Тусгай сангуудын мөнгийг нийтэд зарлая
Манай улс тухайн жилд хэрэглэх мөнгөө иргэн, аж ахуйн нэгж, импортын бараанаас голдуу цуглуулж улсын төсвөө бүрдүүлдэг. Мөн зайлшгүй шаардлагатай үед зарцуулах мөнгөө тусгай сан байгуулан тэндээ хадгалдаг юм. Одоогоор манайд ийм төрлийн 30 сан байна. 2006 онд 22 сан байсан бол түүнээс хойш есийг нэмж, нэгийг хасчээ. Монгол Улсыг хөгжүүлэх санг жагсаалтаас хассан байна. Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан гэдэг. Дор дурдсан сангууд голдуу гадаадын буцалтгүй тусламж, хандиваас бүрддэг. Бид Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сан, Сургалтын төрийн сан зэргийг сайн мэднэ. Мөн мэдэхгүй, нэрийг нь ч сонсоогүй сан олон бий. Эдгээр сангийн хөрөнгийг хэн, юунд зарцуулж, түүнийг хэн хянах ёстойг хуулиар тодорхойлжээ. Харин аль санд хаанаас хэдэн төгрөг өгсөн, хандивласан зэрэг хуримтлалын хэмжээ, түүнийг нь яг юунд, хэзээ зарцуулсан тайлан далд байгаа нь анхаарал татаж, өнөөдрийн хөндөх сэдвийн нэг болов. Уг нь хуулиар бол сангуудын орлого, зарлагын тайланг тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийн бүрэлдэхүүнд оруулдаг байна. Одоогоор тодорхой болсон 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Засгийн газрын тусгай сангуудын орлого, зарлагын тайлан гэсэн үг, өгүүлбэр ч алга.
Засгийн газрын тусгай санг хэн дуртай нь байгуулдаггүй. Тусгай сангуудын талаар УИХ-аар хэлэлцэн хуулиар байгуулдаг аж. Тухайн сан салбарынхаа яаманд харъяалагддаг, сайд нь хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдаг бөгөөд Сангийн яам нийтэд нь хянадаг байна. Мөн УИХ-ын холбогдох байнгын хорооноос шалгах эрхтэй гэнэ.
Сангийн хөрөнгийг голдуу гамшгийн хор уршгийг арилгах тодорхой арга хэмжээнд зориулан гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс Монгол Улсад өгсөн буцалтгүй тусламж, хандивиас бүрдүүлдэг ажээ. Эндээс Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хүний хөгжил сан, Улсын авто замын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан тус бүртээ хуулиар зохицуулагдсан байдаг аж. Бусад нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд ажиллах ёстой гэнэ. Эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлдэг санд, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Мал хамгаалах сан, Тариаланг дэмжих сан,олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан ордог аж. Шинэ Их хурал өнгөрсөн хоёрдугаар сард нэг сан нэмсэн байна. Тэр нь Олон улсын хамтын ажиллагааны сан аж. Энэ сангийн мөнгийг ардчилал, хүний эрх, сайн засаглалын асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг өөрийн орондоо зохион байгуулах, ардчиллын замаар хөгжиж байгаа шинэ тулгар орнуудтай туршлага хуваалцахад ашиглах аж.
ИЖИЛҮҮРЭГТЭЙСАНГУУД
Сангуудын зарим нь нэг салбарт харъяалагддаг, ижил төрлийн үйл ажиллагаанд хөрөнгө нь зарцуулагддаг байна. Тухайлбал, Засгийн газрын нөөц сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрсдлийн сан гээд нэлээд хэдэн сангийн ажил ижил утгатай. Аливаа гамшгийн хор уршгийг арилгах, гамшиг болон урьдчилан тооцох боломжгүй нөхцөл, байдлын улмаас дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ эрс буурах, дотоодын зах зээл дээр гурил, улаан буудай, шатахууны үнэ огцом өсөх гээд урьдчилж тооцоогүй зүйл болоход дээрх сангуудаас хөрөнгө гаргаж хохирол нөхдөг байна.
Мөн Аялал жуулчлалын сан, Байгаль хамгаалан сан ч адилхан. Байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний соёл, хүн ардын зан заншил, түүхийг сурталчилсан кино, дүрс болон дууны бичлэг хийх, ном, ил захидал, танилцуулга, цомог хэвлэх, мэргэжлийн сонин, сэтгүүл гаргах, улсын болон олон улсын чанартай хурал, зөвлөлгөөн, дотоод, гадаадын үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, байгаль орчныг хамгаалах, түүх соёлын өвийг сэргээн засварлах ажилд дээрх сангуудаас мөнгө гаргадаг гэжээ. Засгийн газрын тусгай сангуудаас идэвхтэй ашигладаг, их мөнгө эргэлддэг нь оюутнуудад сургалтын зээл олгодог Сургалтын төрийн сан, иргэдэд мөнгөн тэтгэмж олгодог Хүний хөгжил сан юм. Үүрэг чиглэл болоод хөрөнгө мөнгө нь хэнд юунд зарцуулагддаг тодорхой ийм сангууд байхад хэн нь ч мэддэггүй гэмээр сан мэр сэр бий. Тухайлбал, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан байх юм. Тус сан Гадаад харилцааны яаманд харъяалагддаг бөгөөд сангийн хөрөнгийг гадаадад байгаа монголчуудын эрхийг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд ашигладаг гэнэ. Мөн Сэргээгдэх эрчим хүчний сан бий. Энэ сан хүлэмжийн хийн бууруулалтыг бусад оронд худалдах үйл ажиллагаанаас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд орох орлогын 50 хувь болон бусад орлогоос бүрддэг байна. Сангийн хөрөнгийг бие даасан үүсгүүрээр эрчим хүч үйлдвэрлэгчид үнийн зөрүүг олгох, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд шинэ техник технологи нэвтрүүлэх судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үнэлэхэд зарцуулдаг гэнэ. Мөн Орон сууц хөгжүүлэх сан зээлийн үйл ажиллагаанаас олсон орлого. Хөрөнгийг орон сууц, түүний дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах, шинээр барих, иргэн, хуулийн этгээдэд зээл олгоход ашигладаг байна.
БАЙГУУЛААГҮЙСАНБАЙДАГГЭВҮҮ?
Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан гэж хуульд бий. Уг нь сангийн зориулалт хохирсон энгийн иргэд рүү чиглэсэн байх юм. Харамсалтай нь энэ сан байгуулагдаагүй гэсэн дам мэдээ дуулдлаа. Уг нь тус сангийн хөрөнгө нь шүүхээс ногдуулсан торгох ялыг биелүүлж төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчилд ногдуулсан захиргааны торгох шийтгэлийг биелүүлж төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс хохирол барагдуулсан төлбөрөөс бүрддэг байна. Сангийн хөрөнгийг Монголд үйлдэгдсэн төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүн хулгайлах, хүнийг хууль бусаар хорих, хүнийг барьцаалах, хүн худалдаалах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, зандалчлах, терроризм зэрэг гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний гэр бүлийн гишүүн зэрэгт нөхөн төлбөр олгоход зарцуулдаг байна. Тэдэнд эмчилгээний зардал, оршуулгын зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болгож өгөх ёстой ажээ.
Мөн Инновацийн сан гэж бий. Хөрөнгө нь хамтарсан болон 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулалтын болон ашгийн тус бүр 0.5 хувь, Инновацийн сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөгдсөн орлого, өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогоос бүрдэнэ. Патент, лиценз худалдан авах замаар гадаад улсын дэвшилтэт технологи, ноу-хау оруулж ирэх, нутагшуулах, нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэлийн нөхцөлд туршин зүгшрүүлэх, түүний техник, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах зэрэгт сангийн хөрөнгийг зарцуулахаар хуульчилжээ.
САНГИЙНХӨРӨНГИЙГШАМШИГДУУЛБАЛ 40-60 МЯНГААРТОРГОНО
Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тусгай сангийн хөрөнгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулдаг аж. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тусгай сангийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж Сангийн яаманд өгдөг гэнэ. Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтыг Сангийн яам хянадаг. Мөн УИХ-ын холбогдох байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хэлэлцэж болдог байна.
Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглодог. Олон улсын гэрээнд тухайн сангийн дансыг арилжааны банкинд байршуулахаар заагаагүй л бол тусгай сангийн дансыг Төрийн сангаас гадуур байршуулахыг хориглодог юм байна. Хэрэв тусгай сангийн хөрөнгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр ашигласан, зарцуулсан, санхүүжилтийг өөр байгууллагад олгосон, шамшигдуулсан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 40-60 мянган төгрөгөөр торгох хуультай аж.
Дээр дурдсан 30 сангаас хэл ам дагуулдаг, мөнгө нь багтахаа байсан баян сан ч бий. Тариаланг дэмжих сан, Цэвэр агаар сан гээд цааш нь нэрлэж болно. Баян сангийн хажууд ямар ч мөнгөгүй ядуу, бүр байгуулагдаагүй сан ч бий гэнэ. Тэр нь голдуу жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад зориулсан сан байх аж. Сангийн хөрөнгийг шамшигдуулсан гэх хэрэг мандсан удаа бий. Гэвч сангийн мөнгийг буруу “хөдөлгөсөн” хүнийг 40-60 мянган төгрөгөөр торгодог нь хачирхалтай юм.
Манай сонин Засгийн газрын тусгай сангуудын данс хэдэн төгрөгтэй, түүнийгээ хэзээ юунд зарцуулсан талаар сурвалжилж, сан тус бүрээр нь ил гаргаж нийтлэх болно.
ЗАСГИЙНГАЗАР 30 ТУСГАЙ САНТАЙ
Засгийнгазрынтусгайсангуудыгжагсаалтаартанилцуулъя.
1.Аялал жуулчлалын сан
2. Байгаль хамгаалах сан
3. Эрсдэлийн сан
4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
5. Дархлаажуулалтын сан
6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
7. Засгийн газрын нөөц сан
8. Мал хамгаалах сан
9. Нийгмийн даатгалын сан
10. Нийгмийн халамжийн сан
11. Соёл, урлаг хөгжүүлэх сан
12. Сургалтын төрийн сан
13. Тариаланг дэмжих сан
14. Улсын авто замын сан
15. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
16. Хүүхдийн төлөө сан
17. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
18. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан
19. Шинжлэх ухаан, технологийн сан
20. Эрүүл мэндийг дэмжих сан
21. Сэргээгдэх эрчим хүчний сан
22.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.
23. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
24. Орон сууц хөгжүүлэх сан
25.Хүний хөгжил сан
26. Төсвийн тогтворжуулалтын сан
27. Цэвэр агаарын сан
28. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
29. Инновацийн сан
30. Олон улсын хамтын ажиллагааны сан
URL: