Хэвлэл мэдээллийнхэн “хэлмэгдэж” эхлэв
Тэртээ социализмийн үед сэтгүүлч, СГЗ Г.Жамъяан гуай “Гавъяа” нэртэй найруулал бичиж уг найруулалдаа оросуудын жолоодож явсан машин автобус мөргөж олон хүн автобустайгаа шатаж үхэх аюул нүүрлээд байхад амийг нь аварсан ч гавъяа шагналгүй үлдсэн хүүгийн тухай бичээд ах дүү найрамдалт улсын хооронд цав суулгалаа хэмээн хэлмэгдэж модны үйлдвэрт цөлөгдөн, хавчигдаж явсан гэдэг.
Бас Ю.Цэдэнбал гуайн нэрийг алдаж бичээд ажилаасаа донгодуулсан сэтгүүлчийн тухай хошин ч гэмээр яриа байдаг. Үүнээс өөрөөр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанууд хэлмэгдэж, хавчигдаж явсан түүх сонсоогүй билээ. Тэгвэл эдүгээ Ардчилсан төр засгийн үед есөн ч кабелийн телевизийг төрийн төмөр нүүр харуулан хааж 300 гаруй сэтгүүлч ажлын байраа алдав.
Тэдний ихэнх нь цалингийн зээлтэй байсан гэнэ лээ, хөөрхийс. Цаг наргүй ажиллада, гэр оронгүй юм шиг хэдэн сэтгүүлч яана даа. Сэтгүүлчид голцуу бүсгүйчүүд байх. Зайлуул нөхөрт ч гараагүй, хүүхэд ч гаргаагүй мөртөлөө гуч гарчихсан ажил дээрээ шөнө дөл болтол гуниггүйхэн суух нь бий. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг ийнхүү хоморголон хаасан явдалыг Шинэчлэлийн Засгийн газрын нэг “хар толбо” гэлтэй.
Шонхор суваг телевизийн захирал Л.Мөнхбаясгалангийн ярилцлагыг уншаад хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг байгуулах гэж эмэгтэй хүний нуруунд ахадсан ачаа үүрч явж дээ, хөөрхий гэж өөрийн эрхгүй бодсоноо нуух юун. Бас хэвлэл мэдээллийнхэнээс тэрбумтан төрөхгүй л бол чөлөөт хэвлэл хөгжихгүй гэснийг нь уншаад үнэний хувьтайг ойлгов.
Ерөнхий сайдын зөвлөх, нэртэй сумоч хөрөнгөтөн хүн жирийн нэг сэтгүүлч бүсгүйд өөрийн байгуулсан хямдхан телевизээ хэдэн арав дахин өндөр үнээр зарчихсан. Гэтэл ерөнхий сайд, түүүний тэргүүлдэг Засгийн газар, удирддаг агентлаг нь телевизийг хаах шийдвэр гаргаад сууж байдаг. Тэгэхээр телевизийн салбар үнэхээр ирээдүйтэй их мөнгөний бизнес бололтой.
Телевизийн салбар нэгэнт томчуудад их мөнгө болж харагдаад эхэлсэн болохоор цаашид олон ч сэтгүүлч хэлмэгдэж, ажлын байрнаасаа салах байх даа. Үнэхээр ч нэг жижигхэн телевизийн хөрөнгө гэхэд л хэдэн арван тэрбумаар яригддаг бололтой.
ЦАГ МН
URL: