Н.Батбаяр сайдын бардам зан нэг юм дуулгана шүү!

527-1363832250pictureМонголын Засгийн газар хэдэн сарын шатахууны нөөцтэй болсондоо их л додигор байгаа нь илт. Саяхан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монголд өнөөдөр шатахууны хомсдол байхгүй. Шатахуунаа тогтвортой хангахын тулд бид төрөөс импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгосон.

 

Үр дүнд нь манай шатахууны нөөц түүхэнд байгаагүй гурван сарын хэмжээнд хүрсэн. Бид ганц Оросоос шатахуунаа авдаг байсан үе өнгөрсөн. Гуравдагч орнуудтай ч нефть бүтээгдэхүүн импортлох талаар олон хэлэлцээр явагдаж байна.” гэв. Засгийн газрын гишүүн, сайд хүний амнаас ийм үг “унана” гэж санасангүй.

 

Бид гурван сарын нөөцтэй гэж хашгирч л байна. Гэтэл тэр гурван сарын нөөц чинь юу юм бэ? Юу ч биш. Тэгээд тэр нөөцөө бид хаанаас авлаа даа. ОХУ-аас, тодруулбал, “Роснефть”-ээс авсан. Өөрсдөө царай алдаж хэд хоногийн балга шатахуунтай болчихоод тэгж ярьж болох уу даа?

 

Ёстой “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг загнаж буй хэрэг. Энэхүү мэдэгдэлд ОХУ-ын Засгийн газар, “Роснефть” компанийн удирдлагууд тийм ч таатай байгаагүй нь лав. Тэд бидэнтэй адил тэнэг улс биш. Саяхан “Роснефть” компанийн захирлуудын зөвлөл хуралдаад Монголд өгөх шатахууныхаа нийлүүлэлтийг эрс багасган үнийг нь нэмж орхив.

 

Яагаад вэ? Биднийг ингэж “том” дуугардаг болохоор нь “чангалж” буй хэрэг. Нөгөөтэйгүүр Монголын нефть импортлогчид Засгийн газар, Төв банкнаасаа хэдэн тэрбум төгрөг авчихаад шатахуунаа нөөцөлж байна гэдгийг цаадуул чинь мэдээд нийлүүлэлтэй багасгасан нь илт. Нийлүүлэлт эрс багасна гэдэг бол манайд шатахууны эрэлт цаашдаа ихэснэ гэсэн үг юм.
Хаврын тариалалт хаяанд ирлээ, хаанаас түлш гуйх вэ?

Одоо удахгүй хаврын тариалалт эхэлнэ. Шинэ бүтээн байгуулалтын ажлууд ч ар араасаа хөвөрнө. Уул уурхайн ажлууд эрчимжинэ. Ингэхээр тэр гурван сарын нөөц чинь юу ч үгүй болно. Тэгэхээр Н.Батбаяр сайд минь хаанаас бензин хайж гүйнэ дээ. Япон, Солонгос лав өгөхгүй.

 

Хятад улс бол өөрсдийн дотоодын хэрэглээгээ яая гэж байгаа. Кувейт, Саудын Арабаас авья гэтэл далайн тээвэрлэлтийн зардал гэж аймшигтай. Тэгээд Хятадын далайн боомтоос дахиад нааш нь төмөр замаар тээвэрлэнэ. Тэгэхээр нөгөө шатахууны чинь өөрийн өртөг улам талийна.

 

Ингэхээр бид өнөөх л Орос “ах” нараасаа царай алдана. Өнгөрсөн оны аравдугаар сарын нэгнээс хойшхи хугацаанд “Роснефть” компани нефть бүтээгдэхүүнийхээ үнийг гурван ч удаа нэмсэн. Үүний цаана улс төрийн шалтгаан байсан нь илэрхий. Тодруулбал, хотын дарга Э.Бат-Үүлийг Лениний хөшөөг буулгалаа гэж тэр.

 

Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Самолейнко өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ “Ленин бол Монголд хамгийн их тусалсан хүн. Монголын Засгийн газрыг анх удаа хүлээн зөвшөөрсөн хун нь Ленин байсан. Хөшөөг буулгах үед надад тийм ч таатай байгаагүй. Их л гунигтай санагдсан.

 

Юутай ч Ленин бол өнгөрсөн зууны хамгийн том улстөрч байсан” хэмээв. Энэ бол улс төрөөр “түншиж” буй хэрэг юм. Монгол Улс хөгжиж, эдийн засгаа дээш нь татья гэж байгаа бол бид хойд, урд хөрштэйгээ эвтэй байж л урагшлана.

 

Түүнээс хэрэгтэй хэрэггүй үг хэл, мэдэгдэл бидэнд сайн юм авчрахгүй, Өнөөдөр Монгол Улсад хэнд ч ашиггүй мэдэгдэл, Лениний хөшөөнөөс илүү нефть бүтээгдэхүүн, газрын тос, төмөр зам, уул уурхайн үйлдвэр, цахилгаан станц чухал.

Монгол нефть экспортлогч орон мөн үү?

Мөн Н.Батбаяр сайд “Японы 700 сая ам.долларын санхүүжилтээр Дархан хотод жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэр барих хэлэлцээр явагдаж байна. Бид дотоодынхоо хэрэгцээг дотооддоо хангадаг болох зорилт тавьж байна. Манайх бол нефть экспортлогч орон.

 

Тиймээс экспортоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн түүхий нефтээ өгөөд оронд нь шатахуун авах гэрээ хэлэлцээ ч явж байна. Тиймээс шатахууны хомсдлын тухай асуудал байхгүй” хэмээн мэдэгдэв. Харин эрхэм сайдын хэлсэн энэ мэдэгдэл хэр оновчтой үг юм бол.

 

Миний бодлоор ойрын хэдэн жилдээ Монгол Улс шатахууны хомсдлоос гарахгүй. Учир нь Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Тээвэрлэлтийн зардал өндөр. Бид одоо Дарханд нефтье боловсруулах үйлдвэр барина л гэж байна. Гэхдээ энэ чинь хол байна. Хаа байгаа 2016 он бэ? Тэр болтол лай ч бий, зай ч байна.

 

Одоогоор тус үйлдвэрийн түүхий нефтийг Дорнодоос татна гэж байгаа. Гэтэл тэндээс хэр хэмжээний газрын тос гарах нь тодорхойгүй л байна. Тэр түүхий тосоо Дарханы үйлдвэрт авчрахын тулд дор хаяж 1200 км газар тээвэрлэнэ. Ингэхээр нефть бүтээгдэхүүний өөрийн өртөг өсөх нь лав.

Тэд биднээр дутахгүй

Нөгөөтэйгүүр нэг сая тонн түүхий нефтийг ОХУ-аас авна гэж байгаа. Гэтэл Оросын тал түүхий нефть гаргахыг хориглосон шийдвэр гаргачихвал яах вэ? Царханы нефтийн үйлдэр шууд л дампуурна. Иймд үйлдвэрээ хаана барихаа хүртэл сайн бодох хэрэгтэй юм.

 

Зарим эрдэмтэд түүхий нефтийнхээ орддоо дөхөм Сайншандад барих нь чухал гэцгээж байна. Магадгүй энэ нь хамгийн зөв гарц ч байж мэдэх юм. Цаашдаа Монгол Улс өөрийн нефтийн үйлдвэртэй боллоо ч ОХУ-аас нефть бүтээгдэхүүнийг ямар нэг хэмжээгээр авах нь гарцаагүй.

 

Үгүйдээ л түүхий нефть авна. Тиймээс ойрын хөрш ОХУ-тай найрсаг харилцаагаа өргөжүүлж хэл амаа ололцож явах нь бидэнд л өлзийтэй. Тэднийг царай алдахгүй хэмээн хоосон омогших хэрэггүй. Тэд биднээр хэзээ ч дутахгүй. Харин бид тэднээр дутна гэдгээ сайн ухамсралах нь чухал.

Ш.Батцогт

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих