ДАВС НАС БАРАЛТАД ИХ НӨЛӨӨЛЖЭЭ
ВАШИНГТОН. /СИНЬХУА/. Америкийн зүрх судлалын нийгэмлэгийн судалгаанаас үзэхэд, хоол хүнсэндээ их давс хэрэглэснээс болж 2010 онд 2,3 сая хүн зүрхний шигдээс, багтраа болон зүрхтэй холбоотой бусад өвчний улмаас нас баржээ. Нийт нас барагсдын 15 хувь нь эдгээр шалтгааны улмаас нас барсан гэсэн үг юм.
50 орны 303 хүрээлэнгийн 488 эрдэмтэн судлаачийн олон улсын хэмжээний хамтарсан судалгаагаар 1990-2010 оны хооронд 247 насанд хүрсэн хүнээс натрийн хэрэглээнийх нь талаар нас, хүйс, бүс нутаг, улсаар нь үечлэн санал асуулга авч, дүн шинжилгээ хийснийг 2010 онд Дэлхийн өвчин судлалын тайланд оруулжээ.
Дараа нь тэд сайн дурын 107 хүнийг сонгон авч давсны хэрэглээг нь судлахад натри нь зүрх судасны өвчин тусах магадлал, цусны даралтыг ихэсгэдэг болохыг тогтоожээ. Харин тэдний давсны хэрэглээнээс хамаараад зүрх судасны өвчинтэй холбоотойгоор цусны даралт ихсэх нь харилцан адилгүй байж. Зүрх судасны өвчин гэдэгт зүрх, судасны бүхий л өвчин, багтраа зэрэг орно.
Ингээд судлаачид 2010 онд дэлхий даяар нийт 2,3 сая хүн хэт их натри хэрэглэсний улмаас зүрхтэй холбоотой өвчнөөр нас барсан болохыг тогтоожээ. Нийт нас барагсдын нэг сая орчим нь буюу 40 хувь нь цагаасаа эрт нас барсанд тооцогдож байв. Тэд бүгд 69-өөс доош насныхан байжээ. Нас барагсдын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь эмэгтэй байсан аж. Харин тэдний 42 хувь нь зүрхний шигдээсээр, 42 хувь нь багтраагаар нас барсан бол үлдсэн хувь нь зүрх судастай холбоотой бусад төрлийн өвчнөөр нас баржээ. Амьдралын батаЭлгаажих төвшин өндөр орны улсуудтай харьцуулахад бага болон дундаж орлоготой улсуудын хүн амын давсны хэрэглээ маш их байсан бөгөөд энэ нь нийт барагсдын 84 хувийг эзэлж байв.
“Давсны хэрэглээг бууруулах зэрэг үндэсний болон дэлхийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сая сая хүнийг аврах боломжтой” гэж Харвардын их сургуулийн эрүүлийг хамгаалах газрын дэд профессор, уг судалгааг эрхлэгч Дариуш Мозаффариан хэлжээ.
АНУ-ын Зүрх судлалын нийгэмлэгээс өдөрт 1500 мг-аас илүүгүй давс хэрэглэхийг зөвлөж байна.
Г.Доржханд
МОНЦАМЭ
URL: