Ачааны автомашинд олгодог түр зөвшөөрлийн журмыг шинэчлэн баталлаа

p17m5rr59l1psto4911uk20svsi1НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан  болж, хуралдаанаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмын төслийг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаарлалтай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмын төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 3 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд шуудан, хүнсний хангамжийн машин зэрэг ачааны автомашиныг ямар зохицуулалтаар хэрхэн хөдөлгөөнд оролцуулах , хориглосон цаг болон байршлын хувьд амьдралд илүү ойр болгож  цэгцлэх шаардлагатай гэж үзэн журмын төслийг буцаасан. Ажлын хэсэг НИТХ-ын Тэргүүлэгчдийн эдгээр саналыг тусган журмыг дахин боловсруулж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж байгаа юм.
Ачааны автомашиныг хотын төвийн зарим гудамжинд түр зөвшөөрөлтэй хөдөлгөөнд оролцуулах журам нь 2009 оноос эхлэн мөрдөгдөж эхэлсэн байна. Нийслэлийн замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Жаргалсайханы танилцуулснаар  НИТХ-ын 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах журмыг баталжээ. Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцлогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор баталсан энэхүү журмын дагуу хотын зарим хэсэгт замын хөдөлгөөнд оролцох ачааны автомашинд түр зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын цагдаагийн газар хэрэгжүүлсээр иржээ. Харин Засгийн газрын 2013 оны 190 дүгээр тогтоолоор нийслэлийн бүтцийг баталсан бөгөөд энэхүү тогтоолын дагуу нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Нийслэлийн Тээврийн газар болон өөрчлөгдөж, Улаанбаатар хотын доторх ачаа тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр болсон юм. Тиймээс дээрх журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон байна. НИТХ-аас 2009 онд батлагдсан журмаар бүх жин нь 5500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашинд “С”, бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй жинтэй ачааны автомашиныг “В” гэсэн ангиллаар зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оролцож байгаа юм. Тодруулбал  В ангиллаар зөвшөөрөл авсан автомашин 10:00-21:00 цагийн хооронд бага тойруугаас дотогш замууд, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, замуудад замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг бол “С” ангиллын  зөвшөөрөл авсан ачааны автомашин өдрийн 07:00-21:00 цагийн хооронд Москвагийн гудамжинд, Геологийн төв лабораториос 1-р хорооллын аюулгүйн тойрог, Энхтайвны өргөн чөлөөнд, 1-р хорооллын аюулгүйн тойрог замаас офицеруудын ордны аюулгүйн тойрог, Өнөр хорооллын гудамж зэрэг  замуудаар хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг  юм. Шинэчилж байгаа журмаар бол бүх жин нь 3500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашиныг “С” ангиллаар гэж өөрчлөн, чиргүүлтэй автомашиныг “Е “ гэсэн ангиллаар зөвшөөрөл олгохоор болж байна. Мөн “В” ангиллын ачааны автомашиныг өдрийн 10:00-20:00 цагийн хооронд хотын зарим гудамжуудад хөдөлгөөнд оролцохыг хориглох байсныг 11:00-20:00 цаг болгон өөрчилж, С, СЕ ангиллын ачааны автомашиныг бага тойруугийн гудамж, замууд, Энх тайвны өргөн чөлөөнд, Чингисийн өргөн чөлөөнд, Энэбишийн өргөн чөлөөнд, Сөүлийн гудамжинд, усны гудамжинд 08:00-21:00 цагийн хооронд  замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар шинэчилсэн журамд тусгажээ. Харин цэвэр усны шугам хоолойн дуудлагын автомашин, дулааны шугам сүлжээний засвар дуудлагын автомашин, холбооны шугам сүлжээний гэмтлийн машин хотын зам барилга, засвар, арчлалт хамгаалалтын автомашин, хотын тохижилт үйлчилгээний автомашин, шуудан зөөврийн автомашин зэрэг ачааны автомашинууд зайлшгүй тохиолдлын үед замын болон дагалдах хуудсанд заагдсан маршрутаар хориглолсон замд нэвтэрч хөдөлгөөнд оролцох юм байна.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд, Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмыг баталлаа.  Энэхүү журам батлагдсанаар гудамж замын хөдөлгөөний нягтрал, ачаалллыг бууруулж, хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс гадна замын эвдрэл, гэмтэл багасгахад чухал нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзэж байна. Журам 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Харин нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашин оролцуулах түр зөвшөөрлийн хураамжийг 2013 оны 3 дугаар сарын 28-нд болох НИТХ-ын  ээлжит хуралдаанаар хэлэлцэн тогтоох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих