Монголын өрсөлдөгчид хаана явна вэ
Нүүрсний томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд оржээ. Индонез, Мозамбек зэрэг манайх-тай төстэй, дэд бүтэц олигтой хөгжөөгүй ч нөөц ихтэй орнууд нүүрсээ экспортолж эхэлсэн байна. Тэр ч бүү хэл Оросын зүүн Сибирь дэх нүүрсний том орд ашиглалтад орчихоод байгаа. Хэдийгээр нүүрсний үнэ буурч, эрэлт нь суларч байгаа гэх боловч Монголын өрсөлдөгчид байр сууриа бэхжүүлсээр байна.
Мозамбек бол хамгийн ядуу орнуудын нэг. Гэхдээ нүүрс, байгалийн хийн асар их нөөцтэй. Түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээс хойш тус улсын эдийн засаг хурдацтай өссөн юм. Бразилийн “Vale” Мозамбекийн нүүрсний уурхайд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж, хэдийнэ ажлаа эхэлжээ. Одоогийн байдлаар тус компани жилд 26 сая тонн нүүрс олборлож, баяжуулах боломжтой том үйлдвэрээ барьж эхэлсэн байна. Түүнчлэн өдийг хүртэлх хугацаанд Мозамбекийн нүүрсний салбарт 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байгаа аж. Үүнийхээ хариуд энэ онд л гэхэд Азийн зах зээл рүү 11 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байсан “Vale” ямартай ч эндэх төслүүдээ орхиж, Африкийг ийнхүү зорьсон байна. “Vale”-гаас гадна “Рио Тинто” Мозамбекийн хойд бүс нутаг дахь томоохон ордыг эзэмшиж, хамгийн том нүүрс экспортлогч нь болжээ. Мөн Австралийн “Риверсдале” нүүрсний хоёр төсөл хэрэгжүүлж, жилд 20 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн байна.
Тус улсын хувьд нүүрснээс гадна зөвхөн байгалийн хийн салбарт нь 70 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тиймээс дотоодын нийт бүтээгдэхүүн нь хурдацтай өсч байгаа юм. Улсын төсөвт нь зээл тусламжийн ачаар таван тэрбум ам.долларын хөрөнгө нэмэгддэг Мозамбек одоо уул уурхайн салбараас олох орлогоороо хөлжиж байгаа мэт харагдах болж. Гэвч олон сая ядуусынх нь тоо буурсангүй. Дэлхийн банкны судалгаагаар тус улсын ядуу иргэдийн тоо байгалийн баялаггүй бусад орныхтой харьцуулахад бараг буураагүй шахам байгаа аж. Гэхдээ ирэх таван жилд жил бүр 40 сая тонн нүүрс, дараа нь бүр 100 сая тонныг экспортлохоор төлөвлөлжээ. Харин дэд бүтэц нь олигтой хөгжөөгүй учир тээвэрлэхэд төвөгтэй байгаа гэнэ. Одоогоор манайхтай адил төмөр зам барих асуудал ид яригдаж байгаа. Уул уурхайн шинэ хуулийн төсөл нь хэлэлцэгдэж эхэлсэн. Ерөнхийдөө бол цахилгаан станц байгуулж, хэрэглээгээ хангахын зэрэгцээ Энэтхэг, Хятад руу экспортлохыг гол болгож байгаа аж.
Монголтой адилхан дэд бүтэц муутай гэгдэж байсан Индонезийн нүүрсний экспорт хурдтай өсч байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Нүүрс олборлолтын ассоциациас гаргасан мэдэгдэлд дурьдсанаар бол энэ онд 330 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 6.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Индонезийн уул уурхайн салбарын орлого нь 93 тэрбум ам.доллар болсон бөгөөд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 12 хувьтай тэнцэж байна. Тус улсын эрх баригчид чанар муутай нүүрсний худалдаанд тавьсан хоригоо саяхан цуцалсан. Түүнээс хойш ийнхүү экспорт нь огцом өссөн аж. Тонн тутам нь 80 орчим ам.доллараар үнэлэгдэж байгаа Индонезийн нүүрс Хятадын зах зээлийн хэрэглээг хангаж байгаа гол бүтээгдэхүүн болжээ. Ямартай ч тус улсын дотоодын хэрэглээ бага учраас нүүрсний экспорт нь нэмэгдсээр байна.
Оросын хувьд нүүрсний нөөц ихтэй. Үндсэн нөөц нь 193.3 тэрбум тонн, таамаглалт нөөц нь 3816.7 миллиард тонн. Гэхдээ тус улсын хувьд тээвэрлэлтийн зардал өндөр байдаг учраас нүүрс гэхээс илүүтэйгээр байгалийн хийгээ түлхүү экспортлох сонирхолтой байдаг. Өмнө нь Хятадын Засгийн газраас зургаан тэрбум ам.долларын зээл авчихаад хариуд нь ойрын 25 жилийн хугацаанд 15 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж байсан юм. Одоогийн байдлаар нүүрсний нөөц хамгийн их илрээд байгаа бүс нутаг нь Сахалин, Республика Тива, зүүн Сибирь. Евраз групп, “Мечел майнин”, Северталь ресурс зэрэг компани дээрх бүс нутгуудаас нүүрс олборлож байгаа аж. Гэхдээ дэд бүтцийн асуудал шийдэж чадахгүй байгаагаас болж төдийлөн ашигтай байж чадахгүй байгаа бололтой. Оросын нийт төмөр замын 70 орчим хувь нь элэгдэлтэй болсон. Тиймээс тухайлбал, “Мечел майнин” компани л гэхэд зүүн Сибирийн уурхайгаас нүүрс олборлохын тулд 1.2 тэрбум ам.доллараар 324 километр төмөр зам барьсан байна. Ямартай ч Оросын Эрчим хүчний яам нүүрсний салбараа хөгжүүлэхийн тулд 2030 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулж, үүнд 251.8 их наяд рубль зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөрт нь Тувагаас зүүн тийш барьж буй төмөр зам, Кызыль-Курагыний төмөр замын ажил багтаж байгаа аж. Мөн тусгай боловсруулах үйлдвэрүүд байгуулах бололтой. Өөрөөр хэлбэл, хойд хөршийн хувьд одоо зөвхөн газрын тос, байгалийн хийн салбарт анхаарахаа больж, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх бодлого баримталж эхэлжээ.
Т.Элиса
URL: