Үлэг гүрвэлүүдийг үүх түүхтэй нь хамт хийчих ээ…
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл сайд хуучнаар Лениний музейг үлэг гүрвэлийн музей болгох шийдвэрийг гаргаад байгаа билээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэц Лениний музейг МАН-ынх гэж батлаад байгаа юм. Үүнээс үүдэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, МАН-ын хоёрын хооронд тун ч их хэрүүл болж байна. Ц.Оюунгэрэл сайдаа Лениний музейг МАН-д үлдээчих ээ. Гэхдээ шууд өгчихөж болохгүй. Нэг нөхцөлтэйгээр өгөх хэрэгтэй. Хэрэв Лениний музейг МАН авсан тохиолдолд үлэг гүрвэлийн үзмэрийн хамтаар өөрсдийн 90 жилийн үүх түүхийг харуулсан үзмэрийн танхим нээх нөхцөлтэйгээр өгчихөж болохгүй гэж үү. Ц.Оюунгэрэл сайд энэ мэтийн гүйлгээ ухаан суугаагүй улстөрч биш юмсан. Гэтэл иймхэн асуудлыг ингээд шийдчихэж чадахгүй юм. Нэг нь байгалийн хувьд урт настай үлэг гүрвэл нөгөө нь улс төрийн хувьд урт настай “үлэг гүрвэл” учраас түүх нь ойролцоо юм. Ингээд энэ хоёр түүхийн хуудсыг нэг газар байрлуулчихвал хүмүүсийн үзэж харах нь ч их байх шүү. Үлэг гүрвэлийн талаар үзэж дуусаад дараагийн танхим руу орход МАН-ын түүхэн замналыг харуулсан үзмэр байвал тайлбарлагч нь “Манай улсын ууган нам” хэмээн бахархалтай хэлж болох юм. МАН-ын түүхийг босголцож байсан Бодоо, Данзангийн зургийг тавьж байгаад бахархах түүхээ ярьж болох юм. Хоёр үлэг гүрвэл нэг дор яг цав тохирох нь тэр дээ. Бас болоогүй ээ, дэлхийн хамгийн сонирхолтой хос үзвэртэй музей ч болох юм билүү. Үүнийг дагаад манай улсыг зорих жуулчдын тоо ч нэмэгдэнэ. Ингэж чадвал МАН, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтдаа хэ-рэг зоригоо бүтээж чадах нь. Иймхэн зүйлийн учрыг олчихож чадахгүй “манайх, танайх” гэж хэрэлдэх юу байна аа. Хэрэв энэ асуудлыг ингээд зохицуулж чадах юм бол. Өнгөрсөн цагийн өнгө төрхийг тодорхойлогч хуучны хосгүй бүтээлүүдийг хамтад нь үзэх боломж монголчуудын өмнө нээгдэж байгаа бололтой. Олон сар жил дуулиан шуугиан болсон Тринозавр Батаарыг олон жилийн түүхтэй МАН-тай хамт харах бололтой. Олны нүдийг хужирласан сайхан үзмэртэй болох нь дээ.
Э.Баясгалан
URL: