Ши Жиньпин Путинтэй уулзлаа
Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Москвагийн Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзжээ. Уулзалтын үеэр хоёр улсын тэргүүн Хятад Оросын харилцаа, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцож, Хятад Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрчээ.
Дарга Ши Жиньпин төрийн айлчлалаа Оросоос эхэлсэн нь хоёр тал Орос Хятадын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчлан үзэж буй болон уг харилцааны онцгой бөгөөд стратегийн ач холбогдлыг тодорхойлж байна гэж Путин хэллээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад Орос харилцан бие биенээ хамгийн гол бөгөөд чухал стратегийн түнш хэмээн үздэг бөгөөд хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх нь тус хоёр орны гадаад харилцааны бүх тал болон дипломат харилцаанд стратегийн тэргүүлэх байр суурьтай. Олон улсын будлиантай тогтворгүй байдал болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн өөдрөг бус орчинд Хятад Орос хоёр орон бүх талын стратегийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Путин Ши Жиньпингийн дээрх хэлсэн үгийг бүрэн хүлээн зөвшөөрч, хоёр талын стратегийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хоёр тал мөн ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар санал бодлоо гүнзгий солилцсоны дүнд, томоохон цар хүрээний эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нөхцөл боловсронгуй болсон. Бизнес худалдааны бүтцийг сайжруулах, худалдааны чанарыг дээшлүүлэн, цар хүрээг тэлэх, 2015 онд хоёр талын худалдааны хэмжээг 100 тэрбум ам. долларт хүргэх зорилтыг урьдчилан биелүүлэх хэрэгтэй зэрэг талаар нийтлэг ойлголтод хүрчээ.
\Хуар\ CHINA RADIO
URL: