Монгол үгээ мэдэхгүй байж…

527-1363661094pictureИх зохиолч С.Буяннэмэхийн “Их тэнгэрийн дүлий” зохиолд шатны дуудай гэдэг үг гардаг. Чухам юуг шатны дуудай гэж хэлдэг талаар нутгийнхаа 80 гаруй настай өвгөнөөс асуухад мэдэхгүй байна билээ гэж нэгэн зохиолч бухимдаж байхтай таарлаа.

Түүний бухимдаж байгаагийн шалтгаан нь Монголчууд бид Монгол хэлээ, үгээ мэдэхээ байсантай холбоотой.

Өнөөдөр захын хүнээс аргал шавах гэдэг үгийг асуухад мэдэхгүй байж магадгүй. Бид тийм болтлоо эх хэлнээсээ хөндийрчихөж.  Аль нэг их, дээд сургуульд ороод, оюутнуудад мэддэг бүх нэр үгээ бичээдэх гэхээр 3000 хүргэж байгаа хүн алга гэнэ.

Жаахан дэгс тоо байж ч магадгүй. Гэхдээ л манай залуучууд Монгол үгээ мэдэхээ байчихсан нь үнэн. Ямар сайндаа л АХА нэвтрүүлэгт оролцож байгаа залуучууд толгойн хүндэтгэл нэрийг мэдэхгүй “дагз” гэж хэлж байх вэ дээ.

Тэгсэн мөртлөө залуучууд англи хэл сурах гээд давхиж явна. Орчуулагч болно гээд байгаа. За яах вэ, Англи хэл 26 үсэгтэй, тэрийг нь сураад, ярьдаг болчихвол аяндаа бүтдэг юм байгаа биз. Гэтэл гадаадаас ирсэн жуулчин хөдөө яваад, малчин айлд очиход бүх эдлэл хэрэглэл, амьдралыг нь нарийн тайлбарлаад өгөх Монгол хэлний мэдлэг байна уу. Монгол хэлээ мэдэхгүй байж залуус 3000, 5000 ханз цээжлэх гээд давхиж явна. Энэ одоо эрүүл хүний хийх ажил мөн үү. Эсвэл Монгол хэл, соёл залуусын хувьд ийм үнэ цэнэгүй болчихсон юм уу. 5000 ханзын цаана 5000 Монгол үг мэдэж байх шаардлагатай юм биш үү. Үүнийг ухахгүй байна гэхээр ухаан дутуугийн шинж.

За яах вэ, үнэхээр мундаг байгаад тэр олон мянган ханзыг цээжлээд, Хятад, Японоор ус цас шиг яриад сурчихлаа гэж саная. Хөдөө очсон айлын эхнэр нь “Ойрдоо бороо зүсрэх шинжтэй. Аргалаа шавж авахгүй бол гал алдана” гээд хэлчихвэл нөхдүүд юу гэж тайлбарлах болж байна аа.

Зарим хүнд, магадгүй хөдөө өссөн залуучууд энэ зэргийн үгийг мэдэх байх. Гэхдээ ихэнх нь бороо зүсрэх, аргал шавах гээд наад захын үгээ мэдэхгүй онигоо болно шүү. Энд бага, дунд ангийн хүүхдүүдийг дурьдаагүй. Тэд аль хэдийн модон хэлтэн болчихсон. Гэтэл 20 настай залуус модонцор хэлтэй болчихоод байна. Зарим нь “хонь төрөх” гэж ярьж, тэнэглэж байна шүү дээ. Тэд өнөөдөр хоорондоо хэрэлддэг, хэдхэн үгийн дотор багтааж ярьдагаа монгол хэл сурчихсан гэж эндүүрээд байна. Шатны дуудай, аргал шавах, ногтны хамар гэдэг наад захын үгийг сурах, мэдэх шаардлагагүй гэж үздэг болчихож. Ийм байхад хэлний эрдэмтэд өнөөдөр үг үсгийн дүрэм ярьж, монгол бичигтэй хольж хутгах талаар “бяцхан” сэтгээд сууж байна.

Дунд сургуульд монгол хэлний хичээл орж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Хүүхдүүдийн үгийн санг баяжуулах нэг ч хичээл заахгүй байж байц, тусагдахуун, тодотголыг ямар зураасаар зурахыг л гол болгож байна. Хуучин цагийн зохиолчдын зохиол бүтээлийг уншуулж, тэнд орсон үг хэллэгийг тайлбарлахын оронд уран зохиолын хичээлийг хасах талаар ярьж байгаа. Өнөөдөр “Их тэнгэрийн дүлий” гэдэг өгүүллэгийг уншихын оронд хүүхдүүд зурагтай ном эргүүлж, “бэлэн хоол” идээд сууж байна. Хэрвээ энэ байдлаараа хэдхэн жил болоход хүүхдүүд биеийн хүндэтгэл үгийг “хүүр” гэж тодотгоод, мессежний хэлтнүүд л болох шинжтэй. Тийм аюулаас залуусыг хэн аврах вэ, та минь.

Н.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих