчил илэрчээ.
Мөн тээвэрлэлтийн явцад дэгдсэн тоос, тоосонцор нь жирэмсэн эмэгтэйн урагт нөлөөлсөн гэсэн мэдээлэл гараад байсан. Энэ талаар Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат “Шалгалтын явцад тоос, тоосонцор нь иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөөгүй нь тогтоогдсон. Тиймээс энэ мэдээллийг үндэслэлгүй гэж үзэж болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 онд батлагдсан байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох арга байдаг. Энэ аргаар байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож торгууль ногдуулна. Бид Төмрийн хүдрийн тээвэрлэлт хийдэг 168 км замын эхний 80 км буюу хамгийн их тоос дэгддэг хэсгийг 2013 он, үлдсэнийг нь 2014 онд багтаан хатуу хучилттай болгох үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу хатуу хучилттай авто замаа тавих хүртлээ тухайн замд тогтмол усалгаа хийх, тоос босгохгүй байх бүх төрлийн арга хэмжээг авах хэрэгтэй. 2014 он дуусахад тээвэрлэлтийн замынхаа хатуу хучилтыг хийгээгүй байвал Таян нуурын төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагааг зогсооно. Ер нь уул уурхайн үйлдвэрлэлийг зохион байгуулах, үйл ажиллагааг явуулах үедээ замын асуудлыг шийдвэрлэхгүй бол зөвхөн “Алтайн хүдэр”-ээр зогсохгүй олон компанийн хариуцлагагүй, буруутай үйл ажиллагааны улмаас иргэдийн эрүүл мэнд хохирч, байгаль орчин сүйдэх болно. Тиймээс ЗТЯ, БХБЯ болон холбогдох төрийн байгууллагуудад энэ асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх санал хүргүүлсэн” гэв.
Ч.Ариунболд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих