Иракийн дайнд оролцсон дайчин Томас Юнг- аас

t_200_200ИРАКИЙН ДАЙНД ОРОЛЦСОН ЦЭРЭГ ТОМАС  ЮНГ:

“Миний шүүгдэх цаг дөхөж байна”

Томас Юнг. Иракийн дайнд оролцсон цэрэг – шархдаж тахир дутуу болсон бөгөөд дайны эсрэг дуу хоолойгоо өргөж ийн бичиж байна.

Миний шүүгдэх өдөр дөхөж байна. Та нарынх ч бас ирнэ. Та нар шийтгэлээ хүлээнэ гэдэгт найдаж байна.  Гэхдээ миний хамгийн их найдаж байгаа юм бол та нар намайг болон надаас өөр, өдийд амьд явах учиртай олон олон хүмүүсийг ямар  болгосноо хүлээх ёс суртахууны хаттай байх явдал.

Би энэ захидлыг Иракийн дайны 10 жилийн ойгоор энэ дайнд оролцсон миний дайчин нөхдийн нэрийн өмнөөс бичиж байна. Би үүнийг Иракт амиа алдсан 4488 тэнгисийн явган цэрэг болон бусад цэргийн нэрийн өмнөөс бичиж байна.

Би энэ захидлыг энэ дайнд оролцогч зуу зуун мянган шархдагсад, бие , сэтгэлийн шарханаасаа болж амьдрал нь сүйрсэн цэрэг дайчдын нэрийн өмнөөс бичиж байна.

Би тэдгээр үхлийн шарх авсан дайчдын нэг,  2004 онд Садар хотод босогчидын отолтод өртөж хөдлөх чадваргүй болтлоо шархдсан юм. Миний амьдарлын сүүлчийн мөч ирж байна.  Би эмчилгээгүй өвчтөнд үзүүлдэг асаргаа сувилгаанд байна.

Би энэ захидлыг хань ижилээ алдсан эхнэр, нөхрийн өмнөөс, эцэг эхээ алдсан хүүхдүүдийн өмнөөс, хөвгүүд охидоо алдсан эцэг эхийн өмнөөс, миний нэгэн адил тархиндаа гэмтэл авсан олон мянган дайчин нөхдийнхөө өмнөөс бичиж байна.

Би энэ захидлыг Иракт үүргээ гүйцэтгэж явахдаа үзэж харсан зүйлэээсээ болоод сэтгэл санааны хямралд өртөж, цочирдож амиа хорлосон болон одоо үүрэг гүйцэтгэж байгаа тэнгисийн явган цэргүүдийн өмнөөс бичиж байна. Тэнд одоо дунджаар өдөрт нэг цэрэг амиа хорлож байна.

Би энэ захидлыг Иракийн 1 сая орчим алагдсан, тоогий нь тогтоох боломжгүй шархдаж, гэмтсэн хүмүүсийн өмнөөс бичиж байна.

Би энэ захидлыг та нарын явуулсан дайнаас үлдсэн тэрхүү хүний биеийн тасархай, үлдсэн бүх амьдралаа эцэс төгсгөлгүй өвдөлт, зовлон гасланд өнгөрөөх хүмүүсийн өмнөөс бичиж байна.

Та нар шударга шүүхээс бултаж мэдэх юм, гэвч та нар бузар булай дайн , дээрэм тонуул, бүр цаашилбал мянга мянган Америк залуусын ирээдүйг сүйтгэж алсан гэмт хэрэгтээ буруутай.

Би энэхүү сүүлчийн захидлаа ноён Буш, ноён Чинеи та нарт зориулан бичиж байна. Үүнийг бичиж байгаагийн учир нь та нар баялаг, эрх мэдлийн төлөөх шуналдаа хөтлөгдөж  худал хэлсэн, арга заль зохиосон явдал чинь ёс суртахууны болоод хүмүүнлэг ёсны  аймшигтай үр дагаварт хүргэсэсэн гэдгийг  ойлгоно гэж бодсон учираас тэр.

Үхэхийнхээ өмнө энэхүү захидлыг бичиж байгаагийн учир нь энэхүү дайнд оролцсон миний нөхөд – мянган мянган дайчид, тэдний зэрэгцээ манай сая сая иргэд, Ирак болон Ойрх Дорнодын зуу зуун сая хүн ард та нарыг хэн болохыг ойлгоосой гэсэндээ бичиж байна.

Та нарын эрх мэдэл, хувийн хөрөнгө болох сая сая доллар, олон түмэнтэй харилцах зөвлөхүүд, эрх дарх, хүч нөлөө чинь та нарын хуурамч дүр төрхийг халхалж чадахгүйээ. Ноён Чинеи та Вьетнамд явахаасаа бултаж, ноён Буш та Үндэсний гварди-аасаа чөлөөгүй оргож байсан хирнээ биднийг өөрсдийнхөө төлөө дайт, үх хэмээн Иракт илгээсэн.

Та нарын хулчгар байдал, хувиа хичээсэн зан хэдэн арван жилээр тогтож хэвшисэн зүйл.

Та нар улс үндэстнийхээ төлөө амь өрсөхийг хүсээгүй мөртлөө зуу зуун мянган эрчүүд,  эмэгтэйчүүдийг  утга учиргүй дайнд ердөө хогоо гадна гаргаж тавихын дайтай илгээж байсан.

Би 9 сарын 11-ний халдлагын дараа л цэрэгт явсан. Миний цэрэгт явсаны шалтгаан нь миний эх орон дайралтанд өртсөн явдал. Манай 3000 иргэн амь үрэгдсэн учираас би хариуг нь өгөхийг хүссэн юм.

2001 оны дайралтанд оролцоогүй, хөрш улсууд нь АНУ-д аюул занал учруулхааргүй байсан тэр үед би Ирак-т явна гэж цэрэгт мордоогүй. Би Иракийн ард түмнийг “чөлөөлөх” гэж, үлгэр домгийн юм шиг үй тэр олноор хөнөөх зэвсгийн байгууламжийг устгах гэж, Багдад болон Ойрхи Дорнодод та нарын тэр ёжтой хэлээд байдаг ” ардчилал” гэгчийг тогтоох гэж би цэрэгт яваагүй.

Tа нарын хэлснээр Иракийн газарын тосноос орсон орлогоор хийгдэх Иракийн сэргээн босголтод оролцох гэж би цэрэгт яваагүй.  Гэхдээ энэ дайн АНУ-аас 3 триллион доллар зарлагадахад хүргэсэн билээ. Би бас өрсөж цохилт хийх дайнд оролцоно гэж цэрэгт яваагүй. Өрсөж цохилт хийх дайн нь олон улсын хуулиар бол хууль бус байдаг.

Иракт цэргийн үүргээ гүйцэтгэж байхдаа би та нарын тэнэглэл, гэмт хэргийн чинь хамсаатан болж байсан.

Иракийн дайн АНУ-ын хувьд стратегийн хамгийн муйхар алдаа байлаа. Энэ дайн Ойрх Дорнод дахь хүчний харьцааг алдагдуулсан билээ. Ёс суртахуун, стратеги, цэрэг, эдийн засгийн засгийн бүх түвшинд Иракийн дайн АНУ-ын хувьд алдаа сүйрэл байсан юм.

Энэ алдаа-сүйрэлийн эзэд нь ноён Буш, ноён Чинеи та хоёр байв.  Энэ бүхний үр дүнг та хоёр л хариуцах ёстой.

9 сарын 11-ний дайралтыг хийсэн Афганистанд байлдаж яваад шархадсан бол би энэ захидлыг бичихгүй байх байсан. Би тэнд шархадсан байлаа ч, миний биеийн доройтол, зайлшгүй ирж буй үхэл гээд ямар л олигтой байв гэж дээ , гэхдээ би өөрийн хайрт эх орноо хамгаалж яваад ийм болсон гэдгээсээ тайтгарал авах байсан биз.

Үнэнийг хэлэхэд миний бие өдөр хоногоор сулран доройтож байна, та нарын газарын тосны компаний өчүүхэн шунал, Саудын Араб дахь газарын тосны эзэд шеихүүд,  нэгтгэлүүд, та нарын эзэнт гүрний тухай галзуу бодлынхоо төлөө зольсон зуу зуун мянган хүн, түүний дотор дайны хохирогч хүүхдүүдийн нэгэн адил миний бие сульдан доройтож байна.

Дайнд оролцон тахир дутуу болсон олон олон дайчид Дайнд Оролцогчидод тусах байгууллагын хангалтгүй, идэвхгүй, хайхрамжгүй асрамжаас болж зовж зүдэрч байгааг ч энд хэлмээр байна. Tахир дутуу болсон дайчид болоод би ч гэсэн бидний бие, сэтгэлийн шарх та нарт болоод аливаа улс төрчидөд огт хамаагүй болохыг ойлгож байгаагаа бас хэлмээр байна.

Бид ашиглагдаж. Бид хууртагдаж. Бид одоо хаягдсан юм байна.

Та! эрхэм Буш! Христосын шүтлэгтэн болж их дүр исгэдэг хүн. Худал ярина гэдэг нүгэл биш үү? Хүн ална гэдэг нүгэл бишүү? Хулгай дээрэм, хувиа хичээсэн хүсэл шунал гэдэг нүгэл биш үү?

Би Христийн шүтлэгтэн биш л дээ. Гэхдээ би Христосын эрхэм дээд эрмэлзлэлд итгэдэг нэгэн. Та бусад хүмүүст юу хийж байна, тэр зүйлээ өөртөө бас хийж байгаа гэдэгт итгэдэг.

Миний шүүгдэх цаг ойртож байна. Та нарынх ч бас ирнэ. Та нар шийтгэлээ хүлээнэ. Гэхдээ миний хамгийн их найдаж байгаа юм бол та нар намайг болон надаас өөр өдийд амьд явах учиртай олон олон хүмүүсийг ямар болгосноо хүлээх ёс суртахууны хаттай байх явдал.

Миний амьдрал ингээд дуусаж байгаагийн адил, та нарын амьдрал дуусахаас өмнө Америкийн ард түмэн, хүн төрөлхтөн, хамгийн гол нь Иракийн ард түмний өмнө та нар уучлал гуйх сэтгэлийн тэнхээтэй байгаасай гэж хүсэх байна.

Орчуулсан З.Эрдэнэбат

 

Эх сурвалж: Veterans Today

 

http://www.presstv.com/detail/2013/03/20/294508/dying-veteran-to-bush-cheney-day-of-reckoning-is-coming/


URL:

Сэтгэгдэл бичих