БҮРГЭДЭЭРЭЭ ЧИМЭГТЭЙ БҮХ НИЙТИЙН БАЯР

big_naurizxdfgvxdvНаурыз баярыг Баян-Өлгийчүүд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын жагсаалд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг оролцон, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс илгээсэн мэндчилгээг уншиж танилцуулав.
Өлгий сумын багуудын дунд баярын өмнөх өдрүүдэд үндэсний урлаг, спортын уралдаан зохиогдсоноор энэ арга хэмжээ эхлэв. Аймгийн төвд сум, багуудаас ирсэн гар урлалын үзэсгэлэн тавигдаж, бөхчүүд барилдан биеийн тамирын бусад арга хэмжээнүүд зохиогдлоо. Харилцаа дууны яруу найрагчдын тэмцээн зохиогдож 14 уран сайханч оролцсоноос Цэнгэл сумын залуу найрагч К.Серуен түрүүлж, Өлгий сумын Х.Сэтжан, Улаанхус сумын Ж.Сүйениш, Ховд аймгийн Н.Ержанат, Алтай сумын К.Ахтилеу нар дараачийн байруудыг эзэллээ. Аймгийн төв талбайд өргөө цагаан гэрүүд эгнэн босч, үндэсний тавилгаар гоёсон тэдгээр гэрт «Наурыз көже» хэмээх баярын зоог тавьж, зочдоо дайллаа.
Гуравдугаар сарын 21-нд болсон баярын цуглаан, 22-нд болсон баярын жагсаалд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг оролцон үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн удирдлагаас энэ баярыг тохиолдуулан илгээсэн мэндчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бүх нийтэд түгээн хүргүүлэв. Эдгээр мэндчилгээ илгээлтэд тус аймаг өнгөрсөн луу жилд эдийн засгаа 27,2 хувиар, мал сүргээ бүх төрлөөр өсгөн, газар тариалан, барилга байгуулалт, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар ахиц олсныг онцлон дурдсан байна.
Үндэсний баярын үеэр тус аймгийн иргэн эдийн засагч З.Шерхан, хүний их эмч Б.Жекей, агрономч К.Рыстан нар Монгол Улсын гавъяат цолоор, олон хүн төрийн одон медалиар шагнагдсан байна. Энэ үеэр архи худалдаалахыг тав хоногийн хугацаагаар хориглов. Баяраар Бугат сумын уяачдын холбоо хурдан морины уралдаан зохион байгуулсан бол Алтай сумын соёлын төв шинэ жүжиг тайзнаа гарган үзэгч олон түмэндээ өргөн барьсан зэргээр сум баг, албан байгууллага, сургууль цэцэрлэг бүрт үндэсний баярын төрөл бүрийн арга хэмжээ зохиогдлоо.

Баян-Өлгий аймаг Ш.Айбек

МОНЦАМЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих