Хариуцлагагүй барилгын компаниудыг нэрлэлээ
Барилгын ажил өрнөхөөр хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж осол гарч хүний амь хохирох тохиолдол олон гардаг. Энэ байдлыг цэглэхээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өчигдөр уулзалт зохион байгууллаа. Тунхгийн чанартай ярихаас биш ажлын талбарт хэрэгжүүлдэггүй нэг сэдвийн талаар энэ удаа халуухан яриа өрнүүлсэн юм. Энэ зөрчлийг арилгахаар НЦГ, НМХГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, барилгын захиалагч, гүйцэтгэгч компаниудын төлөөлөл санал солилцлоо.
Нийслэлийнд 2012 онд барьж буй барилгаас унасан 161 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн гэмт хэрэг 37 гарчээ. Үүнээс 26 буюу 70.2 хувь нь хүний амь нас хохирсон гэмт хэрэг байна. Жишээлбэл, “Гангар инвест”, “Эм Си Эс”, “Хурд”, “Жигүүр гранд”, “Халиун төгөл”, “Натур Хаус”, “Сигма инженеринг” компанийн барилга дээр хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам алдагдснаас хүний амь нас хохирдог байна. Энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оноос 62.6 хувиар өссөн бөгөөд 25 хүн харамсалтайгаар амиа алджээ. 2013 оны эхний хоёр сарын байдлаар 24 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хэргээр буюу 60.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх дүн мэдээнээс хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам нь барилгын ажил гүйцэтгэгч компаниуд дээр хэрхэн алдагдаж байгааг харуулж байна. Холбогдох албаныхан, гүйцэтгэгч компаниуд юунд анхааран, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тухайлбал, барилгын гүйцэтгэгч компаниуд өргөх механизмын машин, техник тоног төхөөрөмжийг хувь хүмүүс худалдаалж, мэргэжлийн бус, туршлагагүй инженерүүд угсарч байгаа нь осол гарах шалтгаан болдог. Хятад ажилчдыг олноор ажиллуулж, тэд алдаа дутагдал гаргасан тохиолдолд монголчуудын нэр гардаг. Мөн хятад ажилчидтай албан ёсны гэрээ хийдэггүй нь хариуцлага тооцох боломжгүй болгодог гэлээ. Харин НМХГ-ын дарга барилгын компаниуд хашаа хатгаж, ямар ажил хийж байгаа талаарх мэдээллийн самбар байрлуулдаггүй, хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг дагаж мөрддөггүй, ажилчиддаа зааварчилгаа, мэдээлэл өгч, хувцас техник хэрэгслээр бүрэн хангадаггүй зөрчлийг байнга гаргадаг. Захиалагч хөрөнгийн зарцуулалтын хоёр хувийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд зарцуулах ёстой ч хэрэгжүүлдэггүй. Цаашлаад энэ хувийг өсгөж тав болгон нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн юм.
НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга, “Аливаа эрсдэлийг гарсаных нь дараа бус урьдчилан сэргийлж ажиллахад анхаарах”-ыг санууллаа. Тэрээр “Барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгуулж, захиалагч болон гүйцэтгэгч компаниудад шаардлага хүргүүлэх, барилгын ажлын хашаа, самбарын журмыг боловсруул” хэмээв. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид барилгын зөвшөөрөл олгохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаандаа нийт хөрөнгийн хэдэн хувийг хэрхэн зарцуулах талаар тайлан гаргасныг харгалзаж байхаар болов. Барилгын ажил захиалагч, гүйцэтгэгч компаниуд талбайн зохион байгуулалтын зураг төсөл гаргаж ажлын байрыг бүрэн камержуулах, торлох, осол гарсан тохиолдолд тухайн компани хариуцлага хүлээж байхыг сануулсан юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: