Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эргэж нэмэгдэх гэнэ
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийлээ. Засгийн газрын сайдууд салбарынхаа асуудлаар мэдээлэл хийдэг уламжлал тогтсоны дагуу Уул уурхайн сайд өөрийн салбарт хийгдэж буй ажлын талаар танилцуулсан юм.
Уул уурхайн салбарын хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн бол нүүрс. Өнгөрсөн онд Монгол Улс 31,1 сая тонн нүүрс олборлож, үүнээс 20,5 тонн нүүрсийг экпортлосон бөгөөд улсын төсөвт 828,5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Нүүрсний зах зээлд 60 гаруй аж ахуй нэгж нүүрс олборлон, борлуулж байгаа аж. Мөн 14 сая 483 мянга 138 баррель газрын тос олборлон, нийт 14 сая 90 мянга 509 баррель газрын тос экспортлосноос улсын төсөвт 332,3 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлэн ажилласан байна.
Уул уурхайн салбарын улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүнд эзлэх хувь 2008 онд 56 хувь байсан бол 2012 онд 67 хувь болон өссөн байна. Түүнчлэн манай улсын экспортод гаргаж байгаа бараа бүтээгдхүүний 91,3 хувийг уул уурхайн салбарын бүтээгдхүүн эзэлж байгаа бөгөөд гол нэрийн бүтээгдхүүн болох төмрийн хүдрийн олборлолт тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа аж. Өнгөрсөн онд 5,2 сая тонн төмрийн хүдэр олборлосон байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. 2010 онд мянга 070 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол энэ тоо 2012 онд мянга 610 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ оны хувьд уул уурхайн салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээ 630 сая ам.доллар болж буурсан байна. Энэ оны хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү буурсан нь Оюутолгойн төсөлтэй холбоотой гэнэ. Гэхдээ 2013 оны хоёрдугаар улиралд газрын тос боловсруулах болон цахилгаан станцууд, баяжуулах үйлдвэрүүдийн ажил эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ аж.
Сүүлийн үед Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн хурал олны анхаарлын төвд байгаа. Хувь нийлүүлэгчдийн хурлыг өчигдөр болно гэж байсан боловч тус компанийн ТУЗ-ын хуралдаан болж байсан учраас хойшилсон байна. Одоогийн байдлаар Хувь нийлүүлэгчдийн хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм.
Уул уурхайн яамнаас өнгөрсөн хугацаанд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримт, Нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримт, Шатдаг занарын салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримтуудыг батлуулжээ. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийг УИХ-аар батлуулсан байна. Тус яам Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулах шатандаа хэлэлцүүлэгдэж байгаа аж.
Тус яам байгуулагдсанаас хойш Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өөрийн яамны бодлого чиглэл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр сайдын 58 тушаал, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 22, нийт 80 ажлын хэсэг салбар бүрт ажилласан байна. Ажлын хэсгүүдээс 36 нь үүрэгт ажлаа дуусгажээ.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, талбайн хэмжээ багассаар байна. Сүүлийн таван жилд хайгуулын тусгай зөвшөөрөл 4111-ээс 2239 болж буурсан үзүүлэлт гарчээ. Шатахуун экспортлогч орны тоог нэмэгдүүлэхийн тулд гуравдагч орнуудтай хангамжийн талаар ярилцаж, тодорхой үр дүнд хүрч байгаа гэнэ. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдхүүний үнэ зах зээлийн үнээс өндөр буюу өрсөлдөх чадвар сул байгаагаас сард нийлүүлэх шатахууны 50 орчим хувийг өөр эх үүсвэрээс нийлүүлж байгаа. Швейцари, БНСУ, БНХАУ-аас авч байгаа шатахууны үнэ Роснефть компанийхаас тонн нь 100-200 ам.доллараар хямд байгаа юм. Мөн Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг БНХАУ-ын компанитай гэрээ хийж, энэ сард авах 10 мянган тонн шатахууныг 150 доллароор хямд үнээр авах болжээ.
Н.Санжаасүрэн
URL: